Friday, July 1, 2011

Тахианы вант улс-2

Байр
Тахианы байр нь өөрөөс нь хэт өндөр жишээ нь хүний өндөрт тааруулсан байж болохгүй. Намхан тэгээд бас төөрдөг байшин, тоглоомын талбай шиг байвал тахиандаа их тааламжтай байдаг юм. Манай тахианууд байраа ерөнхийд нь хоолны өрөө, унтдаг өндөглөдөг өрөө, тоглодог өрөө гээд хуваачихсан байсан. Тоглодог өрөөнд нь дээд давхар луугаа гардаг шат мат байдаг юм. Дүү бид хоёрт манай тахианы байр нэг их гоё том хүүхэлдэйн байшин шиг санагддаг байж билээ.
Тахиаг шинэ байранд оруулаад хэрвээ тэр нь таалагдахгүй байвал өндөглөлт нь эрс мууддаг. Тийм болохоор байрных нь тав тух их чухал. Ханхай том байранд дургүй байдаг. Бас хооллох газар унтдаг газар хоёр нь тусдаа байх ёстой. Унтдаг газраа тэгэж их завааруулахгүй, барагтай бол тэндээ баадаггүй.Байр нь хэт халуун бол амархан маажууртаж хамуурдаг. Тиймээс үнсэн эсвэл элс юмуу шороон ванн хийж өгч байх хэрэгтэй. Тахиа ийм элс үнсэнд хөрвөөж өд сөдөн завсарх шимэгчээсээ салдаг. Манай тахианууд үнсэнд хөрвөөхөөс гадна үхрийн байр луу ороод бууцан дунд л хэвтэж байдаг байж билээ. Хамаг өд сөдөө сэгсийлгэж байгаад биеэрээ дүүрэн бууц шороо бүрхчихнэ. Хааяа үхрийн байр луу орохоор наран шарлагийн газар санаанд ордогсон. Дүүрэн тахиа энд тэндгүй наранд биеэ шараад хэвтэж байгаа аятай л жигтэйхэн тав тухтай хэвтэцгээж байна. Эрүүл тахианы өд сөд нь жигтэйхэн өнгөлөг ямар ч хир толбогүй цэв цэвэрхэн байдаг. Харин жаахан өвчтэй эсвэл сульдаатай бол шууд л өд сөд нь халтартаад энд тэндээ толбо суучихсан юм шиг эсвэл хиртэй хувцас өмсчихсөн юм шиг харагддаг.
Өндөглөлт
Леггорн үүлдрийн тахиа бол өнжөөд нэг өндөглөдөг. Ер нь ихэнх тахиа тийм. Сүүлд нэг мэдээгээр өдөр бүр өндөглөдөг үүлдэр гаргаж авсан гэж ярьж байсан хаана ч билээ. Тахиа 10 сартайгаасаа эсвэл нэг нас хүрээд өндөглөж эхэлдэг. Хамгийн анхны өндөг нь маш жижигхэн яг болжмор ч юмуу жижигхэн шувууны өндөг шиг байдаг. Манай тахианууд нас биед хүрээд өндөглөөд эхэллээ гэж дуулаад би давхиад очсон чинь өндөгний сеткэн сав дүүрэн жижигхээн жижигхэн өндөг биш бөөрөнхий чулуу шиг юмнууд. Би гайхсандаа “Ааваа манайх ямар сонин өндөг гаргадаг тахиатай болчихсон юм бэ?” гэж билээ. Тэгээд дараагийн өндөглөлтөөсөө томорсоор томорсоор сарын дараа гэхэд хэвийн хэмжээндээ хүрнэ. Тахиа сайн тэжээвэл ид өндөглөх насандаа буюу 1-3 насандаа өнжөөд нэг заримдаа ховор тохиолдолд өдөр бүр өндөглөсөөр нийтдээ нэг жил гаран идэвхитэй сайн өндөглөнө. Тэгээд аажимдаа өндөглөх нь цөөрсөөр 3 наснаасаа цэвэрших буюу огт өндөглөхөө больж хөгширнө. Манай их хатан буюу Томоо маань ёстой үүнийг үзүүлсэн дээ. Сүүлдээ бүр хөгшрөөд ааш муутай хөгшин авгай болсон. Хажиг гэж жигтэйхэн, Шоотог /бага хатан/ азарга хоёроос бусад тахиа шувуу хэлбэртэй хэнийг ч үзэхгүй. Бүр хашаан дотор суусан болжмор луу уурлаад байгаа юм чинь.
Шохойн чулуу эсвэл шохой заавал өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол яваандаа тахиа тэр их өндөгний хальсыг үйлдвэрлэсээр байгаад бие нь бүр кальцигүй болоод сүүлдээ хальсгүй өндөг гаргадаг. Нэг удаа би өндөгнүүдээ түүж байтал нэг зөв зөөлхөн өндөг бариад авлаа. Гайхаад харсан чинь яах аргагүй өндөг. Тэгсэн мөртлөө зөөлхөн, гялгар уутанд хийчихсэн юм шиг. Арай л нэвт гэрэлтэхгүй цагаан зузаан хальстай өндөг байлаа. Аав руу гүйж очоод хэлсэн чинь аав шохой дутагдахаар ингэдэг юм гээд явж барилгын хөөсөн шохойн блок авчирч нунтаглаж тавьсан. Тэрнээс хойш дахиж тийм өндөг гараагүй.
Өндөглөдөг байр нь харанхуй тусгаарлагдмал бас маш тав тухтай, голдоо хонхорхойтой байх ёстой. Тахиа өндөглөчихөөд хэсэг хугацаанд өндөгөө дарж суудаг. Тэгээд тайвшрахаараа гараад явдаг юм. Гарсан ч тайвширч чадаагүй нь орилоод байдаг гэж би дээр хэлсэн. Яг тэгээд сууж байхад нь доогуур нь гараа хийгээд өндөгийг нь авах гэхээр зарим тахиа тоншоод байдаг. Дөнгөж гарсан өндөг бүлээхэн бас гадуураа нойтон байна. Хэдхэн секундын дараа хатчихна. Өндөглөх гээд гүйгээд иртэл бүх өндөглөдөг байр эзэнтэй байвал бас орилоод унадаг юм. Тиймээс байр хангалттай байх ёстой. Манайх чинь 6 үүртэй байсан байхаа. Их амархан, модоор дөрвөлжин хайрцаг шиг араам хийгээд аль нэг харанхуй буланд байрлуулаад дээгүүр нь бас 3 талаар нь таар шуудай эвдэж дөрвөлжлөөд хөшиг шиг унжуулаад дотор нь өвсөөр хонхойлоод үүр хийчихнэ. Өндөглөдөг байранд өндөгтэй байсан ч дээр нь суугаад өндөглөчихөөд гараад явчихдаг юм. Тийм болохоор ийш тийшээ явж ирчихээд орой өндөгөө түүхэд нэг үүрнээс 4-6 өндөг хураагаад ээж “Өндөгөөр баачихаж” гэдэг байж билээ.
Хоол тэжээл
Үндсэн хоолноос гадна шил чулуу яс шохойг нэмэлт тэжээл болгож өгдөг гэж хэлсэн. Ерөнхийдөө тахиа бол махчин тал руугаа холимог идэштэн. Яг баавгай хүн хоёр шиг. Ногоо будаа үр жимс дуртай иднэ, гэхдээ махан хоолонд нугасгүй. Хааяа будаанд нь цувдай махны өвдөл сөвдөл чанаж өгнө. Нэг удаа манай нэг тахиа алга болчоод болдоггүй. Дуудаад байсан чинь өө нөгөө муу тахиа чинь харин 00-с үсрээд гараад ирдэг байна шд. 00-ын цагаан өт идэж идэж байгаад гарч ирж байгаа юм байна л даа. Паа бид айж нар зугтаагаад, бид нараас айсан өнөө тахиа зугтаагаад, аав том шуудай барьж хөөгөөд. Тэгэж тэгэж аав нэг юм бариад шуудайд хийгээд авч явж учрыг нь олоод нохойн хоолонд чанаад өгчихсөн гэсэн. Уураг дутагдахаар ингэж байгаа байх гээд тэрнээс хойш махтай будаа чанаж өгдөг болсон. Бас 00-оо маш сайн таглаж хаадаг болгосон.
Тахианд ер нь идэхгүй юм байхгүй дээ. Тэр үед одооных шиг зориулалтын тэжээл гэж байдаггүй байлаа. Аав маань л есөн шидийн юмаар тордож тэжээдэг байж билээ. Нэг нүдүүр том бахь хоёртой. Нүдүүрэндээ шил чулуу шохой эд нарыг нь нунтаглаж өгнө. Бахиараа ясыг тас тас хавчаад жижиглэж өгнө. Аавыг бахиа бариад том бээлийгээ өмсөөд гараад ирэнгүүт тахианууд маань араас нь жооргоноод л гүйлдчихнэ.
Дасан зохицол
Манайх тахиатай болохоор манай нохой үхэр эд нар тахиандаа дасчихсан. Нохой маань өдөрт унтах гэхээр хэдэн саваагүй эм тахианууд нь очоод л, элдэв юмыг нь тоншиж үзээд л, үүрэнд нь нэг ороод л нэг гараад л, ам хамраас нь юм тоншиж ч үзээд ер тайван унтуулахгүй болохоор хөөрхий муу нохой маань сүүлдээ тэсэхээ байгаад босоод байшингийн ардуур орж унтдагсан. Харин тахианууд маань нялх залуу гэнэн байхдаа нохойг хоолоо идэж байхад нь хоол руу нь гүйж очиж саваагүйтээд хар хур гэж архируулснаас хойш дахиж хэзээ ч тийм тэнэг үйлдэл хийгээгүй. Энэ амьтныг хоолоо идэж байхад нь хичнээн сониуч зан хөдөлж байсан тэсээд л байж байя зүгээр гэж боддог болсон юм шиг байгаа. Тахиа гэдэг амьтан аймаар сониуч саваагүй юм болгон руу оролцож байдаг зантай. Хашаанд нэг шинэ юм /жишээ нь усны тэрэг ч юмуу, шинэ берзентэн бүтээлэг ч юмуу/ авчраад тавьчихвал бүгд сонирхоод бага багаар ойртоод л тойрч бүчээд хамгийн эхний саваагүй нь хүрч тоншиж үзэнгүүт бусад нь дуурайгаад л тэгснээ хэсэг хугацааны дараа бүгд янз бүрээр ашиглачихсан дээр нь гараад суучихсан ,доогуур нь ороод хэвтчихсэн ч юмуу байж байна. Тэгэхээр нь дүү бид хоёр очоод “Алив холдоцгоо, та нарт өгсөн юм юмуу ямар?” гээд дэрхийтэл нь үргээгээд тэргээ хураагаад авчихна.  
Эзнээ маш сайн танина. Ялангуяа гар дээрээс юм идүүлээд сургачихсан бол ёстой андахгүй, гэрээс гараад ирэнгүүт жооргоноод гүйгээд ирнэ. За “гүг гүг” гээд хоол өгөх гээд дуудвал бүгд хуйларна. Гадны хүнээс айна, дөлнө, хичнээн дуудсан ч ирэхгүй. Азарган тахиа их зэвүүн. Тонших гэхээрээ хаа холоос шууд гүйж ирж дайрахгүй, юм тоншиж байгаа болоод дөхөөд байна. Толгойныхоо хоёр талаар үе үе хараад л дөхөөд байна. Дөхөж дөхөж байгаад нэг юмуу хоёр метрийн зайнд ирэнгүүтээ аймаар дайрна даа. Үсэрч ирээд хоёр хөлөөрөө базаад дээрээс нь нэмээд хошуугаараа тоншиж байгаа юм. Ганц дайраад болихгүй шд. Зугтаж гэр лүү гүйж орох юмуу аав ирж хөөтөл дайраад л байгаа юм чинь. Хэрвээ тийм юм байхгүй бол үхтлээ үзэлцэх юм шиг байгаа юм, манай азарган тахиа. Том хүн бол их цочдог юм билээ. Харин хүүхэд байсан дүү бид хоёрт бол ёстой мангас мангас. Азаргыг хашаанд гаргачихаар дүү бид хоёр гарч чадахгүй гэрт хоригдож байгаа юм л даа. Манай тахиа л тийм байсан юмуу дахиж би хэзээ ч дайрдаг азарган тахиа үзээгүй шүү амьдралдаа. Саяхан хөдөө явж байгаад тахиатай айлаар ороод рефлексээрээ “Азаргаа хашиж байгаарай, дайрах вий” гэсэн чинь эзэд нь “Азарган тахиа тэгэж хүн рүү дайрдаг юмуу?” гээд жигтэйхэн гайхаад байсан.
Сүүлд азарга маань аймаар хөгшрөөд бид нар шинэ азарга авчирч тавьсан юм. Тэр нь их залуухан жижиг биетэй байсан. Эхэндээ өнөө хөгшин хуучин азаргандаа их дээрэлхүүлдэг байнга зодолдоод ялагддаг байлаа. Тэгээд өөрийн гэсэн хэдхээн цөөхөн эмэгчин тахиатай. Тэгсэн удалгүй хэдхэн сарын дараа зодолдоод дийлдэг болж бүх эм тахиагаа хураагаад авчихсан. Манай хуучин азарга их бага хоёр хатантайгаа л үлдсэн. Тэр шинэ азарга их сайхан зантай, хүн рүү дайрдаггүй. Бүр хуучин азаргыг дүү бид хоёр луу дайрах гэхээр гүйж ирээд хашаад зогсчихдог байж билээ. Яг хүн шиг. Тэгээд дайруулахгүй шүү. Нөгөөх нь залуу азарганы цаанаас дүү бид хоёр луу нээх муухай хараад л, ууртай үглээд л, уурандаа багтаж ядаад байгаа байдалтай түнтэгнээд байгаа юм. Дүү бид хоёр шинэ хамгаалагчтай болчихсон хашаан дотуураа маадгар яваад л. 

4 comments:

Anonymous said...

sonirxoltoimaaa.BIG LIKE

Anonymous said...

sainuu minii blog deer bichsen setgegdeliin hariug bichlee shuu!
recovery my files geed program-aa tataj avaad serial key ntr-g ni hiigeed tegeheer ug ni utasnii chin partish gehiimuudaa ter ni haragdah yostoidoo uug ni bi yu ch gsn sain sudlaadhii bi neg udaa ug ni utasnaasaa heden zurag sergeej baisan yum bas memory-noos

Cаарал said...

Бас сонирхолтой ертөнц байдаг юм байна. Өвөл даардаг байх даа.

Anonymous said...

haha ineen baij wow gej duu aldan baij unshij duusgalaa. ih sonirholtoi yumaa. bi bol bagiin hunees busad amitnaas aidag tuulain zurhtei. jijighen degdeeheind ch aigaad hurch chaddaggui baisan yaag heveeree.