Friday, April 5, 2019

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 1

Бичиж үлдээхгүй бол мартчих гээд байна. Өнгөрсөн намар Солонгос явж нүдэндээ лазер хийлгэж нүдний шил зүүхээ болилоо. Сэтгэл ханамж хэдэн зуун хувь, эртхэн хийлгэхгүй яав даа гэж бодов. 
За энэ шийдвэрийг тийм удаан бодож гаргаагүй юмаа, бараг гэнэт шийдсэн гэхэд болно. Ээлжийн амралтаа аваад нэг гадагшаа явъя гэж бодоод хаашаа явах вэ гэж байснаа ойрд солонгос яваагүй, тэнд бас нэг хэдэн ах дүү нар байгаа очъё, бас нөхрийн солонгос найзын ятгалгаар нүдээ нэг үзүүлээдхэе гэж бодлоо. Зүгээр үзүүлье гэж бодсоноос яг лазер хийлгэнэ гэж ч үнэндээ бодоогүй юм. 
Онгоцны билетээ тулгаж захиалснаас болоод хөнгөлөлттэй билет олдохгүй 4 хүний ирж буцах билет бас аюулын үнэтэй болоод болдоггүй. Бас хажуугаар нь визний материалаа бүрдүүлж өгсөн чинь ачаалал ихтэй байгаа тул ердийн гардаг хугацаанаасаа дахиад 2 долоо хоногийн дараа гарна гээд хямраав. Би чинь яг цаг нартай ажилтай, амралтаа урагшлуулж хойшлуулах илүүдүүлж дутуудуулах ямар ч боломжгүй болохоор бүх явах суух эргэж ирээд ажилдаа орох, ороод хийх юмнуудаа яг таг төлөвлөчихсөн байдаг юун тэгэж дахиж 2 долоо хоног сунгаж хойшлуулах боломж байх вэ дээ. 
За тэгээд байж байсан чинь гэнэт утас дуугараад билетийн касснаас хөнгөлөлттэй гэр бүлийн билет оллоо гэхдээ маш хатуу нөхцөлтэй буцааж болохгүй, өөрчилж болохгүй  тэгвэл асар өндөр торгуультай гэнээ. Өө авъя авъя, яг тэр өдөр судраараа бичээд гаргачих гэнгүүтээ Солонгосын ЭСЯ руу гүйлээ. Дүрэм журмаараа явж байгаа албан газрын ажлыг урагшлуулж баахан орилж хашгирч уйлж дуулсанд одоо тэндээс миний бичсэнийг уншиж байгаа хүн байвал уучлаарай. Гэхдээ маш их баярласан шүү. Бидний паспортыг орой нь гаргаад өгчихсөн (7 хоногийн дотор гэсэн үг). Тэгээд л юмаа баглаж аваад маргааш үүрээр нь нисчихсэн. Очсон чинь аймаар халуун, бүх юм тод өнгөтэй, нүдний шилээ арччихсан юм шиг санагдаад. Хоол унд хүртэл амттай шимттэй гэж жигтэйхэн, дэлгүүр хоршооны бараа таваар нь наашаа ороод ир наашаа ороод ир гэж дуудаад. За тэр яах вэ, гол яриандаа оръё. 
Би эндээс явахын өмнө нэг нүдний эмнэлэг олсон байсан юм нэтээр. Тэгээд тэр эмнэлэг рүүгээ явахын урьд өдрөө имэйл бичээд нөгөөдрийн өглөө үзүүлэх цаг авчихсан байсан юм. За тэгээд өдөр нь очоод онгоцны буудлаас очих газар хүртэл явсаар байгаад орой боллоо. Маргааш өглөө нь нөгөө эмнэлгийн хаягаа бариад гараад такси бариад яваад очсон чинь яг Ганнам дүүрэгт өндөр хар шилэн байшингийн арван хэдэн давхарт байдаг юм даа. За одоо яахав дүүрсэн дүүрсэн, хагалгаа нь үнэтэй бол зүгээр үзүүлчихээд л гаръя гэж бодоод нөхрийг дагуулаад орж явчихлаа. 
Үйлчилгээ гэж зүгээр тасарчихжээ. Ресепшн дээр нь очсон нахилзаж бөхөлзсөн хөөрхөн охидууд нээх нялуун хоолойгоор англиар яриад л "Өө үзүүлэх цаг авсан юмаа" гэсэн чинь цаанаасаа өөр нэг охин дуудаад тэр нь нөхрийг бүрэн үйлчилгээтэй кофе шоп шиг мухарт аваачиж диван дээр тв үзүүлж суулгачихаад намайг дагуулаад л тувт англиар яриад л баахан тоног төхөөрөмжтэй том зааланд дагуулж орлоо. За ёстой бараг арван таван янзын төхөөрөмж дээр миний нүдийг шалгасан байхаа. Тийм олон янзын юмаар ганцхан нүдийг хэдэн янз зүйл үзүүлэлтээр нь шинжлээд ч байгаан. За тэгээд эцэст нь намайг нэг гоё хаалгатай эмчийн өрөөнийхөө (нийт 4 эмчийн өрөө байна лээ) үүдэнд орхиод явчихлаа. Тэгсэн дотроос нь өөр сувилагч гарч ирээд намайг дуудаад орсон чинь нэг эрэгтэй эмч байна, тийм сайн биш ч гэсэн санаагаа ойлгуулах дайны англиар ярьдаг. Миний бүх шинжилгээний хариу тэр эмч дээр оччихжээ. Тэгээд тайлбарлаж байна. 
"Хүний нүд даралтгүй, цилиндр хугарал багатай, холын хараа муудалт буюу зөвхөн myopia-тай, тэгээд хамгийн гол нь нүдний эвэрлэг бүрхүүл 5микрометрээс зузаан бол LASEK гэдэг хагалгаа хийнэ. Тэр нь эвэрлэг бүрхүүлийг зүсч нээж байгаад лазердчихаад буцаагаад хаадаг. Эдгэрэлт хурдан, ганцхан хоногийн дотор л эдгэчихдэг, зовиур багатай. 
Харин нүдний эвэрлэг бүрхүүл нимгэн буюу 5 микром-ээс бага бол өөр ямар нэг даралт, цилиндр гэх мэт харшлах үзүүлэлт байхгүй бол LASIK гэдэг хагалгаа хийдэг юм байна. Энэ нь нүдний эвэрлэг бүрхүүлийн дээд талаас нь хусч хаяад (ингэхээр чинь бүүр нимгэхэн болчихож байгаа биз дээ) лазердаж харааг нь сайжруулчихаад дахиад өөр лазераар нүдний торлог бүрхүүлийн хэрээслэсэн холбоос дээр гагнаж бөхөлж өгдөг. Өөрөөр хэлбэл 2 лазер хийнэ гэсэн үг. 
За тэгсэн миний нүдний эвэрлэг бүрхүүл (cornea) их нимгэхэн 5 мкм-ээс бага болж таарав. Эмч нь надад сүүлийн 2-р лазераас өөр ямар ч сонголт байхгүйг тайлбарлаж өглөө. Ингээд за за ямар ч байсан LASEK биш LASIK гэдэг зүйл хийлгэх юм байна, энэ нь арай хүндэвтэр хагалгаа юм байна гэдгээ ойлгоод эмчийн өрөөнөөс гарлаа. Ингээд нөгөө үзлэг хийгээд дагуулаад яваад байсан охинд намайг өгчихлөө. Өнөөх нь өөрийнхөө өрөөнд дагуулж ороод тавигдах шаардлагууд, үнэ ханш зэргээ тайлбарлаж гарлаа. Өө бурхан минь, ердийн лазер хагалгаанаасаа 2 дахин үнэтэй юм байна 3 сая вон гэнээ. 
Би аан за гэчихээд нөхрөө дагуулаад өрөөнөөс гараад үүдний лобби хэсэг дээр очиж диван дээр суугаад "за яах уу, 3 сая вон чинь 6 сая төгрөг шдээ болих уу гэсэн чинь манай хүн "Юу яриад байгаан, нэгэнт зорьж ирчихээд хийлгэ, монголоос хадгаламжаас мөнгөө тат" гэв. Тэгээд хоёулаа буцаж нөгөө охин руугаа ороод за за хийлгэе, хэзээ ирэх вэ гэсэн чинь та нар гадаадаас ирсэн удаж болохгүй тийм болохоор би хурдан цаг аваад өгье та хоёр хүлээж бай гээд гарч яваад буцаж ирээд эмчтэйгээ ярилаа, маргааш өглөө оруулаад өгье гэж байна гэв. Өө бид хоёр тэгье тэгье маргааш өглөө 9 цагт уулзая гээд цаг товлоод эмнэлгээс гарцгаалаа. 

3 comments:

sanaser said...

Sain uu Nogoohon, ene emnelgiin hayag-g medej boloh uu? website, contact etc?

Nogoohon said...

Hi. Dream Eye Center in Seoul.
http://www.hellolasik.com/dream/

tungaamnh said...

Ёстой хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа. Би таны нэг бичиж байсныг огт мартдаггүй шдээ. Нэг танил чинь билүү дээ, хийлгэж гарч ирээд Богд уулын модод нэг нэгээрээ ялгарч харагдсан гэж ярьсан гээд олон жилийн өмнө бичиж байсан даа. Үе үе хийлгэчихмээр санагддаг хирнээ яг тохироо бүрдэлгүй өнөөдрийг хүрлээ. Сүүлийн нэг жил бүр мэдэгдэхүйц нүдний шилэндээ түүртээд, дургүй байдаг болсон. Германд нэг нүд 2500 евроноос эхлэнэ гэсэн. Хараа нь хэр өндөр байгаа нь хамаардаг юм болов уу?