Thursday, November 28, 2013

Ueno-гийн амьтны хүрээлэн

Өнгөрсөн жил Ueno руу 2 хүүхэдтэй явж амьтны хүрээлэн үзсэн юм. Тэр тухай блогтоо оруулсан гэж бодож явсан чинь үгүй юм байна. Одоо оруулчихая. Сайхан дурсамж сэргээд.

Үнэн жаргалтай амьтад

Ажлын байрны талаар

Дотоодын компаниудад менежмент гэдэг зүйл бараг л байхгүй байна шүү дээ. Зохион байгуулалт муу, том захирал нь бүх юманд нь оролцоно, хэл ам ихтэй, ах дүү нарын бөөгнөрөл, хүнийг яг чадвараар нь бус хэр их долигонож байгаагаар нь дүгнэдэг, шударга шүүмжлэл хүлээж авдаггүй, захиргааг шүүмжилбэл халагдах магадлал бараг 100%, цалин муу, нэмэгдэх магадлал бараг байхгүй, хүмүүс нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, хүний хийсэн ажлыг үнэлдэггүй гэх мэт. Хамгийн наад захын жишээ гэхэд ажилд горилогчийг огт хараагүй юм байж шууд хүйсээр ялгаварласныг би урьдны бичлэгтээ хэлсэн дээ. Гэхдээ хөөрхийс минь ажлын байр үүсгээд татвараа төлөөд энэ улсын эдийн засгийг чирээд явж байгааг нь магтууштай шүү.
Гадаадын байгууллагын нэг авууштай сайхан зүйл нь тухайн хүн хийх ажлаа л хийнэ, хэн ч ажилд нь оролцоод байхгүй, менежмент маш сайн, хэл ам хов жив бараг л байхгүй, ажлаа сайн хийдэг чадвартай тохиолдолд тушаал дэвших цалин бонус нэмэгдэх магадлал маш өндөр, хүнийг яг л чадвараар нь үнэлдэг гэх мэт.
Гадуур зарлагдаж байгаа ажлын байрыг харж байхад санхүүгийн тооцоо хийх, мөн юм зарж худалддаг талын ажлын байрууд бараг 70% эзэлж байна. Үлдсэн хувь нь хүний нөөцийн менежер мөн барилгын инженер. Яг нарийн мэргэжлийн техник технологийн ажил бол бараг л байхгүй /уул уурхайн ажлыг л эс тооцвол/. Тэгээд манай дотоодын компаниуд яг нарийн мэргэжлийн ажлын байрыг маш доогуур үнэлэх юмаа. Нэг хувийн компани үйлдвэрийн технологичид 1,200,000 харин захирлын туслахад 1500,000-н цалин амласан байх жишээтэй.
Харин гадаад компани байгууллагад дандаа санхүүгийн талын хүмүүс л хэрэг болсон байх юм. Аргагүй дээ манайд ирж ямар үйлдвэрлэл хийж байгаа биш, ямар нэг юм авчирч зарж байгаа болохоор зүгээр тэрийг нь сайн тоолоод тооцоолоод өгөх хүн л хэрэгтэй байдаг байх.
Гадаадаас ирээд ажил хайж буй хүмүүсийг ажилд зуучилж өгдөг зөндөө газрууд бий болжээ. Mongolia Talent Network, JDA Applus, CAML гэх мэт. Энэ газрууд ажилд зуучилж оруулж өглөө гээд огт үнэ хөлс авдаггүй юм байна, харин цаад ажил олгогч газруудаас сайн хүн олж өгсний хөлс гэж авдаг юм байна лээ. Тийм учраас эд нарт сайн боловсролтой, чадвар сайтай хүн их хэрэгтэй байдаг юм байна.

Friday, November 15, 2013

Сэтгэлээр унав

Би нэг ажилд зуучилдаг газраар үйлчлүүлж байгаа юм. Тэгтэл нэг ажил гарч ирэв ээ. Та л яг энэ ажилд тохирно, захиалчихсан юм шиг таарах ажил ороод ирлээ гээд зуучилдаг газрынхан маань бөөн баяр. Бүр нэг яг л надад таарсан background нь технологи шинжлэх ухааны талын байх ёстой л гэнэ, олон жилийн ажлын туршлагатай байх ёстой л гэнэ, гадаад дотоодын хүлээн зөвшөөрөгдсөн сайн сургууль төгссөн байх ёстой л гэнэ, бусад бүхий л шаардлага нь надад бүр яв цав таараад би гэдэг хүн чинь жигтэйхэн баярлаад л байсан чинь харин нөгөө газрын маань захирал нь энэ ажил дээр эрэгтэй хүн авна, эрэгтэй хүн удирдах ажил хийж чадна гэсэн гэнээ.
Сэтгэлээр навс унадаг байна шд. Намайг эмэгтэй хүн гэхээр нь хэрэггүй гэсэн гэнээ. Бүр ядаж ганц ярилцлага ч хийж үзээгүй байж, надтай нүүр тулан уулзаж хувь хүнийх нь хувьд дүгнэлт хийж ч үзээгүй байж. Яагаад би эмэгтэй гэдгээрээ ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Яагаад би зөвхөн эмэгтэй хүн учраас энэ ажлыг хийж чадахгүй гэж үзэж байгаа юм бол. Ажилд зуучилдаг газрын хүн маань яахав дээ хэлэх үг нь олдохгүй өмнөөс нь уучлаарай л гээд байна лээ. Харин миний сэтгэл санаа хүсэл тэмүүлэл бүгд ус цацуулсан юм шиг л болчихлоо. Би бүр энэ ажилд орвол тийм тийм менежментээр ажиллана тийм ажлууд хийнэ гээд төлөвлөчихсөн, нөгөө газрынхаа вебсайт хамаг юмыг нь ухаж төнхөөд үүх түүх бүх юмыг нь ба бэ-гүй судалчихсан их өөдрөгөөр бүхнийг төсөөлж байсан юмсан.
Яагаад нэг хачин хүйсийн ялгаварлалт явагдаад байдаг юм болоо. Энд тэндэхийн байгууллагад томоосоо авахуулаад жижиг хүртлээ бүх дарга дарганцар нь эрэгтэйчүүд, тэгсэн мөртлөө хамаг гардан хийдэг гүйцэтгэх ажилд нь эмэгтэйчүүд. Эмэгтэй хүнийг удирдах ажил хийж чадахгүй гэж ер нь ямар чөтгөр шулмас нь шивнээд байнаа. Харин ч эмэгтэйчүүд чинь ажил төрөл ар гэр үр хүүхэд эр нөхөр энээ тэрээ наян юм руу толгойгоо ажиллуулж байдаг, наян ажлыг найман минутанд амжуулдаг мундаг хүмүүс юм шдээ.
Сэтгэл санаа гэж авах юм алга. 

Хөгжилтэй

Гэртээ байгаа биш би нээрээ бэйкэри ажиллуулах шахтлаа торт морт хийгээд, шинэ шинэ хоолны жор туршаад гэрийнхнээ таргалуулсан хэрэгт ороод, одоо амьтан тэжээмээр санагдаад. Тэгээд манай нөхөр бид 2-ын хоорондох яриа нэг иймэрхүү.
Би:
-Нохой авъя л даа. Хөөрхөн шдээ тэр нүд мүд нь.
Манай хүн:
-Яах гээд байгаан бээ бөөн ажил, бас заваан. Энэ тэрүүгээр гүйгээд хамаг юм мэрээд хаячихна.
-Тэгвэл муур авъя. Ажил багатай, юм мэрэхгүй.
-Өө мууранд ёстой дургүй, муур муухай.
-Тэгвэл усан гахай авъя хөөрхөн шд. Ядаж торон дотроо л байна.
-Муухай үнэртэй. Гэрээс аймаар муухай үнэр үнэртдэг болно.
-Тэгвэл тоть авъя. Хөөрхөн шдээ.
-Орилоод салдаггүй юм байна лээ.
-Тэгвэл хулгана авъя хөөрхөн шд.
-Хөөе чи ер нь ажилд хурдан ороо. Гэрт суугаад байвал галзуураад юу ч хийж мэдэх нөхөр байна. Чамд ер нь гэрт суух зохихгүй байна.
Нэг иймэрхүү яриа боллоо.
Бас би гэрийнхээ хамаг цэцгийг навч нь хэт сунаж ургаад байхаар нь шинэ саглагар навч ургуулах гээд жаахан тайралт таналт хийчихсэн юм. Тэгсэн чинь манай хүн орой ажлаасаа орж ирснээ харчихаад,
-Пөөх энэ цэцэгнүүдийг бүр юу ч гүй тайраад хаячихжээ ээж чинь. гэсэн чинь манай хүү нөгөө өрөөнөөс орилж байна.
-Цэцэгний алуурчин.
Манай 2 чинь аавыгаа Тоторо гэдэг байхгүй юу. Тоторо чинь ойн савдаг гэдэг шдээ. Нэг орой аав нь хүүгээ загнасан юм. Дараа нь бид хэд хоолоо идээд бүгд дув дуугүй ширээ тойроод сууцгааж байсан чинь манай хүү гэнэт,
-Муу савдаг гээд орилдог юм. Аав нь,
-Хэн гэсэн чинь
-Та" гэнээ ккк. Загнуулсан уураа илэрхийлж байгаа юм байхаа. Бид нирхийтэл хөхрөлдөөд.
Охин чихмэл тоглоомуудаар их тоглодог юм. Тэгсэн нэг өдөр зулзагаа тэвэрсэн коала баавгайныхаа зулзагыг нь суга татаж аваад,
-Алив хүүхдээ сургуульд явуул, юу гээд л байнга тэврээд суугаад байдаг юм" гээд нөгөө өрөө рүү аваад яваад өгсөн.

Tuesday, November 12, 2013

Нохой авдаг юм билүү

Та нар юу гэж бодож байна. Манай хоёр нохой нэхээд суулгадаггүй ээ. Санаж байвал би чинь одоо монголд ирээд ямар ямар амьтан авч өгөх өрөнд орсон тухайгаа бичиж байсан даа. Арай л аалз авч өг гээгүй байгаа даа. Манай хоёр амьтанд жигтэйхэн хайртай ямар ч хамаагүй амьтан тэжээх бүр туйлын хүсэлтэй.
Тэгээд одоо ингээд яг амьтан авах дээрээ тулсан чинь бид 4 дөрвүүлээ өглөө гараад орой орж ирнэ, өдөржин өнөө амьд амьтан чинь хоол ундгүй байж чаддаг л байгаа даа. Амьд амьтныг өлсөж цангаагаад зовоочих болов уу гэж санаа зовоод байна л даа. Манай хоёр гудамжнаас гөлөг авч тэжээе гээд байгаа юм. Би лав татгалзах юм алга л даа. Үнэтэй цайтай үүлдрийн нохой ч байна уу хөөрхөн эрлийз гөлөг ч байна уу хамаа алга, нохой гэдэг чинь эзэндээ хайртай үнэнч л амьтан юм чинь. Амьтны эмнэлэгт аваачаад туулга вакцинд нь хамруулчихвал тэгээд л болоо биз дээ. Усан гахай ч бас хөөрхөн шүү. Тоть хөөрхөн ч амархан үхчихдэг гээд байх юм. Муурын зулзага ч хөөрхөн харагдаад байгаа юм. За байз ямар амьтан авах вэ. Та нар дотор амьтан тэжээж байсан эсвэл байгаа хүмүүс зөвлөгөө өгөөч. Манай хоёр хүүхэд ямар ч амьтанд хайртай. Хулгана ч байсан яахав.

Skytree дээр гарсан нь - 2 /фото пост/

За ингээд дээшээ асар хурдтай лифтээр гараад лифтний хаалга онгойнгуут бүгд цонх руу гүйлдлээ.
Цонх руу гүйгээрэй. Хамаг гоё зайг нь хүмүүс эзэлчихээд зай олох гэж бас нилээн юм болсон шүү.

Friday, November 1, 2013

Skytree дээр гарсан нь - 1 /фото пост/

2 хүүхэдтэйгээ Skytree дээр гарч үзсэн тухайгаа бичье. Skytree рүү гарахад маш их оочер дараалалтай байдаг учраас эхлээд очингуутаа шууд гарахгүй. Танд цагийн номер өгнө, тэгээд тэр цагтаа орой ирж орно, тэр хооронд өөр юм үзээд ийш тийшээ яваад ирэхэд зүгээр. Уг нь анхандаа хүмүүс очоод шууд оочерлосоор байгаад 3-4 цагийн дараа орж байсан юм билээ. Тэр нь маш хүндрэлтэй байсан учраас ингэж цаг өгдөг болсон юм гэсэн. Энэ нь ч зүгээр юм. Ингээд бид 3 өдөр 1 цаг гэхэд гэрээс гарч метродож явсаар очиход 2 цаг болж байлаа.

Метроны цонхоор харагдаж байна. Дөхөж л байна даа. Яг Skytree гэдэг буудал дээр бууна. Доороо метроны буудалтай учраас.
Ойртоод ирлээ
Яг доороос нь харахад