Friday, August 31, 2012

Гохь нь ээ гохь нь гэдгийн шдээ

Хахаха. Бүр өөрийн эрхгүй инээд хүрээд байх юмаа. Хүрэлсүх Баярсайханыг шанаадаж унагаадаг бичлэг үзсэн чинь бүр нэг гөх инээд хүрээд ккк.
Хүрэлсүх чинь харин ёстой шударга эр хүн шиг үзчихдэг гар уу үгүй юу. Гараад эр хүн шиг үзчихэе гэлээ. Баярсайхан ч нэрээ бодоод дагаад гарлаа. Эхэлж алхам хийе гэж бодсон юмуу Хүрэлсүхийг заамдаад авлаа. Харин цаадах нь ёстой овоо цохилоо. Хахаха.
Баярсайхаан юун шалчигнасан юм бэ чи. Эр хүн шиг үзчихэе гэхэд нь чи тэгэе гээд дагаад гараа биз дээ. Тэгээд л үзлээ хожигдлоо. Тэртэй тэргүй 2 боксчин тулалдахад аль нэг нь заавал ялагддаг л биз дээ. Ялагдсан нь ялсныгаа шүүхэд өгдөггүй л байхгүй юу. Тэгэж ярих юм бол эр хүн шиг үзчихэе гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй байсан юм биш биз дээ? Арай гараад авгай хүүхнүүд шиг амаа урагдтал хэрэлдэнэ гэж бодоогүй биз дээ. Хахаха.

Thursday, August 30, 2012

Хаалгаа цаанаас нь хаа

Хүү охин хоёр эрвээхэй барьдаг баатрууд болоод тор авахуулсан юм. Дэлгүүрээс ирэнгүүтээ өнөө тороо бариад гарцгаалаа. Тэгээд бараг цагийн дараа хүү хаалга онгойлгосноо нэг гартаа тороо чирчихсэн их л баатарлагаар,
-Ээж! Би сэми барьсан. Одоо гэртээ тэжээнэ.
-Хаалгаа цаанаас нь хаагаадах даа.
-За гээд хаалгаа хаагаад гадаа хэсэг байснаа гэнэт ойлгов бололтой дахиж онгойлгоод,
-Ээ ээж, би оръё л доо.

Халамж

Хэдхэн сарын өмнө дөө, нэг тв-ээр ...-р хорооны хамгийн ядуу айлд очиж танилцаад ч байгаа юмуу яагаад ч байгаан нэг нэвтрүүлэг үзэж байсныг бичмээр санагдаад байна. Би энд илүү дутуу юу ч тайлбарлахгүй. Та нар өөрсдийнхөөрөө ойлго.

Хашааны тал нь байхгүй, нэг ноорхой гэр байна. Сурвалжлагч нар яваад орвол нэг хөгшин эмээ байна. Бас 2 хүүхэн, 1 залуу (бүгд 20-25 насны), 3 жаахан хүүхэд (0-3 насны) байна.
- ... гуай, та нас сүүдэр хэд хүрч байна даа?
- Эмээ нь наян ...-тэй.
-Яажшуухан амьдарч байна даа?
-Өө хэцүү хэцүү. Тэтгэвэр гэж 140,000 төгрөг авдаг яагаад ч амьдралд хүрэлцэхгүй байна.
-Энэ таны хүүхдүүд үү?
-Тийм ээ, миний ач охид байгаа юм. Хүү бэр 2 маань эрт бурхан болцгоосоон.
-Хүүхдүүд тань ажил хийдэггүй юмуу?
- Манай энэ том ач охин нэг гуанзанд ажиллаж байгаад хүүхэд гаргаад гэртээ суучихсан. Нөхөр нь ажилгүй. Манай бага ач охин 2 хүүхэд дараалаад гаргачихсан бас ажилгүй гэртээ хүүхдээ хардаг юм. Нөхөр нь зах дээр тэрэг түрдэг юм, одоо ажлаасаа арай ирээгүй байна. Өдөрт хэдхэн төгрөг л авчирдаг. Бид хэд чинь өвөл түлээ түлш гээд хэцүү байнаа. Миний муу тэтгэвэр чинь аманд ч үгүй хамарт ч үгүй алга болчих юм.
-Тэгээд танайх гэдэг айл яаж болгодог юм бэ?
-21 мянгаа л хүлээх юм байна шүү дээ.

Би зүгээр ганц л юм асууя. Энэ айлд 21,000 төгрөгний халамж үнэхээр хэрэгтэй юу?

Wednesday, August 29, 2012

Сөнөөх бодлого

Улс орныг мөхөөх сөнөөх ямар бодлого байж болох вэ? Ард түмнийг нь ядуу залхуу боловсролгүй мэдээлэлгүй харанхуй байлгах.
Тэрний тулд яах вэ? БЭЛЭН МӨНГӨ ТАРАА, ХАЛАМЖ ӨГ. 
Халамж нэрийдлээр бэлэн мөнгө авдаг хүмүүс ажил хийх сонирхолгүй болно. Ажил хийхгүй бол сурч боловсрох шаардлагагүй болно. Бас уйдна, тэгээд архи уудаг болно. Архидалтыг дагаад нийгмийн бүх муу муухай юмс хөгжин цэцэглэнэ. Тэгээд л тэр үндэстэн улс орон аажимдаа мөхөж алга болно. Ийм жишээ дэлхийд олон шүү.  

Заримдаа ч

Заримдаа ч би ер нь яагаад ийм нарийн юм сонгочихвоо гэж бодох юм. Багцаалдаг юмаараа л сурдаг байж, яах гэж ийм огт мэдэхгүй бүр ямар ч ойлголт байхгүй юм сонгодог байнаа гэж өөрөө өөрийгөө зүхэх юм. Тэгснээ бас техник технологиороо гайхуулдаг Японд ийм л нарийн юмаар сурахгүй юм бол энд ирж сурах ямар хэрэг байгаа юм гэж өөрийгөө зөвтгөх юм. Би биеийн амраа хараад уур амьсгалын өөрчлөлт Монголд нөлөөлөх нь гэх ч юмуу сэдэв сонгоод диплом биччихэж болох л байсан. Гэхдээ би тэгэе гэж бодсонгүй. Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг судалж хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж дээр ажиллаж үзье л гэж бодсон юм. Одоо тэгээд хүссэн юм хүзүүгээр татаад сууж байна даа. Заримдаа ч нээрэн...

Google reader

Дээр нэг блог уншиж байсан чинь нэг хүн ингэж сэтгэгдэл үлдээсэн байсан. "Яагаад бичлэг нэмэхгүй байгаа юм бэ? Шинэ юм нэмэгдэж үү гэж өглөө болгон орж үздэг хэдэн блог байдаг юмаа" гэсэн байсан. Та тэгэж дуртай блог болгон руугаа орж үзэж байхад жаахан түвэгтэй байгаа биз дээ. Тэгвэл Гүүгл уншигчийг хэрэглэж сураарай гэж зөвлөх байна. Мэддэг хүмүүс нь алгасна биз. Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магад.
Эхлээд та Гүүгл аккаунт нээх хэрэгтэй. Өөрийн yahoo hotmail gmail ямар ч имэйл хаягаараа нээж болно. Дараа нь reader.google.com руу ороод Subscribe товчин дээр дараад өөрийн унших дуртай блогийн хаягийг оруулаад Add дарна. Бүх блогоо ингэж оруулаарай. Ингээд л та өдөрт зөвхөн гүүгл уншигч руугаа ороод л бүх дуртай блогууддаа шинэ юм нэмэгдсэн эсэхийг харж байх болно. Унших бол дээр нь дараад л гүйцээ. Бас мэдээний сайтууд болон зарим блог дээр байгаа RSS товчийг дарвал таны гүүгл уншигч руу автоматаар нэмэгдэнэ. RSS бол адилхан зориулалттай.
Шинэ бичлэг нэмэгдсэн блог тод (bold) өнгөөр бичлэгийн тоотойгоо, харин шинэ юмгүй блогууд арай бүдэг харагдаж байгааг харж байгаа бизээ. Тухайн блогийн шинэ бичлэгийг эндээсээ уншиж болно, эсвэл блогийн нэр дээр дараад өөр лүү нь ороод уншсан ч болно доо.

Friday, August 24, 2012

150 сая vs 3 сая

Хэдэн бангладеш оюутнуудтай хичээл дээр хууч хөөрч суув. Юу ярьж байгаад ч билээ авилга руу яриа хальтраад орчихлоо.
-Манайд авилга маш их. Авилгаас болоод манай улс хөгжиж чадахгүй байгаа. Бидний хэдэн гадаад дотоодод сургууль төгссөн эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс яаж ч тэмцээд дийлэхгүй байгаа гэж нэг бангладеш оюутан хэлэв. Би,
-Манайд ч гэсэн авилга ихсээд байна. Авилгаас болоод бид эрүүл саруул орчинд сайн сайхан амьдарч чадахгүй байна.
-Яг үнэн. Авилга ихтэй болохоор хууль дүрэм ерөөсөө хэрэгждэггүй гэж бангладешүүд дуу дуугаа аван орилолдов.
-Манай оронд нэг том гүүр барих болсон юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, JICA эд нараас хөрөнгө оруулалтыг нь шийдээд. Гэтэл тэнд асар том авилга явагдчихсан. Бүр ерөнхий сайд түүний хамаатнууд оролцоод. Түүнийг нь Дэлхийн банк Азийн хөгжлийн банкныхан мэдээд хөрөнгө оруулалтыг зогсоочихсон. Одоо тэгээд бид нэг сайхан гүүр бариулж авах байсан боломжгүй болсон гэж нэг оюутан хэлэв.
-Манайд ч гэсэн тиймэрхүү юм зөндөө болдог. Хамгийн наад захын жишээ нь автозам байна. Тендерт нэг даргад нь авилга өгсөн компани ялдаг, тэр нь өнөө мөнгөө гаргаж авахын тулд замын зардлаас танаж эцэст нь зам чанаргүй болдог гэхэд
-Яг үнэн. Тэгээд бас тийм чанаргүй зам чинь төрийн ажилчдад мөнгө олох арга зам болж өгдөг, жил бүр эвдэрсэн замыг дахин засахын тулд төсвөөс мөнгө төсөвлөнө, дахиад тендер зарлана, бүх юм эхнээсээ явагдана. Ингэж хэлэхэд нь надад яг манай улсын тухай яриад байгаа юм шиг санагдав. Ийнхүү цааш нилээн ярихад тэдний улс манай улс хоёр авилгын тал дээр яг адилхан байлаа.
-Энэ хууль бус үйлдлийг нь илчлэх гэж оролдсон хүмүүсийг ямар ч аргаар хамаагүй үгүй хийдэг. Хилс хэргээр шоронд суулгана, эсвэл тэр хүн нь зүгээр л осолд ороод үхчихдэг. Нэг гэр бүлийн 2 сэтгүүлч байсан юм. Засгийн газрын асар том булхайг олж мэдээд олон нийтэд дэлгэх гэж байсан юм. Гэтэл нэг шөнө гэрт нь хүмүүс дайрч ороод буудчихсан. Маргаашийн сонин дээр нь хулгай хийх гэж гэрт нь орсон дээрэмчин хүмүүс буудчихсан л гэж гарсан. Би лав огт итгээгүй. Энэ бол мэдээж засгийн эрхэнд байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил. Иймэрхүү маягаар замаасаа зайлуулж дуугүй болгодог.
Надад маш их айдас төрөв. Энэ яасан танил сонсогдож байнаа. Эдний төр чинь 40 жилийн настай. 1971 онд энэтхэгээс салан тусгаар тогтносноос хойш өдий болтол төрийн систем нь ингэтлээ авилгад идэгдэж одоо болтол эрүүлжиж чадахгүй байна. Гэтэл би өөрийн улсаа дахиад 20 жил болоход сайхан болох байх, энэ түр зуурын шилжилтийн үе гэж бодож байдаг.
-Гэхдээ танай улс чинь 3-хан сая хүн амтай. Хүн ам  цөөн болохоор яаж л бол яаж өөрчлөлт шинэчлэл хийж авилгын эсрэг арга хэмжээ авч болно. Харин манай улс 150 сая хүн амтай. Системийг цэвэрлэнэ гэдэг бидний хувьд маш хэцүү гэж нэг бангладеш оюутан хэлэв.
Нээрэн тийм дээ. Бид чинь 3-хан саяулаа шүү дээ. 3-хан сая хүн өөрсдийн гэсэн диваажин байгуулчихаад яаж л бол яаж сайн сайхан амьдарч болно доо.

Friday, August 17, 2012

Сэми, мими

Японоор сэми Солонгосоор мими гэдэг энэ амьтны муухай дуутай муухай царайтайг яанаа. Модон дээр амьдардаг нисдэг энэ том шавьж ямар азаар манай оронд байдаггүй юм. Дүр төрхийг нь жаахан сийрүүлбээс голио жоом хоёрын дундаас төрж болохуйц гэх юмуу. Эсвэл асар том дэнгийн эрвээхэй жоом хоёрын дундаас л иймэрхүү амьтан гарч магадгүй. Модны хажуугаар явах үед чих дүлийртэл орилолдож байгаа юм даа. Нэг тийм ий-уу ий-уу гэсэн хахирган муухай дуутай, хамгийн гол нь чанга гэж жигтэйхэн. Өчигдөр цонхны торны цаад талд нэг ирээд суучихсан байхаар нь ёстой эм хүнээс гарамгүй зориг гарган ойртон очиж зургийг нь дарсан юм.
Хүний гартай харьцуулахад ямар том байгааг нь харж байгаа биз дээ.

Ер нь халуун орны хорхой шавьжны муухай бас томыг яанаа. Энэ амьтан гэдэс нь хувхай цагаан мөртлөө далавч нь улаан хүрэн өнгөтэй. Учиргүй ялаа шиг олуулаа энд тэндгүй нисэлдээд байхгүй ч гэсэн харанхуйд хааяа гэрлийн хажууд ганц нэг төөрсөн нөхдүүд нисч ирнээ. Тэгэнгүүт эгч бол мангас үзсэн юм шиг орилж зугтаагаад л хүн амьтныг цочоогоод л.

Шар шувуу болсон шүү дээ

Японы халууны улирал эхэлснээс хойш би гэдэг хүн ерөнхийдөө шөнийн амьдралтай болоод байгаа. Орой 9-с хойш РС-ны ард суугаад л тэр чигээрээ өглөө үүр цайлгана. Ялангуяа шөнө 2 цагаас хойш бараг онгод ороод байна уу яаж байна гэлтэй юм бичихэд их сайхан төвлөрч байна. Тэгээд л үүрээр 5, 6 гэж унтаад өдөр 1 цагт босч ирээд 2 хүүхэддээ хоол хийж өгчихөөд өдөржин нэг мансуурлын байдалтай нөхөр манарч сууж сууж байгаад оройн хоолны цаг болонгуут нэг хоол хийж өгчихөөд заримдаа сургууль руу явна заримдаа дугхийгээд л. Тэгээд орой болонгуут кофегоо бэлдэж аваад л суух юм. Шөнийн нойр дутуу болохоор маргааш өдөр нь ажлын чадваргүй гэж жигтэйхээн. Бас хажуугаар нь өдөрт 10 аяга уугаад байна уу энэ кофег. Намайг дагаад манай 2 хүүхэд бас шөнө 2 гэж унтаад маргааш нь 1 цагт босох юм. Зуны амралт нь эхэлчихсэн болохоор намайг дагаж сайхан дампуурч байна даа. Ээж унтахгүй болохоор элэг бариад л тоглож наадсан болоод шөнө болгочихно. Өдөр юм хийх гэхээр 2 хүүхдийн шуугианд бас халуунд үнэндээ боломжгүй, сургууль номын сан руу явах гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Бид 3 зуныг нэг иймэрхүү л байдалтай барж сууна даа.

Wednesday, August 15, 2012

Харри Поттер-1


Харри Потер ба Гүн ухааны Чулуу
    I бүлэг
Амьд явах хувьтай хүү
    Прайвет Драйвын 4 тоотод аж төрдөг Дарслигийнхан өөрсдийгөө их л энгийн улс гэж бахархан ярьдаг юм. Гэвч тэд нэгэн нууцлаг зүйлтэй холбоотой гэдгээ  яахин мэдэх билээ.
Ноён Дарсли бол “Гранинс” хэмээх өрөмдөгч машин үйлдвэрлэдэг нэгэн компанийн  захирал хүн. Тэрбээр богинохон хүзүүтэй, хүчирхэг лагс биетэй, бавайсан сахалтай эр билээ. Харин хатагтай Дарсли бол туранхай, цайвар шаргал үстэй бөгөөд  ердийн хүнийхээс хоёр дахин урт хүзүү нь цэцэрлэгийн хашаан дээгүүр өнгийн, хөршүүдээ тандан харж,  цагийг зугаатай өнгөрүүлэхэд тун ч нэмэртэй байдаг аж. Дарслигийнхан өөрсдийнхөө бодлоор бол “хаа ч байхгүй сайн”, Дадли хэмээх  нэгэн бяцхан хүүтэй.

Ном

Хүн сургуулиа төгсөөд, хүнтэй суугаад, бас дарга болохоороо ном огт уншихаа больчихдог юм байна. Гэтэл яг энэ 3 тохиолдолд л харин ч хамгийн их ном унших ёстой гэнээ. Яагаад энэ 3 тохиолдохоор ном уншихаа больчихдог юм болоо гэсэн чинь завгүй болчихсон гэнээ. 
Бодоод байсан чинь би амьдралдаа уншсан ихэнх номоо 10 жилдээ л уншсан юм билээ. Монгол хэлний номон дээрх өгүүлбэр зүйн дасгалын өгүүлбэрийг ямар зохиолынх болохыг нь шууд хэлдэг байлаа. Аав ээж 2 номын цагаан солио тусчихна гээд сүүлдээ намайг ном уншихыг хориглоод. Би чинь суусан ч боссон ч идсэн унтсан ч ном шагайгаастай байсан болохоор тэгсэн юм болов уу. Шаал худлаа юм ярьж хүн хориод, миний л мэдэхийн тийм өвчин туссан хүн алга. Ганц би ч биш миний үеийнхэн бүгд л тэгэж уншдаг байсан даг. Тэгэж хорьсон ч гэсэн миний орны гудсан доогуур дүүрэн ном, хувцасны шүүгээ нэг эвхээстэй хувцас нэг ном гэдэг дараалалтай, 00 дотор почки дотор гялгар ууттай ном нуучихсан байдаг л байлаа. Ямар сайндаа хажуу айлын эгч орж ирчээд ээж намайг ном уншлаа гэж загнаж байгааг сонсоод "Хүн чинь хүүхдээ ном унш гэж загнадаг байхад чи ном уншлаа гэж загнаж байдаг" гэдэгсэн. Аргагүй ч юмуу, би чинь Монте-Кристо гүнг 3-р ангидаа уншиж байлаа шд /дараа нь зөндөө удаа дахиж уншсан/. 4-р ангид байхдаа гараа хугалаад, аав ээж хоёр чинь надад 75-аараа бууж өгөөд миний охин яамаар байна хүссэнийг нь биелүүлье гэхээр нь тэр шүүгээний араар нуусан ном аваад өг дөө гэж байлаа. Тэгэж уншаад л байсан мөртлөө одоо бодож байхад уншиж амжаагүй ном зөндөө байнаа. Дараа нь англи хэлний зах зух гадарладаг болоод эх хэл дээр нь ном унших дуртай болсон юм байна. Би чинь мөхөс буурай хүн болохоор одоохондоо англи хэлээс өөр хэл дээр ном унших чадалгүй л байна даа, бусад хэлнүүд нь мэндээс цаашгүй. Одоо харин ном унших гэхээр миний толгой хүлээж авахаа больчихсон ч юм шиг санагдаад байх юм. Хөлдөж мөлдөөд биш л дээ. Сүүлийн үеийн номнууд нэг л санаанд хүрэхгүй юмаа. Эхний өгүүлбэрийг уншаад л эсвэл гарчигийг нь хараад л өө энэ ч мөнгөний ном байна, өө энэ ч орчуулга биш оршуулга байна, өө энэ ч дээ найруулга гэж авах юм алга хэн редакторлодог байнаа гэж голж шилсээр байгаад авах ч юм олдохгүй юм. Хүүхдийн номнууд бол ёстой болгоомжтой сонгохгүй бол хэл гэж мод, хүүхэд байтугай би ч уншаад ойлгохгүй байгаа юм чинь. Нөхөр сая ирэхдээ охинд хэдэн үлгэрийн орчуулгын ном авчирч өгсөн чинь зүгээр л хог.  Хайран цаас л гэж бодлоо. Хауфын үлгэрийг л орчуулсан царайтай юм шиг байгаан. Тэгсэн миний багадаа уншиж байсан Хауфын үлгэр мөн үү гэж бодох шахлаа, бараг шинээр зохиочихсон юм биш үү? Хэл найруулга нь яасан ч модон юм, дандаа байв байв гэдэг төгсгөлтэй, ядаж байхад номных нь гарчиг нь хүртэл Хуафын үлгэр шүү хахаха. Ийм юм уншсан хүүхэд тэр агуу хүний гайхамшигт сайхан үлгэрүүдийг яаж амтархаж сонирхож, цаашаа яах бол гэж тэсэн ядан унших болж байнаа. Яг үнэнийг хэлэхэд Хауфын үлгэрүүд манай охинд томдоно л доо, өсвөр насныхан л уншвал зүгээр юмуу. Одоо харин буцаж очихоороо монгол хэл дээр зохиогдсон номнуудаас сонирхоё гэж бодоод байгаа орчуулга нь бүтэхгүй юмаа гэхэд зохиол нь гайгүй байлгүй дээ.
Дээр үеийн сонгодог зохиолууд ч гэж зохиол байж, орчуулга ч гэж орчуулга байж дээ. Соц нийгмийн үеийн ганц сайхан юм нь хүмүүс ажлаа хийсэн шиг хийдэг байжээ. Энэ номыг орчуулсан болоод бушуухан зарж мөнгө олъё гэсэн ойлголт байх биш, орчуулагч нар нь ч редакторыг нь хийж байгаа хүмүүс нь ч аугаа хүмүүс байсан юм байна. Тэр үеийн сайхан сайхан номнуудыг яг тэр чигээр нь дахиад хэвлэдэггүй юм байх даа. Тийм сайхан юм уншаад өсчихсөн бид нар чинь одооны энэ модон хэллэгтэй оршуулгын номнуудыг гололгүй яахав дээ.
Ном орчуулна гэдэг тийм амар ажил биш шүү дээ. Нэрийг нь сонсоод л биширмээр хүмүүс хийдэг байсан ажлыг одоо бараг хүн болгон л хийдэг болсон юмуу даа.





Хөдөөгийн баясгалан /Фото пост/

Манай хүн хэдэн жуулчинтайгаа хөдөөгүүр явж явж ирэхээр нь авсан зурагнаас нь тавьчихлаа. Уг нь зөндөө гоё гоё зураг байсан боловч манай хүн сэтгүүл мэтгүүл, зохиогчийн эрх мэрх гээд нэг юм яриад байхаар нь айгаад голоод орхисон зургуудаас нь л авлаа. Та бүхнээс ч гэсэн хичээнгүйлэн гуйхад хэрэв эндээс зураг авах бол надад мэдэгдээрэй, ямар зорилгоор ашиглах гэж байгаагаа.





Tuesday, August 14, 2012

Юу болоод өнгөрөв өө?

Хайран алт хайран алт. Энэ Төгсцогт гэдэг хүү уг нь алт авах дайны л байсан юм даа. Юу болоод өнгөрөв сайн ойлгосонгүй. Бас Мөнх-Эрдэнэ дээр юу болоод өнгөрөв өө.
За ямар ч байсан манайхан бол медалийг түүдэг болжээ болж. Сэтгэлзүйн бэлтгэл сайн байвал энэ байтугайг л авах юм байна. Юу гэнэ үү, оросууд манай боксын дасгалжуулагч нарыг хоцрогдож гэж шүүмжилсэн гэнэ үү. Тамирчиндаа тактик зааж өгдөггүй юм байна гэсэн гэх шив.
Энэ хэд хоног олимп дундуур хичээлээ хийх гэж үйлээ үзлээ. Одоо ганц л репорт үлдчихээд байна.
Олимпийг ерөнхийд нь дүгнэхэд жаахан чамлалттай байнаа. 2 ч алт авах боломж байлаа. Дахиад нэг хүрэл медаль авах байлаа, бас хүрлээ мөнгө болгох боломж ч байлаа.  Сэтгэл зүйн хувьд навс навс ялагдаж байна шд. Тамирчин хүний нэг хэцүү юм нь ялахад нь баярыг нь хуваалцах түмэн хүн байхаас ялагдаад уйлахад нь мөрийг нь түшээд аргаддаг хүн байдагггүй л юм байна.

Friday, August 3, 2012

Уйлсан уйлсан

Яадгийн уйлсан. Өөрийн эрхгүй хоолой зангираад нулимс гараад ирж байгаа юм чинь яахын. Үүрүүлээд явж байгааг нь хараад бүүр уйлсан.

Wednesday, August 1, 2012

Хүмүүн төрөлхтөн Япон дуу юу?

Сая хүүхдийн нэвтрүүлэг манай 2 үзээд сууж байлаа л даа. Тэгсэн нэг вагоны тухай дуу гарсан чинь манай "Хүмүүн төрөлхтний дотроосоо" гэдэг дуу яваад байх юм. Яах аргагүй японоор дуулаад байнаа, мэдээж утга нь галт тэрэгний тухай байх л даа. Би бүр зөндөө гайхлаа. Намайг монголоор дагаад дуулаад байсан чинь манай 2 хүүхэд бүүр гайхлаа.
Энэ одоо Япон дуу байсан юм байх даа? Сонин юмаа.

Мөнхзаяа

Яасан амархан сэтгэлээр уначихав аа. Сэтгэл санаа гэж зүгээр 00 л байна шдээ. Хүрлийн төлөө барилдаанд зүгээр сэтгэл санаагаар л ялагдчихлаа шд. Ядаж байхад тэр дасгалжуулагч нь медалийн төлөө барилдах гээд гарч байгаа хүүхдэд урам өгөхийн оронд "Битгий торгуулчаарай" гээд загнах занахын хооронд хэлээд байх юм. Тэгсэн өнөөх нь эхний торгуулиа авангуутаа шууд сэтгэл санаагаар унаад хөмсөг зангидаад зовхи нь унжаад хөдөлгөөн нь удаашраад ирж байгаан. Тэгээд л 2 дахиа торгуулаад хаяж байгаа байхгүй юу. "Миний охин зоригтой, зүгээр зүгээр" гээд ганц хэлчиж болноо доо. Өрсөлдөгч бөх нь хашир туршлагатай ахмад бөх барьц өгөхгүй байхад чинь л "Аваад шидээч аваад шидээч" гээд дохиж зангаж үзүүлээд орилоод байх юм өнөө манай халзан дасгалжуулагч. Тэрнийг нь ойлгоцон юмуу өнөө япон бөх мөрөө тас хавчиж энгэртээ гараа зөрүүлчээд ердөө барьц өгөхгүй байгаа байхгүй юу. Тэрний өмнөх словактай барилддаг барилдаан дээр өөрөө өөрийнхөө мэхэнд уначих юмаа. Өрсөлдөгч нь хүртэл ялсандаа итгэхгүй гайхаад юу болоод өнгөрөв өө гээд итгэж ядаад. Өөрөө өөрийнхөө мэхэнд дээшээ хараад уначихийн. Туршлагагүйн л шинж байх даа. Ер нь сэтгэл зүйн бэлтгэл сайтай хүн л медал авч байна шдээ хараад байхад гадны дотныгүй. Өөртөө итгэлтэй эгц шулуун харцтай дайчин зоригтой бөхчүүд л ялаад байна. Тэр 57кг-д алт авдаг япон эмэгтэй бөх зүгээр л духаараа хараад л бух шиг дайраад байх юмаа. Барилдахын өмнө өөрийгөө зоригжуулж байгаа энэ тэр нь ямар айхтар юм.
Ёо би өчигдөр орой энэ барилдаанаас болж яасан их нервтвээ. Ядаж байхад манайд лаос охин ирчихсэн, өнөөхөд чинь жүдо гэж юу болохыг тайлбарлах гэж. Бөхгүй газрын улс чинь яаж ч тайлбарлаад ойлгохгүй байгаа юм чинь. Тэгсэн бөхтэй газрын улс гэсэндээ манай 2 хүүхэд хүртэл яагаад оноо аваад эсвэл оноо өгөхгүй байгааг ойлгочихсон орилдоод үзээд байгаан.