Tuesday, May 29, 2012

5-р сар, парк, цэцэгс

5 сарын эхээр паркаар жаал алхалсан зургаа оруулчихая. Цэцэг харж нүд сэтгэлээ баясгаад. Парк ч гэлтгүй хаа сайгүй юу л байна цэцэг байна даа энэ Японд. Сайхан цэцэг харж сэтгэлээ сэргээх сайхан шүү тийм ээ. Эндэхийн моднууд нь сар бүр өнгө өнгийн цэцэг гаргаад байдаг юм. Цаанаас нь бодлоготой цэцэрлэгжүүлэлт явуулдаг нь шууд мэдрэгдэж байгаа юм чинь. Одоо энэ сард ийм төрлийн мод цэцэглэдэг, за дараа сард нь тийм төрлийн мод цэцэглэдэг гээд тарьчихаар чинь жилийн 12 сар гудамжнаас нь цэцэг салахгүй байх нь аргагүй шд. 

Thursday, May 24, 2012

Сонин сайхан солиу гажуу

Ойрын үеийн сонин сайхан гэвэл мэдрэлээ муудтал юм уншиж байна, хоёр нүд минийх биш хүнийх юм шиг байна. Токиогийн SkyTree нь саяны хоёрдахь өдөр нээгдсэн.

Tuesday, May 15, 2012

Захиа аваад аа...

Хоёулаа уулзая, үгүй ээ болзоё ч гэх юмуу dating хийе гэдэг захиа аваад. Хэн гэж үү мэдээж би бишээ миний 8 настай охин япон бандиас захиа аваад аа. Хахаха. Өчигдөр хичээлээ тараад ангийнх нь нэг банди хүргэж ирсэн юм. Наадах чинь яагаад чамайг дагаад яваад байгаан гэсэн мэдэхгүй гээд өнөөхөө орхичоод шууд гэртээ орчихсон, би өнөө хүүг нь харсаар байж хаалгаа хаачихалтай биш "Нэр чинь хэн бэ, гэр чинь ойрхон уу, би ...гийн ээж байна, танилцахдаа таатай байна" гээд л явууллаа. Охин ч яахав дүүтэйгээ цуг гадаа тоглоно  гээд гараад явчихсан, би гэр орноо цэвэрлээд ухнатаж байтал хаалганы шуудангийн хайрцагт шар хийтэл нэг юм хийчихээд яваад өглөө. Газ ток усны билл л ирж байгаа юм байх гээд тоосонгүй, дараа нь харин онгойлгоод үзтэл цэнхэр уутан дотор нэг дэвтэр, нэг харандаа /Японы сургууль нээрэн балын харандаагаар бичдэг юм/, нэг хөөрхөн хэлбэртэй баллуур, нэг тоглоомон шүрэн хүзүүний зүүлт, нэг жижигхэн дугтуйтай захиатай гарч ирлээ. Мэдээж охинд ирсэн нь ойлгомжтой, өрөөнд нь оруулаад тавьчихлаа. Орой манай 2 ч орж ирлээ. Чамд захиа ирсэн гэсэн чинь тоож байгаа ч юм алга, нэг онгойлгож харснаа өө нөгөө өдөр ирдэг хүүхэд өгсөн байна гэнээ. Захиагаа уншаач гэсэн чинь за дараа болъё гэж байна. Тэгээд би ч хоол хийнэ гэж гүйгээд мартчихаж. 
Орой юм уншаад сууж байсан чинь охин хүрч ирснээ "Ээж, дэйто гэж юу гэсэн үг юм?" гэж байна. Хаана байна тийм үг гэсэн чинь захиагаа авчирч үзүүллээ. Балын харандаагаар маш нямбай бичиж зүрхээр зурж чимэглэсэн захианых нь сүүлийн өгүүлбэр дотор дэйто /dating гэдэг англи үгний японжсон хэлбэр, болзох гэсэн утгатай/ гэдэг үг тууж явна шүү. Наад захиа чинь ер нь юу гэж байна гэсэн чинь "Өө яахав дээ, хоёулаа маргааш уулзая гэсэн байсан, бас ямар нэг юм таалагддаг гээд байна лээ, юу ч юм бүү мэд, бас юунд дуртай вэ гээд асуугаад байна лээ, тэгээд энэ дэйто гэдэг юмыг хийе гэсэн байна" гэж авдаг юм. Хахаха. 
Би заримыг нь сайн ойлгохгүй байна, маргааш Савад үзүүлээд асуучихая гэнээ. Өө миний охин өөр хүүхдэд үзүүлж ёстой болохгүй шүү. Ээж нь дараа орчуулаад өгье, өөр хүнд л битгий үзүүлээрэй гэж захилаа шд. Аягүй бол охидууд бөөн яриа гаргаад өнөө хүүг нь олны өмнө эвгүй байдалд оруулчихвал яана. Манай хүний энэ захианы тухай сонсчихоод түнтэгнэж уурлаж байгааг ээ. Хэхэхэ. 

Monday, May 14, 2012

Надад хүч хайрла

Бурхан минь надад 3 хоногийн дотор 100 paper унших хүч чадал сэтгэлийн тэнхээ хайрлаач. Би чинь ийм юм нэг их уншиж байгаагүй болохоор ганцыг дөнгөж эхнээс нь хараад л явж байтал сонирхол буураад түүнийгээ дагаад нүд эрээлжлээд эвшээлгээд өөр юм хиймээр санагдаад явчих юмаа. Гилийн хатан эгчийн блогийг бол өдөржин шөнөжин писинээсээ салах нь байтугай бүр нүдээ цавчихгүйгээр 3 хоногийн дотор уншиж дуусгаж билээ. Тийм юмандаа бол үнэн дуртай уншаад байгаа юмаа. Тэгтэл яаж байна энэ эрдэм шинжилгээний өгүүллийг. 

Tuesday, May 8, 2012

Амралтын дундуур

Японы алтан долоо хоногийн амралт дундуур хоёр өдөр нь ажлын өдөр байсан юм. Ихэнх байгууллага компаниуд энэ хоёр өдрийг нэгтгээд 7 хоног амарчихдаг юм байна л даа. Манай бас охины сургууль амраагүй ээ. Миний хувьд бүр нэг чухал пресентацитай өдөр байж таараад. Тэгсэн тэр өдрийнх нь орой нь охины ангийн багш гэрээр ирнэ гээд. Бас нөхөр ажилласан газраасаа мөнгөө олж авахгүй бол олон хоног мөнгөгүй болчих гээд. Бас шүд нь өвдчихсөн шүдний эмнэлэг орж шүдээ авахуулна гээд. Юун амрах манатай ёстой хэдэн давхар ажил давхацсан амьсгаа дээгүүр өдөр байлаа тэр нэг амралтан дундуурх ажлын өдөр. Тэгээд ямар ч байсан бүгдийг нь амжуулсаан амжуулсан, амжилттай шүү.
Ер нь гэр бүлтэй ялангуяа эмэгтэй хүн сургуульд сурах юмуу ажил хийлээ гэхэд гэр бүлийн гишүүдийн тоогоор ачаалал нэмэгддэг юм шигээ. Өнгөтөөр тайлбарлах уу ингэж байгаан. Юмаа бичиж суутал охин гүйж ирээд миний трико цоорчиж та оёод өг, ээж нь жаахан завгүй байнаа наадах чинь яаралтай биш юм бол ээж нь дараа оёод өгъе, та багшийг ирэхээс өмнө энэ цааснуудыг харах ёстой, за маргааш тухтай харъя. Нөхөр орилно хоол хийж байгаан, 3 хумс сармис арилгаад өгөөч, хүүхдүүдээрээ арилгуул. Охин угаалгын машин дуугараад байна нэг юм нь болохоо байчиж, мэдэхгүй аавдаа хэл ээж нь завгүй байна. Нөхөр миний шүд байтугай толгой дүүрч өвдөөд байна, надад эм өгөөчээ, гүйж очиж эм олж ам руу нь шидчихээд ирж суув. Охин хүрч ирээд ээж манай сургууль дээр өнөөдөр нэг хүүхэд..., ээж нь маргааш чухал ажилтай маш завгүй байна дүүтэйгээ очиж тогло. Тэгтэл хүү хүрч ирснээ ээж, аан яасан, дэлхийгээс том солир хүрч ирээд дэлхийг мөргөвөл яахуу. МЭДЭХГҮЙ ЭЭ МИНИЙ ХӨӨ ЭЭЖ НЬ НЭГ ЮМ БИЧИЖ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, НАДААР БИТГИЙ ОРОЛДОЦГООГООД БАЙГААЧЭЭ. Тэгтэл нөхөр хүрч ирснээ халбагатай хоол аманд бариад, энэний давсыг нь амсаадах даа...

Tuesday, May 1, 2012

Стандарт

Та минь ээ. Би нэг юм асууя аа? Стандартыг бид нар худадалдаж авах ёстой байдаг юмуу? Жишээ нь би Монгол улсын ундны усны стандартыг харъя, ямар ямар бодис хэр хэмжээтэй байх ёстой юм гээд харах гэсэн юм гэвэл Стандартчилал хэмжил зүйн газраас худалдаж авах ёстой юу? 
Энд болохоор тэр стандартууд нь үнэгүй байтугай сайн хараарай үзээрэй уншаарай гээд хамаг сайт дээгүүрээ япон хэлээр байтугай англиар маш ойлгомжтой тавьчихсан байх юм. Японы Байгаль орчны яамных нь сайт дээр усных нь стандартууд мааш ойлгомжтойгоор орчуулаад тайлбарлаад тавьчихсан байгаа юм. Тэгэхэд манайд нэтээр усны стандарт хайхаар ер олигтой мэдээлэл гарч ирэхгүй, гарч ирж байгаа ганц Стандартчилалын газрын estandard.mn сайт гэсэн чинь маш ойлгомжгүй, хайсан юм гарч ирэхгүй, татаж авах гэхээр худалдаж авна уу гэчихсэн байх юм. Шал дургүй хүрээд шууд туучихсөөн усны стандартыг. Дараагийн постоороо Монгол улсын усны стандартыг орчуулгатай нь тавина аа. Энэ чинь нийтэд нээлттэй байх ёстой мэдээлэл гэж бодож байна. Ялангуяа гадаадад сурч байгаа бид чинь мэдээллийг Монголоос өөрийн биеэр очиж авахад хүндрэлтэй шд, нэтээр л хайна.  

Дахиад нэг хүнийг саваагаад

Ухаан алдаж унах шахах юмаа энэ хүмүүс нээрээ. Хэхэхэ. Инээд хүрээд байх юм. Өнөөдөр нэг Малайз охиныг саваад унагаачихсан. Япон хэлний хичээл дээр тийм болохоор тэгдэг ийм болохоор ингэдэг гэдэг өгүүлбэр үзэж байлаа. Багш улирлаар жишээ аваад, Японд 4 сар болохоор сакура дэлгэрдэг, 6 сар болохоор бороо ордог гэв. Оюутнууд ээлж ээлжээр хэлсээр яваад миний ээлж ирэхээр нь "Манай улсад 10 сар болохоор цас ордог, 12 сард -30 хүрдэг" гээд хэлчихсэн чинь хажууд сууж байсан Малайз охины 2 нүд нь орой дээрээ гараад ам нь ангайгаад "Хасах гуч аа?" гээд анги дүүрэн орилоод. Ёо миний цочсон гэж. Японоор ч асуугаад англиар ч дахин дахин асуугаад, нүд ам хоёр нь хүний гар орчихмоор яг ижилхэн хэмжээтэй болчихоод над руу хараад байх юм. Энэ халуун орны хүмүүс нээрэн хэцүү ч юмуу. Цас үзээгүй, хасах хэм гэж төсөөлөх ч үгүй, цасан хүн зур гэхээр чадахгүй. хэхэхэ.