Monday, July 25, 2011

Амраад өө...

Амарч амарч өнөөдөр л ажилдаа орж ирлээ. Нэг хэсэг ажилд яваагүй гэртээ хэвтчихсэн чинь тэр чигээрээ ажилд явмааргүй ч юм шиг санагдаад. Хүн нээрээ муу юманд их хурдан дасна шүү тийм ээ. Баярын дараах 7 хоногт гэртээ лагер дээрээ хэвтлээ дээ. Тэрэлж явж 2 хонолоо сайхан байлаа. Даанч манай нөхрийн хоолой нь өвдөж 40 хүрч халуураад. Юун цагаа олж өвддөг юм гээд үглээд л сууж байна. Хяслаантай ч юм шиг хүн жилд ганц удаа амралтаа аваад Тэрэлжид ирээд сайхан байхад чинь бүтэн жилжингээ өвдөөгүй юм байж гэнэт өвдөж халуурч хөдөлмөрийн чадвараа алдаж энэ тэр. Тэгээд төлөвлөсөн 7 хонох байснаа цуцлаад 2-хон хоноод хүрээд ирж байгаа юм. Тэгээд үлдсэн амралтын өдрүүдээ өвчтэй нөхрөө асарч өнгөрөөх болчихож байгаа юм. За за амралттай үеэр амжаад өвдөөд авсан нь зүгээр ч юмуу. Тэгэхгүй бол ид ажлын үеэр чөлөө авч нөхрөө асрах болно. Хөөрхий дөө ямар санаатай өвдсөн биш дээ. 
Энэ жил зуншлага үнэн сайхан байнаа. Хаашаа л харна ногоон дрож /ширдэг/ дэвсчихсэн юм шиг л. Хөдөө тэнэж явж байгаад Японд очоод суух байсан дотуур байрныхаа application өгөх хугацааг өнгөрөөгөөд хаясан. Та хугацаандаа анкетаа бөглөж явуулаагүй тул автоматаар хасагдлаа өөрөө байр сууцныхаа асуудлаа шийдээрэй гэсэн мэйл ирсэн байна лээ. Гэхдээ хөөрхий Японд ингэж тэгэж байр хөлсөлдөг юм гэсэн баахан гарын авлага унших юмны линкүүд явуулсан байсан. За яахав яахав, угаасаа дотуур байр нь аймаар үнэтэй юм байна лээ. Дөхүүлж байгаад байр хайна даа тэр хавиараа. Миний очих газар яг Токио биш болохоор байр сууц нь бас ч гэж гайгүй үнэтэй юм билээ. 
Яг нэг долоо хоног интернэт орохгүй, сонин уншихгүй, тв үзэхгүй байж үзлээ шд. Болдог л юм байна. Хамгийн гол нь нүд сайхан амарлаа. Ажилдаа ороод ирсэн чинь хийх ёстой ажил зүгээр л ширээн дээр овоо босгочихсон байх юм. Хөөрхий дарга маань үүнийг ингээрэй тэрийг тэгээрэй гээд баахан ажил даалгаад зарим дээр нь наадаг цаасан дээр бичээд заримыг нь имэйл бичээд үлдээжээ. Өөрөө тэгээд үнэхээр хийж бараагүй учраа тайлбарлаад хөдөө томилолтоор алга болоод өгч. Даргыгаа байхгүй үед нь би орлодог ухаантай юм. Би чинь зун амралтаа авах гэж элгийн юм болноо. Даргын хөдөө явах амрах хоногуудынх нь дундуур амралтаа шургуулдаг юм. Яагаад гэвэл бид хоёрын хэн нэг нь оффис дээрээ заавал байх ёстой. Тэгэхээр чинь үсрээд л 7 хоногийн амралт олдож байгаан. Харин ч энэ жил наадмын урт амралттайгаа 16 хоног амарлаа сайхан байлаа. Энэ ажилд орсноосоо хойш 7 хоногоос урт хугацаагаар амарч үзээгүй байсан юм. За ер нь залуу хүн тэгэж удаан амарч яах ч юм билээ дээ. Хийх ч юм олдохгүй. Гэснээс би энэ олон хоног амрахдаа шавайгаа ханатал Улаанбаатарын хэдэн дэлгүүрийг дуусгая гэж бодсон чинь амжсангүй шүү. Дэлгүүр хэсэх юмсаан. Дахиад амралтаа авмаар байна дэлгүүр хэсэх гэсэн юм гэвэл манай ажлынхан савж унах байх даа. Уг нь миний амралтын хоногууд бүтэн сар амарч хүрэхээр болчихсон байна лээ. Манайх нэг юм нь их сайхан. Сар бүр 2,5 амралтын хоног нэмэгдээд л байна. Тэгээд хэзээ ч хүссэн хугацаагаараа ажлаа зохицуулаад амарч болно. Заавал зун бүтэн сар ээлжийн амралтаа авна гэсэн юм байхгүй. Ажлаа л зохицуулж чадвал хүссэн үедээ 7 хоногоор нь эсвэл ганц хоёр хоногоор ч амралтаа аваад яваад өгч болно.      

1 comment:

би said...

Танай хүн яаасан сайхан юм.