Tuesday, May 31, 2011

Хүүхдийн баяр комисс

Хүүхдийн баяр зохион байгуулах бас бэлэгний комисст орчихсон чинь сүүлийн хэд хоног ширээнийхээ ард суух ч зав гардаггүй ээ. Гадуур албаны машинтай жолооч грушиктай л явж байдаг боллоо. Миний сонгож бэлдсэн бэлгийг манай ажлынхны хүүхдүүд таалах болтугай. Миний зохиож найруулж зохион байгуулсан хүүхдийн баярын event-ийг манай ажлынхан  таалах болтугай. Баярын дараа сонин хачин дүүрэн пост оруулнаа. 

Wednesday, May 25, 2011

Шинэ онигоо

Манай нэг хэлтэс дээр гаднаас нэг зөвлөх ирж л дээ. Мань хүнийг ажлын ойр зочид буудалд оруулж өгөх гээд манай нэг гадаад мэргэжилтэн дагуулаад ойрхон байдаг нэг буудал орсон юм байх. Тэгээд ресепшнээс нь өрөө асуусан чинь,
- Wow, two men. How many hours? гэсэн гэнээ өнөө receptionist woman. 
Ирээд өнөөх чинь ресепшн нь тэгэж хэлсэн гээд гайхчихсан бид нарт хэлээд, бид нар наана нь элгээ дараад саваад уначихлаа шд. 

Tuesday, May 24, 2011

Паркын оригналь үнэ нь

Нөхөр охин хоёр, хүү бид хоёрыг ажилдаа явсан хойгуур охины хичээл тарсныг тэмдэглэх санаатай Парк орж л дээ. Тэгсэн 22,000 төгрөгөөр 2-хон тоглоом дээр суусан гэнэ. Завин дээр суусан чинь нэг хүн 5,000 гээд хоёр хүн 10,000 болсон гэнэ. За цаашаа яваад бас нэг эргэлддэг тоглоомон дээр суусан чинь нэг хүн 6,000 гээд хоёр хүн 12,000 болсон гэнэ. Аав охин хоёр хоёулхнаа тулдаа л боллоо, хэрвээ хүү бид хоёр нэмэгдвэл 44,000-аар бид 4-үүлээ 2-хон тоглоомон дээр суух юм байна л даа. Ямар нэг баяр ёслолын 50% хямдрал зарласан үеэр нь л ирж тоглохгүй бол яг энэ оригналь үнээр нь бүх тоглоомон дээр нь тоглоно гэвэл хэцүү л юм байна.
Харин паркны дөнгөж 1/3 хувь нь л ашиглалтанд орж байгаа гэсэн гэнэ. Дахиад хашаагаа сунгаад дараагийн хэсэг рүүгээ орчихсон засвараа хийгээд эхэлсэн байна гэсэн, хэдэн ч гэнэ үү метр өндрөөс буудаг галзуу хулгана орж ирэх юм байхаа.

Thursday, May 19, 2011

Халуун ус тасарчих юмаа

Жил болгон л халуун ус бараг сар шахам тасрах юмаа. Энэ жилийнх нь эхэлчихэж. Ямар ч анхааруулга байхгүйгээр шүү. Үгүй ядаж орцны жижүүрт хэлчиж эсвэл орцны хаалган дээр зарлал наачиж болноо доо. Манай энэ хавийнх 5 сарын 15-нд тасраад 7 сарын 1-нд ирнэ гэнээ, 6 сарын 20 байж ч магадгүй. Хөдөө томилолтоор яваад халтар амьтан ирсэн чинь халуун ус байхгүй хичнээн уур хүрэв ээ. 15-нд тасалсан усныхаа тухай 18-ны сонин дээр бичиж. Бүтэн 3 хоногийн дараа. Яасан ч зохион байгуулалтгүй за за хэлэх муу үг ч алга. Урьдчилаад хэлсэн бол хамаг юмаа угааж авах байлаа, усанд хаана орохоо төлөвлөх байлаа гэх мэт.
Ер нь яагаад жил болгоны зун халуун ус тасардаг юм бэ. За тасалж байгаад өвлийн засвар үйлчилгээ хийдэг юмаа гэхэд заавал яагаад бүтэн сараар нь тасалдаг юм бэ? Үсрээд 7 хоног тасалж болдоггүй юмуу. Энэ чинь хүний тав тух алдагдуулж байгаа хэрэг мөн биз дээ. Сүүлийн хэдэн жил "Бүтэн сар халуун ус таслах кампанит ажил" зун болгон болдогтой бүүр эвлэрч байх шиг байна.
 

Monday, May 16, 2011

Энд бас ийм мэдээлэл байна

Энэ блог дээр цөмийн хаягдал Монголтой холбоотой талаар бүр илүү их мэдээлэл байна.
Амарлин

Ер нь ийм яриа болохын хувьд болсон юм байна

Майничи сонины сурвалжлагчтай Өдрийн сонин ярилцжээ. Энэ хүн цөмийн хаягдлыг хадгалах талаар хийх гэж байж болзошгүй гэрээний тухай судлахаар Монголд 4 сард ирээд явсан юм байна. Монголын талаас гэрээ хийхийг зөвшөөрсөн юм одоохондоо байхгүй харин АНУ манайхыг маш их ятгаж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Блогспот болохгүй байснаас бас хөдөө явснаас болж оройтож мэдээг оруулж буйдаа хүлцэл өчье. 

Tuesday, May 10, 2011

Япон Америк хоёр Монголд цөмийн хаягдал булах газар байгуулах гэж байна

Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Яам, Америкийн Эрчим хүчний Газар хоёр цөмийн хог хаягдлыг агуулах анхны олон улсын байгууламж Монголд барихад хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан нь одоо бараг л бүтээд байгаа юм байна. Энэхүү нууц гэрээг бүгд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд буй талаар Майничи-д өгсөн ярилцлагаар ил тод болжээ. Гэрээний хариуд Монголд атомын цахилгаан станц барьж өгөх гэнэ. 
Франц Орос зэрэг цөмийн технологи өндөр хөгжсөн орнууд атомын цах станц барьдаг зах зээлд түүхий эдийг нь давхар хангаж өгдгөөрөө АНУ Япон хоёроос нэг алхмаар түрүүлээд байсан бол харин одоо энэ хоёр атомын цах станцыг хаягдлыг нь зайлуулах системтэй нь хамт хийж өгөх цогц үйлчилгээ үзүүлснээр нөгөө хоёроосоо хол тасрах ажээ. Японы эдийн засагт гадаадын улс орнуудад атомын цахилгаан станц барьж өгдөг бизнес томоохон хувь эзэлдэг юм байна. Учир нь ганц реактор л гэхэд хэдэн зуун тэрбум иен хүрдэг гэнэ. 
Дээрх нууц гэрээг өнгөрсөн оны 9 сард АНУ-ын Эрчим хүчний нарийн бичиг Даниел Понеман гэдэг хүний санаачлагаар эхэлсэн бөгөөд энэ 2-р сард талууд Вашингтон хотноо гарын үсэг зурах байжээ. Гэвч Японы Худалдаа аж үйлдвэрийн яам энэхүү гэрээг засгийн газраараа хангалттай сайн хэлэлцээгүй гэжээ. Гэтэл ч 3 сарын 11-ний газар хөдлөлт цунами болов. Үр дүнд нь гарын үсэг зурах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Нэг инээдтэй юм хэлчих үү

Өчигдөр манай ажлын нэг хүн бид нараас "ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД" гэхийг англиар юу гэх вэ, хэлээдэх дээ гэлээ. Industrialized countries, developed countries, highly developed countries гээд л баахан юм хэлсэн чинь үгүй гээд толгой сэгсрээд байх юм. Юу гээд байгаан бэ, ингэж л хэлдэг шд гэсэн чинь үгүй ээ гэснээ,
- HIGH FUNNY BEDS
гэж авдаг юм. Татаж унатлаа хөхрөлдлөө шд.

Friday, May 6, 2011

Таксины сонин хачин

Аль дээрээс таксинд суусан сонин хачнаасаа бичье гэж бодоод байсан юм. Янз бүрийн л машин янз бүрийн л жолооч байх юмаа. 

Аймаар үнэртэй такси

Нэг жижиг япон тэрэг ирж зогсов оо. Хаалгыг нь онгойлгоод суутал нээг их муухай хөлс ч юмуу хулмас ч юмуу нэвширсэн муухай үнэр. Их хүйтэн өдөр байсан юм, үхтлээ даарч байсныг хэлэх үү, машинд суугаад дулаацна даа гэж бодож байсан чинь дулаацах манатай шууд цонхыг нь онгойлгож агаар амьсгалж билээ. Бас энэ үнэрээс болж дотор муухайраад бөөлжвөл цонхоор л бөөлжихөөс гэж бодсон. Нөгөө жолооч нь даарсан уу яасан "Цонхоо хаахгүй юмуу хүйтэн байгаа юм биш үү" гэхээр нь "Зүгээр зүгээр би бүгчимдэж чаддаггүй юм" гэж нэрэлхээд байгаа юмаа. Тэгээд буух газраа ирээд мөнгөө өгч байхдаа яаж дуугүй буучихав дээ "Та машиндаа нэг салхи савир оруулахгүй бол аймаар үнэртэй юм байна шүү" гэчихсэн. "Тийм байна уу" гээд нээг их том хараад л үлдсэн. Хэрвээ энэ таксинд гадаад хүн суусан бол яанаа. Шууд Монголын такси нь аймаар үнэртэй бөөлжис цутгамаар гэж л ярина шдээ.

Wednesday, May 4, 2011

Америкт "Махгүй Даваа гариг" хэрэгжиж байна

Уг нь энэ арга хэмжээг анх 2003 онд Жон Хопкинсийн Анагаахын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тасгийн дэмжлэгтэйгээр санаачилсан боловч одоо л дөнгөж Америк даяар хүчтэй явагдаж байгаа юм байна. Америкийн засгийн газрын "Эрүүл иргэд - 2010" хөтөлбөрт Америкчуудыг жилд хэрэглэдэг ханасан өөх тосоо ядаж 15 хувиар буулгахыг уриалжээ.
"Махгүй Даваа гариг" кампанит ажил нь байгууллагын цайны газрууд болон эмнэлэгт Даваа гаригт махгүй цагаан хоол өгч байх зорилготой юм. Анх 900 эмнэлэг дээр хэрэгжүүлсэн энэ арга хэмжээнд Toyota, Northern Trust bank, Америкийн Төрийн Департамент  зэрэг 3000 гаран томоохон байгууллагууд болон эмнэлгүүд нэгдээд байна. Бүр зарим газрын тогооч нар нь цагаан хоол хийх сургалтанд суух болжээ.  

Амьд аварга загас үхсэнээсээ хэдэн мянга дахин их орлого оруулдаг

Номхон далайн арлын Палау улсад далайн усандаа байгаа аварга загас бүхэл амьдралынхаа туршид 1,9 сая ам долларыг түүнийг үзэх гэж ирдэг жуулчдын орлогоос олдог ажээ. Энэ нь түүнийг агнаж "Аварга загасны сэрвээний шөл" хэмээх сүүлийн үед Ази номхон далайн орнуудад алдаршаад байгаа хоол хийснээс 17'000 их орлого оруулж байна гэсэн үг хэмээн энэ судалгааг хийсэн Австралийн Далай судлалийн нийгэмлэгийнхэн хэлсэн байна. 
"Аварга загасыг сая долларын үнэтэй биологийн төрөл зүйл гэж хэлж болно. Тэд их удаж байж нас биед хүрдэг нь удаан нөхөн үржихэд хүргэдэг тул удахгүй дэлхий даяараа энэ загасыг агнахыг хориглох байх. Харин бидний судалгаа түүнийг агнаснаас жуулчдыг татах хөшүүрэг болгон ашиглах нь хэдэн мянга дахин үнэтэй гэдгийг харуулж өглөө" гэж Австралийн Далай судлалын нийгэмлэгийн судлаач Марк Меекан хэлжээ. 
Судалгаагаар, аварга загас дээр тулгуурласан аялал жуулчлал энэхүү арлын улсын төсөвт жилд 18 сая ам долларын орлого оруулж өгдөг нь ДНБ-ых нь 8%-ийг эзэлж байгаа ажээ. Энэ нь тус бүс нутагт буй аварга загас бүр жилд 180,000$-ийн орлого оруулж байна гэсэн үг юм байна. 
Сүүлийн жилүүдэд загасчлал хэт нэмэгдсэн, санамсаргүйгээр хороогдох, мөн алдарт "Аварга загасны сэрвээний шөл" зэрэг хүчин зүйлээс болж зарим төрлийн аварга загасны тоо толгой 90%-иар хорогдоод байна. Зөвхөн түүний сэрвээг авч ашиглахын тулд жилд 38 сая аварга загасыг ангуучилдаг ажээ.
Палау улс 2009 оноос аварга загас агнахыг бүрмөсөн хориглож өөрсдийн бүс нутгийг аварга загасны хоргодох газар хэмээн зарласан юм байна.

Monday, May 2, 2011

Алиалагч Батсүх таалал төгсжээ

 
Алиалагч Батсүх гуайг нас барсныг өнөөдрийн сонин дээрээс олж харлаа. Хэн ч байсан тэгээд хорвоо мөнх бус гэдгийг харуулаад л яваад өгөх юм даа.  Бидний үед энэ хүнийг л харж инээж баясч энэ хүнээр л циркийг төсөөлдөг байж билээ. Хичнээн хүнд инээд баясал бэлэглэж баярлуулж явсан юм бэ дээ. Та зөвхөн Монголдоо бус дэлхийд алдартай урлагийн хүн болж дахин төрөөрэй.  
Ум ма ни бад ми хум.