Thursday, February 23, 2012

Хоккайдо - Төрийн нууц

Сая нэг хэсэг даалгавраа хийх гэж манаргаж явахдаа нэг сонин зүйл олж мэдлээ. Анх Хоккайдогийн тухай бодохдоо Японы мал аж ахуй газар тариалангийн гол бүс нутаг гэдэг л ойлголттой байлаа л даа. Бас цанын бааз, аялал жуулчлалын бизнес хөгжсөн газар гэж ойлгож байлаа. Эдний ТВ-гээр нь дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн нэвтрүүлэг бараг байнга гардаг юм. Эфирийнх нь бараг 70 хувь эзэлдэг байж магадгүй. Хэн нэгэн алдартай одоо аль нэг газар луу явуулаад л хоолыг нь идүүлж ооший /амттай/ гэж орилуулаад л үзэж харж болох юм болгоныг нь үзүүлж суугооё /гайхалтай/ гэж орилуулаад л. 
Би хүйтэнд ажилладаг цэвэрлэх байгууламжийн мэдээлэл хайж байгаад нээрэн эдний Хоккайдо чинь манайхтай бараг л адилхан цаг агаартай, эд нар Хоккайдодоо юу хэрэглэдэг юм бол гэж бодоод багшаасаа асуулаа л даа. Нэтээр хайгаад ерөөсөө мэдээлэл олдохгүй байсан юм. 
-Сэнсэй. Хоккайдогийн төв цэвэрлэх байгууламж нь яаж ажилладаг юм бэ? Манайхтай цаг агаар адилхан болохоор надад их сонин байна. 
-Уучлаарай Наран сан. Манай Хоккайдотой холбоотой мэдээлэл улсын нууц байдаг юм.
-?
-Тийм ээ. Чи мэдэх байлгүй дээ. Оросууд манай Хоккайдог авахыг байнга хүсдэг. Тиймээс бид Хоккайдотой холбоотой бүх үйлдвэрлэл технологийн мэдээллийг нууцалдаг юм. Нэмж хэлэхэд, Хоккайдо хэдийгээр хөдөө аж ахуйн нутаг ч гэсэн дан ганц фермийн аж ахуйгаар амьдрахад хэцүү. Тийм учраас Японы засгийн газраас маш их мөнгө гаргаж Хоккайдог ивээн тэтгэж байдаг. Тэнд бараг л хүчээр хүмүүсийг байлгаж амьдруулдаг гэхүү дээ. Тийм учраас бид Хоккайдотой холбоотой ямар нэг зүйлд их эмзэг ханддаг юм. 
-Ойлголоо.

Tuesday, February 21, 2012

Сар шинийн мэнд хүргэе!

Охиноо хичээлээс нь тарж ирэхээр бид 3 дэлгүүр явж битүүлгийнхээ юмыг цуглуулъя даа. Муугийн ёс биш Монголын ёс байна даа битүүрэхгүй бол болохгүй шүү дээ. Дэлгүүр гэснээс эндэхийн дэлгүүрүүд их сонин шүү. Ганц км-ын зайтай хоёр өөр дэлгүүрт яг ижилхан хүнсний бараа бараг 3 дахин хямд эсвэл үнэтэй байдаг юм. Анх энэ хавийн дэлгүүр орж үзээд сэтгэл санаагаар унаад яг өлсөж үхэх юм шиг санагдаж байсан чинь хятад оюутнууд энэ хямд дэлгүүр зааж өгөөд. Тэрнээс хойш Японд амьдарч болмоор юм байна гэж хэлж нөхрөө инээлгэж байлаа. Бас 100 иений хүнсний дэлгүүр олоод нэг их чухал юм олчихсон юм шиг бөөн баяр болж билээ. 
За тэр яахав ээ. Дараа би Япон дэлгүүрийн тухай зурагтай пост хийнээ. Хүмүүст сонин байж магадгүй. 
Та бүхэн элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Monday, February 20, 2012

Монголд цөмийн хаягдал булах уу?

"Манай оронд цөмийн хаягдлаа булъя аа? Хариуд нь хэдийг өгөх юм? Пөөх тийм үү? Миний хувь хэд юм? Пөөх тийм үү? Хаана булах вэ гэж үү? Хаашаа л харна хоосон газар байгаа биз дээ." 
Нэг иймэрхүү яриа энэ Засгийн газрын ордон дотор сууж байгаа 76 эргүү цадахаа мэддэггүй үхрүүд болон тэднийг тойрон хүрээлэгч мөнгөний төлөө үр хүүхдээ ч зарж идэж чадах албин чөтгөрүүдийн аль нэгнийх нь амнаас гарсан л болж таараад байна даа. Заримдаа манай улсыг хэн удирддаг вэ, яавч Монгол хүн биш ээ гэж бодогдох юм.

Wednesday, February 15, 2012

Гар барья

Нөгөө зодолдсон охин нь өнөөдөр жижигхэн цаасан дээр гар барьж байгаа зураг зураад нэг охиноор өгүүлсэн гэнээ. Тэгээд хичээлийн завсарлагаанаар хоёр талаасаа урвайсан ярвайсан хоёр амьтан бие бие рүүгээ харж зогсоцгоож байснаа писхийтэл инээлдээд тойрч зогссон ангийнхан нь бөөн баяр хөөр болоод бүгд амар сайхандаа жаргасан юм байхаа. 
Хүүхдүүд ээ гэж хөөрхөн ч юмаа даа. 

Tuesday, February 14, 2012

Зодоон

Охин хичээлээсээ нүүр ам нь улайчихсан ирлээ. Яасан гэсэн зодолдсон гэнээ. Ангийнх нь нэг охин эртнээс л хажуугаар нь гарахдаа шүргээд түлхээд л байдаг байсан гэнэ. Тэгсэн өнөөдөр тэсэхээ байгаад дэлбэрсэн юмуу хаашаа юм гэнэт миний охиныг түлхэж унагаад "This is Japan. No English. No Mongolia" гээд хөл рүү нь өшиглөсөн гэнээ. Тэгэхээр нь манай охин үсэрч босч ирээд өнөө охиныг чинь хананд шахаж багалзуурдаад "I'm Mongolia. English OK! Mongolia OK! Ok?" гээд хөл рүү нь эргүүлж өшиглөөд тэгснээ хоёулаа үсдэлцэж аваад орилж чарлалдаад зодолдоод ангийнхан нь сандарч салгах гэж хашгиралдаад дундуур нь орж ноцолдоод бүр ангиасаа хальж корридортоо гараад ангийнх нь тал хүүхдүүд багшийгаа дуудахаар гүйлдээд "Сэнсэй. Иттэ иттэ. Хаяакү Хаяакү"/Багшаа, ирээрэй хурдлаарай/ гэж сургуулиараа нэг хашгиралдаад хажуу ангийн хүүхдүүд ангиасаа шагайж харцгаагаад бөөн юм болсон юм байхаа. Багш нь хар хурдаараа гүйж ирж зодооныг нь салгаад ангийнх нь хүүхдүүд өнөө япон охиныг багшдаа ховлоцгоогоод багш нь өнөө охиныг манай охиноос уучлал гуй гэсэн чинь гүрийгээд гуйхгүй байсан гэнэ. Тэгсэн багш нь уурлаад захирлын өрөө рүү чирээд аваад явсан гэнэ. Манай охин шарандаа баахан уйлаад ангийнхан нь аргадаж бөөн юм болсон юм байхаа. 
Охин жаахан англи хэлтэй, багштайгаа ойр зуурын юмаа  бас ангийнхаа ганц хоёр англи хэлтэй хүүхдүүдтэй харьцаад ойлголцоод байдаг юм, түүнд нь атаархсан юм болов уу.  Эсвэл японоор ярихгүй болохоор нь уур нь хүрээд арьс өнгөний үзэл гаргаж байгаа санаатай юмуу болов уу. 
Монгол руу аавд нь "Охин өнөөдөр сургууль дээрээ зодолдсон байнаа" гэсэн чинь шууд өөдөөс "Миний охин дийлсэн үү?" гэнээ. Ёооё энэ эрчүүдэд тэр эцсийн үр дүн нь л сонин болохоос хэнтэй яагаад зодолдсон энээ тэрээ нь огт сонин биш байдаг юм байх даа.  

Monday, February 13, 2012

Ойрын сонин сайхан

Японы засгийн газар хямралд ороод байна уу, эсвэл ер нь хааяа ингэдэг нь яг над дээр таарчихав уу. Миний сарын стипендийг 8000 иенээр бууруулчихаж. Ганц минийх биш л дээ, Японы засгийн газрын тэтгэлэг буурч байгаа тул ADB бас ингэж бууруулж байгаа юм гэнэ. Сургуулиар дүүрэн гадаад оюутнуудын шуугиан. Олон жил мастер докторт сураад сурчихсан хал оюутнууд "Өө тэгдэг юм. Байнга буурсаар байгаан. Анх бүр сард 200,000 иен байсан гээд бод доо" гээд нэг их цочирдож хүлээж авахгүй байгаан. Мань мэтийн шинэковууд нь учиргүй сэтгэл санаагаар унадаг байна шүү. 
Нэг франц оюутанд хямдхан хүнсний дэлгүүр зааж өгсөнд баярласандаа нулимс унагаах шахлаа шд хөөрхий минь. Ирээд ганц сар л болж байгаан. "Би анх ирээд юмны үнэнд нь шоконд ороод. 4-хөн ширхэг жүрж 5 евротой тэнцүү үнэтэй байхыг хараад олигтой идэх юм ч худалдаж авч чадахаа байчихсан байсан юм. Ийм дэлгүүр байдгийг мэдээд Японд амьдарч болмоор санагдаж байна" гэж байгаа юм чинь. Ёоо энэ Японы үнэ хөөрхий франц охиныг хүртэл шоконд оруулсан байна шүү. Би ганцаараа шоконд ордоггүй л юм байна хихихи.
Нөхөр Монгол руу 7 хоног аялан тоглолтоор явчихсан. Нөгөө хэдэн солонгосууд нь өдөр шөнөгүй утасдаад замын зардлыг чинь бүх зардалтай нь төлье ганц 7 хоног ирээд туслаад өгөөч гээд гуйгаад байхаар нөхөр онгироод алга болоод өгсөөн. Цагаан сарын өмнө ажил хөөцөлдөөд явж байдаг та хэдээс өөр хүн байхгүй дээ гэсэн зүгээр зүгээр гээд л алга болж өглөө шд. Ирэхэд нь бөөн ном дэвтэр захисан улс л үлдлээ. Энд чинь элементийн дэвтэр байхгүй, хэдэн дэвтэр захиж хүүгээ гарыг нь зүгшрүүлэх дасгал хийлгэх, бас охиноо монгол хэлийг нь давтуулж бичгийн хэвийг нь алдуулахгүй байлгахгүй бол япон хэл гэж тэмдэг үсэг бичсээр байгаад бичгийн хэвгүй болох нь.
Нээрэн бас машинд дайруулахаа шахаад. Ямар азаар энэ японы машинууд нь ногоон гэрлээр ухасхийгээд дайрдаггүй юм, тэр тулдаа л зүгээр өнгөрлөө. Монголд би ийм авир гаргасан бол шууд бялцга болохгүй юу, еэ бурхаан. Машин руу харсан гэрэл улаан байхаар нь хүний гэрэл ногоон байгаа гэж бодоод дугуйтайгаа зам руу ороодохсон чинь шууд машины ногоон асчихдаг гэж байна шд. Бантсандаа замын голд зогсоод буцаад дугуйгаа чирээд ухардаг байгаа. Хоёр талаас ганц ч машин хөдлөхгүй намайг харцгаагаад байгаан. Тэгээд хичнээн ногоон гэрэл нь асаастай байгаа ч намайг буцаад замын цаана гарсан хойно хөдөлцгөөж байгаа байхгүй юу. Тийм хөөрхөн шдээ хайр хүрмээр. Ёо монголд ногоон гэрэл асаа л бол машинууд уралдаанд орж байгаа юм шиг л хаазаа гишгээд ухасхийцгээнэ шүү дээ, юун тэр зам гарч амжаагүй явган хүн энээ тэрээ бол хамаа байхгүй. Эдний бас нэг анзаарууштай сайхан юм нь, явган хүний ногоон гэрэл асч дуусаад нилээн удаж байж машины ногоон гэрэл асдаг юм. Манайд шууд автоматаар зэрэг солигддог шд тээ. Зам гарч амжаагүй явган зорчигчид дайруулж үхээрэй гэж байгаа юмуу хаашаа юм.
За их юм бичиж чадахгүй нь ээ. Би уг нь их завгүй байгаа байхгүй юу. Ойрд нэт ороогүй байж байгаад шагайсан чинь миний 10 жилийн дурсамжийн маань эзэн Whitney Houston нас барчихсан байх юм. Миний үеийнхний 10 жилийн дурсамж шууд сэргэнэ дээ дууг нь сонсвол. Ум ма ни бад ми хум. Хойд төрөлдөө сайн ханьтай учраарай гэж ерөөе.