Thursday, July 28, 2011

Солонгосын бороо

Нөхрийн найз Солонгос залуу ярьж байна. "Энд аймшигтай бороо ороод үер болж байна" гэхээр нь өөдөөс нь "Танайд бороо орж л байдаг биз дээ. Одоо яг борооны үе нь эхэлчихсэн байгаа биз дээ" гэсэн чинь "Үгүй ээ, аймаар бороо гээд байхад чинь. Бүр хүн үхээд байна за юу" гээд. Тэгэхээр нь нэт ороод харсан чинь нээрэн аймаар бороо ороод Хан мөрөн нь үерлээд байгаа юм байна шдээ. 
Сая хавар даа UBS телевизээр гараад байгаа Ногоон ирээдүй зорилтот эко шоуны нэг нэвтрүүлгээр Солонгосын өөрсдийн хийсэн нэг баримтат кино үзүүлж байсан юм. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт улс оронд яаж нөлөөлж байгаа тэр тусмаа Солонгост яаж нөлөөлөх тухай байсан санагдана. Тэндээс миний ой тойнд хамгийн тод үлдсэн нь дэлхийн цаг уур энэ чигээрээ ингэж өөрчлөгдөөд байвал 2050 он гэхэд Сөүл хот амьд хүн амьдрах аргагүй халуун, далайн эргийн хотууд нь байн байн асар хүчтэй хар салхинд цохиулдаг улс болно гэж байсан. Саяны энэ хүчтэй бороо үерний тухай сонсонгуут шууд тэр кино санаанд ордог байна шүү. 
Ер нь сүүлийн үед байгалийн гамшигийн тоо давтамж ба хүч нь 50 дахин нэмэгдсэн гэж хаанаас ч билээ уншиж байсан санаанд орчихлоо.  

Wednesday, July 27, 2011

Уймраа хүн

Би нээрээ сайхан уймарч байнаа. Ажлаа бодож явж байгаад 00 ороод бие зассан чинь гадуур нь асгараад уналаа. Гайхаад эргээд харсан чинь таглаатай 00-ын таглааг нь сөхөлгүй тэр чигээр нь шээчихсэн байх юм. Орж ирээд таглаатай байгааг нь хараагүй л байгаа юм даа. Битгий хүн шоолоод байгаарай. Ажилдаа түүртсэн уймарсан хүн л байгаа биз. Та нар бас ингэвээ гэсэндээ хэлж байгаа юм.

Ажлын зар

Нэгхэн өдрийн сонин дээр гарсан ажлын заруудыг би залхууралгүй бичье гэж бодлоо. Хайран сайхан залуус ажил олдохгүй Солонгос явна гээд оочёрлож байгааг сонсохоор уур ч хүрэх шиг ичих ч шиг өмнөөс нь.

Monday, July 25, 2011

Амраад өө...

Амарч амарч өнөөдөр л ажилдаа орж ирлээ. Нэг хэсэг ажилд яваагүй гэртээ хэвтчихсэн чинь тэр чигээрээ ажилд явмааргүй ч юм шиг санагдаад. Хүн нээрээ муу юманд их хурдан дасна шүү тийм ээ. Баярын дараах 7 хоногт гэртээ лагер дээрээ хэвтлээ дээ. Тэрэлж явж 2 хонолоо сайхан байлаа. Даанч манай нөхрийн хоолой нь өвдөж 40 хүрч халуураад. Юун цагаа олж өвддөг юм гээд үглээд л сууж байна. Хяслаантай ч юм шиг хүн жилд ганц удаа амралтаа аваад Тэрэлжид ирээд сайхан байхад чинь бүтэн жилжингээ өвдөөгүй юм байж гэнэт өвдөж халуурч хөдөлмөрийн чадвараа алдаж энэ тэр. Тэгээд төлөвлөсөн 7 хонох байснаа цуцлаад 2-хон хоноод хүрээд ирж байгаа юм. Тэгээд үлдсэн амралтын өдрүүдээ өвчтэй нөхрөө асарч өнгөрөөх болчихож байгаа юм. За за амралттай үеэр амжаад өвдөөд авсан нь зүгээр ч юмуу. Тэгэхгүй бол ид ажлын үеэр чөлөө авч нөхрөө асрах болно. Хөөрхий дөө ямар санаатай өвдсөн биш дээ. 
Энэ жил зуншлага үнэн сайхан байнаа. Хаашаа л харна ногоон дрож /ширдэг/ дэвсчихсэн юм шиг л. Хөдөө тэнэж явж байгаад Японд очоод суух байсан дотуур байрныхаа application өгөх хугацааг өнгөрөөгөөд хаясан. Та хугацаандаа анкетаа бөглөж явуулаагүй тул автоматаар хасагдлаа өөрөө байр сууцныхаа асуудлаа шийдээрэй гэсэн мэйл ирсэн байна лээ. Гэхдээ хөөрхий Японд ингэж тэгэж байр хөлсөлдөг юм гэсэн баахан гарын авлага унших юмны линкүүд явуулсан байсан. За яахав яахав, угаасаа дотуур байр нь аймаар үнэтэй юм байна лээ. Дөхүүлж байгаад байр хайна даа тэр хавиараа. Миний очих газар яг Токио биш болохоор байр сууц нь бас ч гэж гайгүй үнэтэй юм билээ. 
Яг нэг долоо хоног интернэт орохгүй, сонин уншихгүй, тв үзэхгүй байж үзлээ шд. Болдог л юм байна. Хамгийн гол нь нүд сайхан амарлаа. Ажилдаа ороод ирсэн чинь хийх ёстой ажил зүгээр л ширээн дээр овоо босгочихсон байх юм. Хөөрхий дарга маань үүнийг ингээрэй тэрийг тэгээрэй гээд баахан ажил даалгаад зарим дээр нь наадаг цаасан дээр бичээд заримыг нь имэйл бичээд үлдээжээ. Өөрөө тэгээд үнэхээр хийж бараагүй учраа тайлбарлаад хөдөө томилолтоор алга болоод өгч. Даргыгаа байхгүй үед нь би орлодог ухаантай юм. Би чинь зун амралтаа авах гэж элгийн юм болноо. Даргын хөдөө явах амрах хоногуудынх нь дундуур амралтаа шургуулдаг юм. Яагаад гэвэл бид хоёрын хэн нэг нь оффис дээрээ заавал байх ёстой. Тэгэхээр чинь үсрээд л 7 хоногийн амралт олдож байгаан. Харин ч энэ жил наадмын урт амралттайгаа 16 хоног амарлаа сайхан байлаа. Энэ ажилд орсноосоо хойш 7 хоногоос урт хугацаагаар амарч үзээгүй байсан юм. За ер нь залуу хүн тэгэж удаан амарч яах ч юм билээ дээ. Хийх ч юм олдохгүй. Гэснээс би энэ олон хоног амрахдаа шавайгаа ханатал Улаанбаатарын хэдэн дэлгүүрийг дуусгая гэж бодсон чинь амжсангүй шүү. Дэлгүүр хэсэх юмсаан. Дахиад амралтаа авмаар байна дэлгүүр хэсэх гэсэн юм гэвэл манай ажлынхан савж унах байх даа. Уг нь миний амралтын хоногууд бүтэн сар амарч хүрэхээр болчихсон байна лээ. Манайх нэг юм нь их сайхан. Сар бүр 2,5 амралтын хоног нэмэгдээд л байна. Тэгээд хэзээ ч хүссэн хугацаагаараа ажлаа зохицуулаад амарч болно. Заавал зун бүтэн сар ээлжийн амралтаа авна гэсэн юм байхгүй. Ажлаа л зохицуулж чадвал хүссэн үедээ 7 хоногоор нь эсвэл ганц хоёр хоногоор ч амралтаа аваад яваад өгч болно.      

Sunday, July 17, 2011

Хөвсгөл аяллын тэмдэглэл

Хөвсгөл явсан зургууд. Хүмүүс яагаад тийшээ явдгийг ойлгосон. Эх орноороо бахархаад бахархаад үнэндээ ханаагүй.

Wednesday, July 13, 2011

Өмнөговь аяллын тэмдэглэл

Хэдэн сайхан зураг хуваалцая Өмнөговь явсан зурагнууд.

Monday, July 11, 2011

Хүй долоон худаг

гэдэг чинь ийм гоё газар байдаг юмуу? Манай хүн жилийн жилд л наадмаа зохион байгуулна гээд гүйгээд явчихдаг, би 2 хүүхдээ хараад наадмын 3 өдөр гэртээ нам суудаг байхгүй юу. Энэ жил харин ёстой эсэргүүцэл үзүүлээд бид 3-ыг тэр Хүй долоон худаг руугаа авч явахгүй бол бараг сална гэж байж явлаа. Өнөө өглөө /11-ний өглөө/ хувцсаа өмсөөд бэлдээд байж бай би машин аваад ирье гээд бид 3 бөөн баяр. Тэгээд явлаа даа тэр газар луу чинь. 
Өдий хүртэл тийшээ чинь явж үзээгүй шд. Ямар ч сайхан уудам ногоон тал хөндий вэ. Яасан ч сайхан агаар устай юм. Өвсний үнэрт нь хамар сэтрэх гээд л. 
Даан ч азарганы уралдаанаас хоцорчихсон. Гэхдээ л сэтгэл маш хангалуун байлаа. 

Saturday, July 9, 2011

Урт удаан амралт + Цэцэг услах = ?

Наадмаар 14, 15-ны ажлын өдрөө өнөө маргааш шилжүүлээд нэгмөсөн бүтэн долоо хоног амрахаар болжээ. Уг нь сайхан л юм, амралтаа авч чадахгүй байгаа мань мэтэд нь. Даанч нэг асуудал байнаа. Энэ олон хоног амрахаар чинь цэцэгнүүд маань хатаад мажийчих гээд байдаг. Гэртээ аваад харьчихая гэхээр хэтэрхий олон. 
Тэгээд эцсийн эцэст шаварт унасан шарын эзэн гэдэг шиг би амралтын өдрүүдийн дундуур ирж цэцэгнүүдээ харж хандахаар болов. Манай ажлынхан бүгд цэцэгнүүдээ коридортоо гаргаад тавьчих юм. Би ирэхээрээ бүгдийг нь усална. 
Бусад албан газрууд яаж шийдэж байгаа юм бол доо. Сайхан наадамлаж наадамлаж иртэл хамаг цэцэг нь хатаад үхчихсэн байвал ямар олиг байх вэ дээ тийм ээ хө.

Thursday, July 7, 2011

Өнөөдөр

Бүрэн дүүрэн ч гэхэд хэцүү үгүй ч гэхэд хэцүү ажлын өдөр байлаа. Өглөөнөөс хойш бүтэн өдрийн workshop-д суулаа. Групп болж хуваагдаад баахан л худлаа ярьцгаалаа, яриагүй ч сэдэв алга, хүний хөгжлийн илтгэл, агаарын бохирдол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, даатгалын систем гэх мэт. Яг үнэнийг хэлэхэд workshop надад нэг их таалагддаггүй юм. Жишээ нь энэ нэг Вашингтоноос ирсэн нөхөр худлаа бид нарыг групп болгож хуваагаад баахан discussion хооронд нь хийлгэж хийлгэж баахан юм бичүүлж бичүүлж яриулж яриулж хамгийн сүүлд нь үдээс хойш өөрөө 30-хан минутын лекцерхүү пресентаци хийчээд /тэр нь хэтэрхий ойлгомжтой мэдээжийн юм/ за боллоо миний workshop-д маш идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа гээд л тарж байгаа юм. Үр дүн нь ч юу юм, бид нар юу ч сурж авсан юм бүү мэд. Хоол идэнгээ ярьдаг юмаа хурлын зааланд ширээ тойрч суугаад english дээр л ярьцгаах шив дээ. 
Энэ нөхрийг хэдэн төгрөгөөр хөлсөлж хаа байсан АНУ-аас чирж ирсэн юм бүү мэд. Би ч яахав, идэхэд уурганы морь юм болохоор цайны завсарлагын тоортнуудыг нь л гөвж суув. Хааяа бас нэг амаараа дүүрэн идэх юм чихээстэй тэрийг яах юм энийг яах юм гэж хашгирчихаад л. Workshop ч гэж нэг иймэрхүү л юм болдог юм дөө.  

Wednesday, July 6, 2011

Fashion

Ээмэгтэй хүн юм болохоор шуналтай гэж жигтэйхээн. H&M-ийн сайт үзэж байгаад өдөр тутмын палаажнууд нь таалагдаад болохгүй болохоор нь нааш нь чирээд ирлээ. Ганц хоёр кардиган ч байгаа байх. Бүсгүйчүүдээ наашаа суугаад жаахан нүдээ хужирлацгаая. Энэ загварууд нь бусад орны салбарт нь нэг их байдаггүй юм байна. Зөвхөн Англи дахь дэлгүүрт нь л байдаг юм байна. Бас үнэ нь солиотой хямдхан. Манайд байсан ч болоосой.

Monday, July 4, 2011

Хашаалсан газар

Хөдөө юм тарьж байгаа улс газраа хашаалаад малчдын хараалыг бардаг юм. Би зөв гэж боддог. Яагаад гэдгийг та бүхэн доорхи зурагнаас хараарай.

Friday, July 1, 2011

Тахианы вант улс-2

Байр
Тахианы байр нь өөрөөс нь хэт өндөр жишээ нь хүний өндөрт тааруулсан байж болохгүй. Намхан тэгээд бас төөрдөг байшин, тоглоомын талбай шиг байвал тахиандаа их тааламжтай байдаг юм. Манай тахианууд байраа ерөнхийд нь хоолны өрөө, унтдаг өндөглөдөг өрөө, тоглодог өрөө гээд хуваачихсан байсан. Тоглодог өрөөнд нь дээд давхар луугаа гардаг шат мат байдаг юм. Дүү бид хоёрт манай тахианы байр нэг их гоё том хүүхэлдэйн байшин шиг санагддаг байж билээ.