Monday, April 11, 2011

Улсын эмнэлэгт төлбөртэй үйлчлүүлэх нь

Түрүүчийн бичлэг дээр улсын эмнэлэгт ажилладаг эмч найзынхаа цалинг сонсоод өвчтнийхөө өгсөн мөнгийг авахгүй бол үнэхээр аргагүй юм байна даа гэж бодож билээ. Би ч өөрөө өгч байснаа мэдэхгүй хөөрхий муу найзыгаа тоглоомоор ч гэсэн авлига аваад байна уу гэж шоглосондоо гэмшив.
Би 2006 онд 2 дахь хүүхдээ буюу одоо энэ өвдчихөөд байгаа хүүгээ гаргасан юм. Тэр үед манайх хороололд байсан болохоор би Эх нялхаст төрөх нь тэгээд бас эхний хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн болохоор төлөвлөгөөт хагалгаагаар төрөх нь тодорхой болчихсон байлаа.
Сарын сайныг саатан хүлээж гэдэг шиг календарь дээрээс харж байгаад зуны дунд сарын шинийн хэдэн ч билээ Дашнямтай өдрийг сонгоод за энэ өдөр л хагалгаанд оръё гэж бүрэн дүүрэн шийдээд 36 неделтэйгээсээ бэлдвээ. Эмч найзаараа яриулсан, урьд нь төрсөн ээж нарын туршлагаас /уг нь би 2-хон жилийн өмнө охиноо 1-р төрөхөд төрүүлсэн мөртлөө туршлага дутаад сохор зоос ч өгөөгүй, угаасаа бие маш тааруу эмч нарын шуурхайгаар ороод яаралтай хагалгаанд орсон юм/ мөнгө л өгөхгүй бол хүн биш шүү гэж мэдэж байсан юм. Тэгээд төрөхөд бэлддэг урьдчилсан тасагт хэвтэх гээд урьдных нь 7 хоногт очлоо. Хүлээн авах дээрээс нь л эхэлж байгаа юм чинь. Би хэвтэх гэсэн юм недель болчихсон, төлөвлөгөөт хагалгааны төрөлт гээд хяналтын эмчийнхээ хэвтэх бичгийг үзүүлсэн чинь за л гэж байна. Эхлээд үзлэгийн орон дээр гар үзнэ гэнэ. Үзүүлж дуусангуутаа эмчийгээ бээлийгээ тайлангуут нь хармаанаасаа бэлдсэн байсан дугтуйтай 10,000-аа май гээд л сарвайлаа. Мөнгөнд дургүй хэн байх юм "Өө яахнав дээ" гээд л нөгөө хүлээн авахын эмч хүүхний нүд нь талимаараад л явчихлаа. Зүгээр зүгээр гэсэн чинь "Би историйг чинь хурдхан бичээд өгье" гээд л гүйгээд явчихлаа. Сувилагчаа үүрэгдсэн юм байлгүй гаднаас цүнхээ чирээд ороод ирсэн чинь "Наран гэж аль вэ?" гээд нэг сувилагч гүйж ирээд миний хамаг цүнхийг бариад намайг түшээд дотогшоо орлоо. Хөдөө гадаанаас ирсэн бололтой хөөрхий хэдэн цүндгэр хүүхнүүд надаас урьд ирсэн мөртлөө хүлээгээд л үлдэж байгаа байхгүй юу. Истор нээгээд баахан юм асуудаг даа. Манай эмч найз надад "Чи өөрийнхөө ажил бас нөхрийнхөө ажлыг аль болох том мест хэлдэг юм шүү" гэсэн байсан болохоор өөрийгөө ажиллаж байсан компанийнхаа нарийн бичиг болгоод /уг нь би зүгээр л нэг төслийн ажилтан байсан л даа/ нөхрийгөө нэг компанийн захирал болгоод л хэлчихсэн, ямар шалгах юм биш ямар хамаатай юм.
За тэгээд ногоон гэрлээр орж ирээд нөгөө хүлээн авахын эмч хүүхэн чинь өөрөө намайг дээш нь гаргаж өгөөд л жижүүр эмч байсан байхаа нэг эмчид хүлээлгэж өгөөд л явлаа даа. Тасагт орж ирээд өрөөнийхөө хэдэн хүүхэнтэй шууд танилцаад хэдийг өгөх тухайгаа багцаа гаргаж авахаар ярьж гарлаа. Тэгсэн чинь өөрийг чинь хуваарилж авсан эмчдээ 50,000, хагалгааг чинь хамт хийлцсэн эмчдээ 30,000, хагалгааны сувилагчид 20,000, бусад хагалгаанд хамт оролцож байгаа хүмүүст 20,000, нойрсуулагч эмчдээ 20,000 сувилагчид нь 10,000  энд дотор үйлчилж байгаа сувилагчдаа бас арав арав, асрагч нарт 5 гээд л ханш нь гараад ирлээ шүү. Тэр үед тийм ханштай байсан одоо бүүр ч нэмэгдсэн гэсээн. Эгч шууд "Мөнгө" ажиллагаагаа эхэлж байгаа юм чинь. Намайг хуваарилж авсан эмч ч миний нэрийг асуугаад ороод ирлээ. Өрөөнд очоод үзүүл гэж байна. Эгч дугтуйгаа хармаалж аваад л гараад өгнө шүү дээ. Үзүүллээ, дуусангуутаа нөгөөхөө өглөө. Баярлалаа гээд л авч байгаа юм. За хэзээ хагалгаанд ормоор байна гэнэ 1 дэхид Дашнямтай өдөр юм билээ би төлөвлөчихсөн байгаа гэсэн чинь өө тэгье тэгье болно гэж байна. За ингээд л би гэдэг хүн чинь нэг тусгай хүн шиг л байна. Сувилагч нар чинь бараг өдөрт 3 удаа ирж даралт үзээстэй юмыг нь өгчихсөн юм чинь. Наран яаж байна гэж эмч сувилагчгүй байнга ээлжилж орж ирж асуугаад л. Хагас бүтэн сайнаар 1 дэхид хагалгаатай хүмүүс гарах хориотой байдаг юм байна л даа. Эгч яахав бүх юм нь ногоон гэрэлтэй юм чинь "Би охиноо санаад байна, гэртээ харьчихаад бүтэн сайны орой хүрээд ирье" гэсэн чинь өө тэг тэг л гэнэ биз дээ. Нэг юм илт анзаарагддаг юм билээ. Өрөөндөө 4-үүлээ байхад чинь сувилагч орж ирээд зөвхөн миний л даралтыг үзээд эмч маань ойр ойрхон орж ирээд надтай юм яричихаад гараад яваад байхаар бусдаасаа үнэхээр их санаа зовж байгаа юм чинь. Тэд нарыг ч гэсэн үзнэ л дээ гэхдээ нэг л хөндий тэгээд ганц удаа л үзнэ.
Даваа гаригийн өглөө боллоо. Би чинь одоо хагалгаанд орно гээд хамаг мөнгөө хуваарилаад дугтуйнд хийгээд дээр нь жижигхээн таних тэмдэг тавиад жижигхэн уутанд хийчихээд хамаг юмаа ууталж цүнхэлж бэлдчихээд догдлоод хүлээгээд байсан чинь бүр 9 өнгөрчихлөө. Тэгсэн манай эмч орж ирснээ "Хүүеэ энэ Наранг одоо болтол бэлдээгүй байгаа юмуу" гээд муухай орилоод гараад явчлаа. Тэгсэн хоёр сувилагч хүүхэн хар хурдаараа гүйлдэж орж ирээд намайг насилкан дээр хэвтүүлээд миний уут цүнхтэй юмнуудыг хөлөн доор минь тавьж аваад түрээд гүйлдчихлээ. Би ч нөгөө ууттай дугтуйнуудаа толгой доороо хийж аваад явлаа. Замдаа хоорондоо "Баларсаан, 5 дахид нээрэн энэ Наранг 1 дэхийн өглөө хамгийн түрүүнд оруулна, бэлд гээд байсан шдээ" гээд ярилцаад байна. За тэгээд хагалгааны өмнөх угаалга хувцас энээ тэрээ гээд хэдэн дамжлага байдгийг дамжаад хагалгааны өрөөнд ороод ирж байгаа юм. Хагалгааны өрөөний наад талын өрөөнд миний цүнхтэй юмнуудыг үлдээнэ л дээ. Эхний төрөлтөн дээр миний энэ цүнхтэй хувцас юмнууд маань хагалгааны өрөөний цонхон дээр байсан гээд л бод. Хагалгаа дуусаад гарахдаа хөл дээр маань тавиад түрээд явчихсан шүү. Харин энэ удаа бас гадаа үлдээж байнаа. Эхлээд нойрсуулагч эмч сувилагч хоёр нэг том аппарат шиг юм түрж орж ирээд сувилагч нь гараад явчихна, эмч нь намайг хажуу талаар харуулж хэвтүүлээд сайн бөгтий нуруугаа аль болох бөгтий, хөлөө гэдсэндээ сайн наа гэж байгаад охор сүүлний дээхэн талд иодоор арчиж гарна. Их удаан арчдаг юм, бодвол хаана хатгах цэгээ олдог юм шиг байгаан. Түрүүчийн төрөлтөн дээр суулгаж байгаад хатгаж байсан энэ удаад хэвтүүлж байгаад хатгаж байна. Зүү арьс нэвтлэх час хийх өвдөлтөөс өөр юм мэдрэхгүй дээ. Яг хатгах үедээ битгий амьсгалаарай гэдэг юм. Тэгээд л за болоо одоо дээшээ хараад хэвт гээд аппаратаа хураагаад "Би өөр газар хагалгаанд бас орно яараад байна" гээд гараад явчихлаа. Зөрөөд л нөгөө хагалгааны багийнхан маань ороод ирлээ. 2 сувилагч байсан санагдана, 2 эмч гараа дээш нь өргөчихсөн /ариутгачихаараа ингэдэг юм гэсэн/, нярайн эмч бас сувилагч нь ч байлуу нийтдээ 7-8 хүн л болчихдог юм. Нэг гарт даралтын аппарат боогоод нөгөө гарыг маань алдалж байгаад уяад дусал залгачина. Өөрөөр хэлбэл хагалгааны орон дээр дээшээ харж хэвтээд цовдлуулчихна гэсэн үг. Гэдэсний дээгүүр хаалт босгоод томоо шарласан даавуугаар хаачихна. Эмнэлгийн энэ ариутгасан даавуунууд нь ариутгасаар байгаад тийм болчихдог юмуу нээх царай муутай халтар юм л байдаг юм. Эмч найз маань аль хэзэний ирчихсэн хаалгаар цухалзаад "Нараан би энд байна шүү" гэж байна. Тэгээд хэн нэгэн нь нойтон марлитай пинцепт шиг юмаар хөхний тэр хавьд дараад "Энд мэдэрч байна уу" гэнэ, шал нойтон хүйтэн байгаа юм чинь мэдэрч байна гэхээр гэдсэн дээр хүрээд "Энд мэдэрч байна уу" гэнэ, харин тэнд зүгээр л юм хүрч байгааг мэдрэхээс нойтон хүйтэн юу ч мэдрэгдэхгүй. Яг хөхний доод талаас эхлээд бөгсөн бие тэр чигээрээ ямар ч мэдрэлгүй, хөлөө ч хөдөлгөж чадахгүй. Тэгээд эмч нар нь хутгаа бариад бүгд бэлэн ханын цаг руу /нээрэн хагалгааны өрөөнд заавал цаг байдаг юм билээ/ харж зогсоцгоож байснаа "За 10.00 боллоо эхэлье" гээд л гэдсийг маань зүснэ шүү дээ. Ер нь бол юу ч мэдрэхгүй гэхдээ хүүхдийг гаргахын тулд гэдсэн дээр аймаар дардаг юм, шахах маягтай, бүр байдаг чадлаараа дээрээс дарна гээч. Тэр үед нь өвдөхгүй ч гэсэн амьсгаа давхцаад байдаг юм. Тэгээд л яг нэг том юм гэдэснээс гарчихаж байгаа нь мэдэгдэж байгаа юм л даа. Бүгд өнгийгөөд л харна, надаа юу ч харагдахгүй гэдсэн дээгүүрээ хаалттай юм чинь. Тэгснээ л бүгдээрээ "Хүү байна" гээд дуу алдацгаагаад. Бэлэн шанаагаа тулчихсан хүлээж байсан нярайн эмч хүрч ирээд хүүхдийг маань даавуунд боож аваад тэнд буланд аваачаад нэг юмаар бялх бялх гэж дуугаргаад ам хамрыг нь л соруулаад байгаа бололтой. Энүүхэн хооронд хүүхэд маань яагаад уйлахгүй байна, уйлахгүй бол яанаа гээд бодоод байгаа юмаа. 5 секунд л болж байгаа байхгүй юу. Тэгтэл ч унтаж байхад нь нойрноос нь сэрээхээр дургүйцэж яраглаж байгаа юм шиг дуртай дургүй "Яаа Ваа" гээд янцаглаад л уйлаад эхэлж байгаа юм. Ёоо нэг сэтгэл амраад явчихлаа. Энэ хооронд нөгөө нөхдүүд маань миний гэдсийг буцааж битүүлж оёх ажилдаа ид дунд нь ноцолдож байна. Яг оёж байгаа нь мэдрэгддэг юм шүү их сонин. Ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр шуудайны амсрыг томоо тэвнээр нэвт хатгаад татаад л оёод байгаа юм шиг санагддаг юм. Татаж чангаагаад л. Тэгтэл хүүхдийг маань угаагаад цэвэрлээд өлгийдөөд энгэрт нь ээжийнх нь нэр, хүүхдийн төрсөн он сар өдөр цаг минут эмнэлгийн код бичсэн картонон цаасан жижигхэн пайз хавчуулчихсан цэмбийсэн амьтан болгоод аваад ороод ирнээ. "Заа 3 хил 900, 50 санж том хүү байнаа. Хүүгээ нэг үнсэх үү" гээд нүүрэнд авчирч наахаар нь  нөгөө шинэ хүнээ хальт хараад л үнсэнгүүт аваад яваад өгнө дөө. Том хүний памперс авч ордог юм нээрээ. Эмч нар нь дуусаад холдонгуут сувилагч нь "Памперс чинь хаана байна" гэхээр энд гээд толгой доороосоо нөгөө мөнгөтэй ууттайгаа цуг авч орж ирсэн памперсаа заахаар аваад салтаанд маань углаад бүгдээрээ нийлж нэг хоёрын гурваа гээд намайг хагалгааны орноос насилкан дээр тавьчихна. Нэг сувилагч нь байнга миний даралтыг үзэж байснаа аппаратаа салгаж авна, дуслаа хийсэн чигтээ л байна. Дуслыг маань нэг юманд тогтоочихдог ч билүү нэг сувилагч нь бариад зогсож байдаг билүү мартчихжээ. Хагалгаа нийтдээ 20 минут үргэлжилнэ. За дуусаад бүгд юмаа янзлаад эхлэнгүүт би чинь нөгөө мөнгөө тараах ажилдаа орно шүү дээ. Улайм цайм толгой доороосоо нөгөө ууттайгаа гаргаж ирээд дугтуйгаа нэг нэгээр нь гаргаж ирээд л дээрх тэмдэглэгээг нь харж байгаад эхнээс нь өгнө дөө. Бүгд юу ч гэхгүй авах ёстой юмаа авч байгаа юм шиг "Заа баярлалаа" гээд л авна. Тэгсэн нөгөө мэдээ алдуулагч эмч сувилагч хоёрын дугтуй үлдчихэж байгаа юм. Анхны төрөлтөн дээр маань мэдээ алдуулагч эмч маань дуусан дуустал байж байсан, харин энэ удаад өөр хагалгаа давхацсан учраас тийшээ явчихсан л даа. Тэгээд насилкан дээрээ түрүүлээд хагалгааны дараах тасаг буюу "Сэхээн амьдруулах тасаг" гэсэн хаягтай тасаг руу очно. Сэхээний сувилагч заа гээд л хүлээж аваад түрж ирсэн 2 сувилагчтай нийлж байгаад насилкнаас орон дээр сэв хийтэл өргөөд тавьчихна. Тэгээд миний цүнхтэй юмнуудыг түмбүчкиний тэнд овоолоод дуслаа байрлуулаад "Лаа чинь хаана байна" гээд /нээрээ өвчин намдаадаг лаа Дикло-Денк авч бэлддэг юм шүү/ тэнд гээд заагаад өгөхөөр аваад бөгс рүү хийчихнэ. Тэгснээ хөргөгчнөөс 0,5 литрийн мултижүүсний хуванцар саванд ус хийгээд хөлдөөчихсөн сав хоёрыг аваад миний хагалгаатай гэдсэн дээр тавиад том уяагаар аймаар сайн татаад уячихна. Арай орны ирмэг дээр гишгэж байгаад 2 талаас нь 2 хүн татаагүй байгаа даа би бараг тэгэж санаад байх юм. Их л чанга татаж уядаг юм. Мэдээ алдуулалт гараад эхлэнгүүт лаандаа болоод өвдөлт юу ч мэдрэхгүй ч гэсэн аймаар даараад эхэлдэг юм бүр эрүү дагжина гээч. Ялангуяа хөл гэж мөс болчихно. Тийм болохоор зузаан ноосон оймс авчрах хэрэгтэй. Нөгөө сувилагч маань оймсыг маань олж өмсгөж өгөөд "Гэрийнхэндээ хэлж шөлөө оруулуул" гэлээ. Утсаа авахуулаад гэрийнхэн рүүгээ ярьж хүүтэй болсноо хэлж нөхрийнхөө зүрхийг зогсоох шахаад эсэн мэнд амаржсанаа хэлж ээжийнхээ санааг амраана даа. Хэхэ манай хүн хүүтэй болсноо сонсоод зүрх рүү нь ёг гээд хатгаад авсан гэсэн. Тэгэхэд ажил дээрээ байсан юм, харин эмнэлгийн гадаа манай ээж дүү хоёр л байсан. 
Би чинь энэ төрөлтөн дээрээ неделиэ буруу тооцоолоод 3 удаа эмнэлгийн хүлээн авахаас хөөгдөж ирсэн хүн байхгүй юу. Хэвтлээ хугацаа болчлоо гээд баяр ёслолын байдалтай хүргэгдэж ирдэг, болоогүй байна гэж байна гээд муухай царайлаад гарч ирдэг, буцаад гэртээ хүргүүлдэг байсан юм. Яг тэр үед манай хүн ажиллаж байсан барилгаа дуусгаж хүлээлгэж өгөх гээд аймаар шахуу ажилтай, амьсгаа нь давхацсан амьтан байсан, хажуугаар нь би төрнө гэж гүйгээд л. 
Сайхан халуун хар шөл хар цайтай асрагч эгч "Наран дээр эргэлт ирлээ" гээд бариад ороод ирнэ. Гэдэс дүүргэнэ гээд сүүтэй цай уух хориотой. Элдэв ногоотой хоол, битүү хоол, жүүс, жимс хориотой.  Хөөрхий нөгөө муу үйлийн лайтай сувилагч чинь намайгаа хооллоно шүү дээ. Би дусал залгаастай бас нөгөө гарт юу ч байлаа даа, хөдөлж чадахгүй, ам руугаа халбагадуулна. Гэхдээ энэ анхны хоолоо л ингэж хүнээр идүүлдэг юм. Цаашдаа зүгээр. Тэгэж байтал хүүхдийг маань авчирч өгнөө. Түрүүн хальт харсан нөгөө өлгийтэй сонин нөхрийг аваад ирнэ. Амлуулах гэж байгаа юм. Миний мөөмийг гаргаж байгаад л нөгөө тэвэрч ирсэн нярайн сувилагч маань ам руу нь мөөмний толгой чихээд л байна чихээд л байна, нөгөө нөхөр чинь учраа олохгүй ч байгаа юмуу дургүй ч байгаа юмуу хөхөж өгөхгүй ээ. Тэгэж тэгэж нэг ганц хоёр гувшсан болонгуут заа болоо гээд хүүхдийг маань аваад яваад өгнө. /Тэгээд маргааш нь л авчирч өгдөг юм, дараа нь би бүтэн нэг хоног хаагуур тэнэж юугаар хооллож байгаад ирж байгаа юм чи гээд загнасан гэж байгаа хэхэхэ/ Тэгтэл харин нөгөө мэдээгүйжүүлэгч эмч маань ороод ирдэг байгаа. "Заа манай Наран дажгүй юу" гэнээ. Нөгөө юмаа авах гэж ирж байгаа нь ойлгомжтой юм чинь өө дажгүй дажгүй гээд үлдсэн хоёр дугтуйгаа улайм цайм л "Энэ нь таных. Энийг нь сувилагчдаа өгөөрэй" гээд өгчихөж байгаа юм. Цаашаа сувилагчдаа өгсөн л гэж найдахаас. Тэгээд тооцоогоо дуусгасан хүүхдээ амлуулчихсан санаа амраад нэг сайхан унтаж авнаа. Унтаж байтал нэг хүн татахаар нь сэрээд хартал шприц барьчихсан нэг огт танихгүй сувилагч "Сав агшаадаг тариа" гэнгүүтээ хүүе гэх завдалгүй гуяны дотор тал руу хатгаж тарьчихаад яваад өгнө. Ингээд сэхээнд 1 хоноод энгийн тасаг руу бууж байгаа юм.  Сэхээний сувилагчдаа юмыг нь өгөлгүй яахав.
Бас л баахан цүнх сав, эргэлтийн халуун сав суулга нэмэгдээд дээрээс нь гэдсэн дэх хүүхдээ гаргаад тэвэрчихсэн тасаг руу хүргэгдэж ирнэ. Энэ хооронд чинь нөгөө өвчин намдаадаг лааг 9 цагийн зайтай л тасралтгүй хэрэглэнэ шүү дээ. Лааны үйлчилгээ гарахаар андашгүй, өвдсөндөө гэдэс татагдаад бөгтийсөөр бөгтйисөөр бүүр сүүлдээ байдгаараа тонгойчихдог юм. 90градус. Хааяа коридорт тийм ганц хоёр ээж тааралднаа. "Яасан лаа дуусаа юу?" гэхээр тиймээ захисан одоо авчирч байгаа л гэнэ. Лаагүй бол ёстой амбан явахгүй. Өрөөндөө нэг хөдөөний хүүхэнтэй хоёулхнаа. Энэ тасгийн эмч ч гэсэн хайлсан тугалга. Яахав дээ би нөгөө дугтуйтай ид шидээ хэрэглэчихсэн юм чинь. Хэдийг ч өглөө дөө санахгүй байна. Байнга хүү бид хоёрыг орж ирж асууна. Тэгсэн мөртлөө хөөрхий нөгөө муу хөдөөний хүүхнийг тоож ч харахгүй. Өглөө болгон түрдэг тэрэгтэй сувилагч ирж хамар ам суга цавийг нь цэвэрлэдэг байсан. Би түүнд нэг набор өгсөн байх.  Манай хүүг маш сайн цэвэрлэж өгнө. Нөгөө хөдөөний хүүхний хүүхдийнх нь цавь нь нураад аймаар болчихоод байсан. Тэгсэн сайн тальк түрхэхгүй яасан юм гээд загнаад байсан шүү. Ёстой муухай ялгавар үзэлтэй.
Төрөхийн өмнөх тасагт хамт хэвтэж байсан эгч нартайгаа сайн найз болчихсон байсан болохоор төрснийхөө дараа энэ тасагт ирээд нөгөөдүүлээ хайнаа. Нэг галзуу эгч байсан юм, тэр харин явж байна. Бүүр тэр цаад мухарт байгаа гэнэ, надаас нэг хоногийн дараа хагалгаанд орсон гэж байсан. Тэгсэн чинь нэг сонин юм хэллээ. Намайг хагалгаанд бэлдэх гээд түрээд гүйлдсэн тэр Даваа гаригт нэг шинэ сувилагч даралт үзэх гээд орж ирснээ "Энэ эмнэлгийнхэн чинь өнөөдөржингөө Наран Наран гэж гүйлдлээ. Ямар дарга цэргийнх нь авгай нь ирээд хэвтчихсэн юм. Хагалгаанд нь хүртэл би ч орно би ч орно гээд хэрэлдээд байх юм энэ эмч нар" гэсэн гэнээ. Тэгээд би юу гэж ойлгосон гэхээр мөнгө өгөхгүй л бол эмнэлэгт хүн биш юм байна даа л гэж. Одоо бүүр аймаар л болсон сураг сонсогдоод байх юм. Ханш манш нь бүр 100 хол давсан ч гэх шиг. Хагалгаан дээр угаасаа эмч нар нь хоорондоо ярьдаг юм билээ. Шууд өвчтөн рүүгээ эрүүгээрээ зааснаа "Энэ хэний балиашиг юм?" гэхээр нөгөөдүүл нь тэр эмчийн балиашиг гэдэг юм билээ. Намайг шууд манай эмч "Энэ миний балиашиг" гэсэн л дээ.    
                       

10 comments:

МӨНГӨӨ said...

ЯАААГ ҮНЭН. БИ БАС ТӨРӨХДӨӨ ШУУД Л БААХАН ТОЙРСОН ЭМНЭЛГИЙНХЭН ДУНД ЭМЧИД НЬ МӨНГӨ ӨГӨӨД ХУВААГААД АВААРАЙ Л ГЭСЭН. БАГАДАА 160 МЯНГА БОЛОХ ЮМ БАЙНА ЛЭЭ. МӨНГӨӨ ТУС ТУСАД НЬ ӨГХӨӨР БААХАН ЭМЧ НЭМЭГДЭЭ Л БАЙДАГ Ш ДЭ. ГЭХДЭЭ ЦАЛИН ҮНЭХЭЭР МУУ ЮМ БИЛЭЭ. ХЭЦҮҮ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭХЭД

chuups said...

би бас 2006 оны 7 сард хүүгээ кесар хагалгаагаар гаргаж байсан. мартсан юмыг маань нүдэнд харагдтал бичжээ. одоо дахиж төрөхдөө кесар хагалгаа хийлгэнэ гэхэээр айгаад байдаг юмаа

Nogoohon said...

Юундаа айдаг юм бэ төрөх чинь гоё шдээ. 2-ын 2 хүүхэдтэй байж төрөлтийн аймаар өвдөлтийг мэддэггүй гээд ээж намайг шоолоод байдаг юм. Нэг бодлын кесараар төрсөн нь аз ч юмуу.

Гуталчин said...

Shuud nudend haragdtal bichsen bn sht. aimaariin keke

byambaa said...

bi bas tomiigaa bur emnelgiin dargiin baliashig gej heluuleed l baahan emch suvilagch toirood namaig archlaad bsn, gehdee bi neg ch togrog ogoogui ee, suraaguig ch heleh uu, yu ch beldeegui bsn, azaar 2dhoo jpnd toruulchlee kkk.
end tolboroo l avna, tegj hahuul avahgui, teguul boon yum bolood shuud ajlaas halagdana,

miracle said...

Өө эмч нар хэцүү хэцүү хөөрхий. Цалин багатай тэгээд ихэнх лаг том эмч нар нь өөр хувийн эмнэлэгт орой 4-8ын хооронд нэмж ажилладаг юм байна лээ. Цалин орчин муу болохоор чинь тэгээд хөөрхий мөнгө авахаас яахав дээ. Ер нь л тэгээд ядуу хүн өвдөх эрхгүй болсон цаг шүү дээ. Тэгээд гадаадад чинь төрөхдөө мөнгө төлдөг одоо монголд ч гсн хувийн эмнэлэгт 1сая-1.5 саяыг төлж төрдөг болсон гсн

Unknown said...

heden nidelteidee tolowlogoot hagalgaand ordiin humuusee??

Anonymous said...

Хэцүү дээ энэ эх баригч гэдэг хүмүүс. Цалин багатай, дарамт ихтэй цаг наргүй нухлуулж байдаг хүмүүс. Амралтын өдрөөрөө ч амрах эрхгүй, цайны цаг ч гэж байхгүй, утсаа ч унтраах эрх байхгүй, дуудсан цагт шууд л очих ёстой. 24 цаг гараад буух бол хэвийн үзэгдэл гэж байгаа.

Номинговь said...

Ээ Бурхан минь яанаа тэр өгж авдаг юмыг нь сураагүй. Цаг нь ирэхээр яаж балрах болоо гэхээс түгшчихлээ.
Ёстой нүдэнд харагдтал бичсэн байна. Зарим хэсэг дээр нь бүр нүдэнд нулимс гүйдэг байна шд кк.

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)