Саяхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох жижиг дунд үйлдвэрүүдийн төслийн шалгаруулалт зарлалаа. Хамаатны нэг эгч маань жижигхээн оёдлын цехтэй юм. Түүнийгээ өргөжүүлэх санаатай намайг нэг төсөл бичээд хөөцөлдөөд өгөөч гэлээ. Өөрөө бол тэр бичиг цаасны ажлаас ёстой хол, юмаа эсгээд л оёод л сууж байдаг ажлын төлөө төрчихсөн гэмээр бодь хүн байдаг юм. Уг нь их гарын уртай, оёсон зүйлс нь хүний биед эвтэйхэн хөөрхөн гэж. Яг л үйлдвэрийн хувцаснаас огт ялгагдах юмгүй. За тэгээд би тусалдаг баатар болоод 4 оёдлын машинтай 6 ажилтантай жижигхэн оёдлын үйлдвэрийн төсөл бичээд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлээд төсөл хүлээн авч байгаа төрийн байгууллага дээр нь гүйгээд очлоо.