Ногоохон нь урагшаа явчихаад ирлээ. Сонин сайхан жигтэйхэн их ээ хэхэ. Ирсэн чинь ажил гэж аймшигтай. Гэхдээ би бараг л урдаас ажлаа ч хийлээ, сургалтаа ч дуусгалаа, амраад ч авлаа бүгдийг нь л амжууллаа.
Миний очсон хот далайн эргийн маш цэвэрхэн жижигхээн хөөрхөн хот байлаа. Энэ хятадууд нээрэн зүлэг ногоо мод бутыг чинь тарина гэдгийг ёстой үзүүлж өгчээ. Хурдны замын хажуугаар хэдхэн жилийн өмнө зүгээр элсэн цөл байсан газрыг шувуу ч нэвтэрч гарахааргүй битүү ногоон шилмүүст ой болгочихсон байх юм. Бүр хүн дундуур нь явж чадахааргүй тийм өтгөн шигүү гээд бод доо.
Бас нэг инээдтэй зүйл харсан нь, манай энэ гудамжинд зогсож байгаа замын цагдаагийн ногоон жилетка, гудамж цэвэрлэдэг ТҮК-ын ажилчдын улбар шар жилетка, түрээд явдаг том шар хогийн сав, замын хажуугаарх цагаан жижигхэн хашлага, сүүлийн үед гудамжаар суулгаад байгаа 2 тасалгаатай хогийн сав, шинээр баригдаад байгаа гоё гоё орон сууцны хороолол эд нар чинь яг дүрээрээ урд хятадынх юм байна лээ шдээ. Хятадын замын цагдаа, гудамж цэвэрлэдэг хүмүүсийг нь хараад ямар их ичив ээ. Манайхан одоо хятадаас захиалж авч болно, ядаж нэг жаахан өөр дизайн өнгө зүстэй хийлгэж болдоггүй л байсан юм байх даа. Урдаас ирсэн хүмүүст манай УБ хот маань хятадын нэг хот шиг бүх юм нь ижилхэн харагддаг байх даа. Дэлгүүрт орсон чинь яг манай Жүр үр, Батбайгалийн цагаан кремтэй тортнууд дүв дүрээрээ байцгааж байх шиг.
Явсан ажил бүтэмжтэй, нилээн олон амжилттай хэлэлцээр хийлээ. Дараагийн постоор зурагнууд оруулая. Сайхан дулаахан газар байж байгаад Бээжин дээр бүр 30 градус шатаж хайлж үхэхээ шахаад Улаанбаатартаа буусан чинь нилээн сэрүүхэн байлаа, бороо орсон өдрийн шөнө байсныг ч хэлэх үү, гэртээ ирсэн чинь паар хаачихсан гэр гэж мөсөн хонгил, дээрээс нь зуны ээлжит халуун ус тасралт эхэлчихсэн нилээн даарлаа.
Одоо тэгээд хувь тавилантайгаа эвлэрээд өглөөд ус халааж биеийн хэсэгчилсэн угаалга хийж аваад л ажил сургуульдаа явцгааж байна. Энд тэндгүй засварын ажил гээд зам хаагаад чулуу шороо овоороод, бөөн замын түгжрээ. Яг л зуны Улаанбаатарын дүр зураг эхэлж байна даа. Энэ жил их сэрүүхэн хавар зун болж байх чинь. Куртка хавар намрын гуталнаасаа салаагүй байна гээд бод л доо өдийд. Ер нь л жил ирэх тусам сайхан дулаахан зун, цастай өнтэй өвөл 2 болохгүй болоод байх юм. Зун нэг л сэгэлзэж сэрвэлзэж байгаад наадмаар л нэг жаахан халсан болоод найман сар гарчихна. Хавар намар хоёр л уртсаад байх шиг.