Friday, May 6, 2011

Таксины сонин хачин

Аль дээрээс таксинд суусан сонин хачнаасаа бичье гэж бодоод байсан юм. Янз бүрийн л машин янз бүрийн л жолооч байх юмаа. 

Аймаар үнэртэй такси

Нэг жижиг япон тэрэг ирж зогсов оо. Хаалгыг нь онгойлгоод суутал нээг их муухай хөлс ч юмуу хулмас ч юмуу нэвширсэн муухай үнэр. Их хүйтэн өдөр байсан юм, үхтлээ даарч байсныг хэлэх үү, машинд суугаад дулаацна даа гэж бодож байсан чинь дулаацах манатай шууд цонхыг нь онгойлгож агаар амьсгалж билээ. Бас энэ үнэрээс болж дотор муухайраад бөөлжвөл цонхоор л бөөлжихөөс гэж бодсон. Нөгөө жолооч нь даарсан уу яасан "Цонхоо хаахгүй юмуу хүйтэн байгаа юм биш үү" гэхээр нь "Зүгээр зүгээр би бүгчимдэж чаддаггүй юм" гэж нэрэлхээд байгаа юмаа. Тэгээд буух газраа ирээд мөнгөө өгч байхдаа яаж дуугүй буучихав дээ "Та машиндаа нэг салхи савир оруулахгүй бол аймаар үнэртэй юм байна шүү" гэчихсэн. "Тийм байна уу" гээд нээг их том хараад л үлдсэн. Хэрвээ энэ таксинд гадаад хүн суусан бол яанаа. Шууд Монголын такси нь аймаар үнэртэй бөөлжис цутгамаар гэж л ярина шдээ.

Хүүхдээ хамгаалдаггүй жолооч

Нэг удаа гар өргөтөл хажуудаа жаахан хүүхэд суулгасан машин ирж зогслоо. Охин нь 2 настай л болов уу. Тэгээд хөдлөөд явтал нөгөө охин нь сандал дээрээ босоод арагшаа над руу хараад сандалны толгойн түшлэгийг тэврээд зогсчихлоо. Машин явж л байгаа шүү дээ. Би сандарч "Хүүхдээ суулгахгүй юмуу, миний охин доошоо суугаарай, машин явж байхад ингэж босч зогсож болдоггүй юм" гэхэд жолооч залуу нэг гараараа жолоогоо барингаа нөгөө гараараа охиноо хормойноос нь татаж "Миний охин доошоо суу" гэлээ. Даанч нөгөө нялх амьтан чинь үгэнд нь орохгүй юм. Миний санаа зовоод цүнхнээсээ азаар байсан ганц чихэр гаргаж хүүхдэд нь өгөөд мөрнөөс нь барьж байгаад эргүүлж урагшаа харуулаад доош нь суулгаж сандалны хажуугаар чихцэлдэн цухуйж байгаад бүсийг нь бүсэлж өглөө. Охин чихрээ задлах гэж улайраад эсэргүүцэл үзүүлсэнгүй дуугүй л бүсээ зүүлгэчихлээ. Нөгөө жолооч залуу машинд нь суусан танихгүй эмэгтэй хүүхдэд нь учиргүй ингэж анхаарал тавиад байгаад гайхаад байгаа бололтой сүрхий сүрхий хараад л байна. Тэгсэн чинь нөгөө охин чинь чихрээ идэж дуусангуутаа суудлын бүсийг сурмаг гэгч нь тайлж хаяад дахиад над руу хараад сандлаа тэврээд босоод зогсчихлоо. За энэ удаа аав нь өөрөө хүүхдэдээ анхаарал тавина биз дээ гэж бодоод би аяархан "Доошоо суу доошоо суугаарай" гээд охинд нь хэлээд юмыг яаж мэдэхэв гээд гараас нь барьчихаад яваад байлаа. Тэгсэн уулзварт ойртоод ирлээ. Уулзварын голд 2 цагдаа зогсож байна. Одоо хамгийн инээдтэй хэсэг нь эхэлж байгаан. Өнөө залуу чинь цагдаа хараад охиноо доош нь татаж суулгачихаад өөрийнхөө бүсийг санд мэнд зүүгээд эхэллээ. Цагдаад бүсээ зүүгээгүй гэж торгуулахгүй гэж тэгэж байгаан. Тэгсэн мөртлөө 2 настай охиныхоо бүсийг зүүж өгөхгүй өөрөө бүсээ бүслээд цагдаагийн хажуугаар өнгөрч байгаа юм. Юу ч гэхэв хэлэх ч үг олдсонгүй. Охиных нь эрүүл мэндээс өөрөө цагдаад торгуулахгүй байх нь чухал юм байлгүй дээ.

Ядаргаатай үглээ охинтой жолооч

Бараг сарын дараа нь билүү бас охинтой жолооч таарав аа. Гэхдээ жолооч ах ч хөгшин охин нь ч том юм, миний бодлоор 11-13 насны том охин байсан. Би уг нь хэр баргийн жаахан хүүхдийн яриаг төвөгшөөгөөд байдаггүй юм. Тэгсэн энэ том болсон охин ёстой миний тэвчээрийг барсан даа. Хэнз гарсан их эрх хүүхэд юм шиг байгаан, хэлээ хазаж ня-ня гэж ярина, нэг өгүүлбэрт 2-3 удаа ааваа гэж хэлнэ, хэлэх хэлэхдээ нээх нялуун нарийхан хоолойгоор ня-ня гэж хэлнэ. Нүдэнд нь нэг юм харагдангуут л "Аа-ваа, энэ их өндөр байшин юмаа тээ аа-ваа. Аа-ваа, энэ байшинг яагаад ийм өндөр барьсан юм бол аа-ваа. Аа-ваа энэ байшин дотор юу байдаг юм, аа-ваа. Аа-ваа, өндөр байшин барихад их мөнгө аа-ваа хэрэгтэй болох байх тээ аа-ваа". Нэг иймэрхүү маягтай ярина. Өгүүлбэрийн эхэн төгсгөл хоёрт заавал аа-ваа гэж хэлнэ. Урт өгүүлбэр бол дунд нь аа-ваа гэж оруулнаа бас. Хамгийн ядаргаатай нь ерөөсөө дуугүй байхгүй энэ зэргийн том охин байтугай манай охин ч мэдэхээр мэдээжийн юмнуудыг залгуулаад л аа-ваа гээд асуугаад байх юм. Урд нь нэг Hummer жийп явж байсан чинь "Аа-ваа, энэ их том машин тээ аа-ваа. Аа-ваа энэ машиныг юу гэдэг билээ аа-ваа. Аа-ваа энэ машин манай сургууль дээр аа-ваа нэг удаа ирсэн шд аа-ваа. Аа-ваа тэр машин яах гэж манай сургууль дээр ирсэн юм бол аа-ваа". Эхэндээ би тоглоод байна гэж бодсон гээч. Дараа нь ямар нэг өвчтэй юм болов уу гэж бодсон, сүүлдээ хошин шогийн тоглолт үзээд байгаа юм шиг санагдаад бүр сүүлдээ уур хүрээд эхэлсэн. Тэвчээр алдраад "Чи одоо ийм том болчоод иймхэн юм мэддэггүй юмуу, битгий аа-ваа гээд нялуун дуугараад бай, муухай сонсогдож байна" гээд орилчихмоор санагдаж билээ. Хажуугаас нь сонсож байгаа хүний тэвчээр дуусахад хүрч байхад харин аав нь бол охиноо огт тээршаахгүй юм, асуусан болгонд нь 3 настай хүүхдэд хариулж байгаа юм шиг хариулаад л яваад байх юм. Өөрийн хүүхэд өөртөө л сайхан гэж үнэн юм даа гэж бодогдож билээ. 

Шашны такси

Нэг удаа хороолол явах гээд гар өргөтөл эмэгтэй жолоочтой машин зогслоо. Суугаад хаашаа явахаа хэлээд явж байтал жолооч хүүхэн "Ардаа байгаа цүнхээ аваад өгөөч" гэлээ. Арын цонхон дээр байгаа хүнд цүнхийг аваад өгтөл дотроос нь нэг хуудас цаас гаргаад өглөө. Аваад хартал Христийн зурагтай баахан юм бичсэн сурталчилгааны цаас байна. Тэгээд нөгөө хүүхэн чинь ярьж байнаа. Хаана ч гэнүү нэг цуглаан болох гэж байгаа та ирж болно, найз нөхөд гэр бүлээ дагуулаад ирж болно гэж байна. Аан за гэчихээд өөр юм хэлэлгүй дуугүй л яваад байлаа. Тэгсэн чинь,
-Та Есүс Христийг мэдэх үү?
-Мэднээ мэдэлгүй яахав. Ертөнцийн эзний хүү гэсэн.
-Түүнийг яагаад үхсэнийг мэдэх үү, хэний төлөө яах гэж үхсэнийг.
-Аан юу билээ, хүн төрөлхтний гэм нүглийн төлөөсийг биеэрээ төлсөн гэдэг байхаа.
Ингээд хэлчихсэн чинь нөгөө хүүхэн чинь намайг христийн шашинд талтай хүн байна гээд бодчихсон уу буун буутал христийн тухай юм ярьж сүүлдээ нөгөө цуглаандаа заавал очих ёстой болгоод "Та очоорой, очно биз дээ, бид нар таныг хүлээж байна" гэж авдаг байгаа. Бушуухан мөнгийг нь өгчихөөд "За би очихыг бодноо, гэхдээ би шашин шүтдэггүй л дээ" гэчихсэн чинь араас машиныхаа цонхоор "Энэ бол шашин биш, Есүс Христ бидний төлөө яагаад үхсэнийг та ойлгох болно. Энэ цуглаанд ирвэл та бүр илүү ойлгох болно" гээд хашгираад байсан. Би Христийн шашныг хүндэтгэдэг, учир нь манай хамаатны нилээн хэдэн хүүхэд цуглаанд нь явдаг юм. Гадуур дотуур дэмий тэнэдэггүй архи тамхи хэрэглэдэггүй ах захаа хүндэлдэг хэдэн хөөрхөн хүүхэд байдаг юм. Гэлээ гээд би таксинд суртал ухуулга сонсмооргүй байна. 
Ганц нэг дэвшилтэт мэдээ сонсгоход шинээр орж ирж байгаа газан 1500 таксины эхний 400 нь ороод ирчихсэн. Дээрээ синфортой тэрэн дээр нь зарын гэрэлт бичиг урсаад байдаг хажуу бөөрөндөө таксины зураастай цагаан өнгийн аксентууд яваад байгаа даа тэр чинь юм байна лээ. Би нэгд нь сууж үзсэн, жолоочийн хажуугийн сандлын ардаа ТВ дэлгэцтэй, түүгээр нь зорчигч рекламны завсраар хошин шог эсвэл дууны клип гардаг ганц суваг үзээд явах боломжтой, шинэ цэвэрхэн суудлын бүрээстэй дажгүй л юм билээ. Харин тоолуургүй байсан байх шүү.
       

3 comments:

Anonymous said...

Thumbs up ;)

Like darav


Gutalchin

Мишаа said...

neeree uneheer hetsuu taxi nuud ch bdiishuu zarimdaaa

Anonymous said...

Харин тиймээ тэр НЯ НЯ НЯ үнэхээр инээдтэй байлаа