Thursday, May 22, 2014

За сайн сууцгааж байв уу?

Ногоохон нь урагшаа явчихаад ирлээ. Сонин сайхан жигтэйхэн их ээ хэхэ. Ирсэн чинь ажил гэж аймшигтай. Гэхдээ би бараг л урдаас ажлаа ч хийлээ, сургалтаа ч дуусгалаа, амраад ч авлаа бүгдийг нь л амжууллаа.
Миний очсон хот далайн эргийн маш цэвэрхэн жижигхээн хөөрхөн хот байлаа. Энэ хятадууд нээрэн зүлэг ногоо мод бутыг чинь тарина гэдгийг ёстой үзүүлж өгчээ. Хурдны замын хажуугаар хэдхэн жилийн өмнө зүгээр элсэн цөл байсан газрыг шувуу ч нэвтэрч гарахааргүй битүү ногоон шилмүүст ой болгочихсон байх юм. Бүр хүн дундуур нь явж чадахааргүй тийм өтгөн шигүү гээд бод доо.
Бас нэг инээдтэй зүйл харсан нь, манай энэ гудамжинд зогсож байгаа замын цагдаагийн ногоон жилетка, гудамж цэвэрлэдэг ТҮК-ын ажилчдын улбар шар жилетка, түрээд явдаг том шар хогийн сав, замын хажуугаарх цагаан жижигхэн хашлага, сүүлийн үед гудамжаар суулгаад байгаа 2 тасалгаатай хогийн сав, шинээр баригдаад байгаа гоё гоё орон сууцны хороолол эд нар чинь яг дүрээрээ урд хятадынх юм байна лээ шдээ. Хятадын замын цагдаа, гудамж цэвэрлэдэг хүмүүсийг нь хараад ямар их ичив ээ. Манайхан одоо хятадаас захиалж авч болно, ядаж нэг жаахан өөр дизайн өнгө зүстэй хийлгэж болдоггүй л байсан юм байх даа. Урдаас ирсэн хүмүүст манай УБ хот маань хятадын нэг хот шиг бүх юм нь ижилхэн харагддаг байх даа. Дэлгүүрт орсон чинь яг манай Жүр үр, Батбайгалийн цагаан кремтэй тортнууд дүв дүрээрээ байцгааж байх шиг.
Явсан ажил бүтэмжтэй, нилээн олон амжилттай хэлэлцээр хийлээ. Дараагийн постоор зурагнууд оруулая. Сайхан дулаахан газар байж байгаад Бээжин дээр бүр 30 градус шатаж хайлж үхэхээ шахаад Улаанбаатартаа буусан чинь нилээн сэрүүхэн байлаа, бороо орсон өдрийн шөнө байсныг ч хэлэх үү, гэртээ ирсэн чинь паар хаачихсан гэр гэж мөсөн хонгил, дээрээс нь зуны ээлжит халуун ус тасралт эхэлчихсэн нилээн даарлаа.
Одоо тэгээд хувь тавилантайгаа эвлэрээд өглөөд ус халааж биеийн хэсэгчилсэн угаалга хийж аваад л ажил сургуульдаа явцгааж байна. Энд тэндгүй засварын ажил гээд зам хаагаад чулуу шороо овоороод, бөөн замын түгжрээ. Яг л зуны Улаанбаатарын дүр зураг эхэлж байна даа. Энэ жил их сэрүүхэн хавар зун болж байх чинь. Куртка хавар намрын гуталнаасаа салаагүй байна гээд бод л доо өдийд. Ер нь л жил ирэх тусам сайхан дулаахан зун, цастай өнтэй өвөл 2 болохгүй болоод байх юм. Зун нэг л сэгэлзэж сэрвэлзэж байгаад наадмаар л нэг жаахан халсан болоод найман сар гарчихна. Хавар намар хоёр л уртсаад байх шиг.

Monday, April 28, 2014

Яамны цалин

Яамны цалин нээрээ арай л дэндүү бага юмаа. Тэнд ажилд орсон найзтайгаа тааралдаад сонин сайхан ярилцсан чинь мэргэжилтнээр ажиллаж байгаа, сарын цалин нь 450,000 гэнээ. Сард 2 хуваагаад авахаар ёстой үнэрлэх төдий л болдог гэнэ. Тэгээд юунд нь болж ийм бага цалингаар ажиллаж суугаа юм бэ гэсэн чинь одоо нас явлаа карьер хөөе гэнээ. Хэдэн жилийн дараа дарга болох юм байхаа. Нэг хэсэгтээ цалин харахааргүйгээр амьдралаа баталгаажуулж мөнгөний хэрэгцээгээ шийдчихээд яаманд ажилд орж байгаа гэнэ шүү. Манай найз уг нь гадаад байгууллагад гайгүй цалинтай ажил хийдэг байсан юм.
Өнөөдрийн ийм өртөг өндөр болсон цаг үед 450,000 төгрөг гэдэг чинь 3 удаа дэлгүүр ороод л дуусах мөнгө байна. Саяхан дэлгүүр орж идэж уух юмаа цуглуулсан чинь 150,000 төгрөг дуусчихаад гарч ирсэн. Сарын хүнс ч биш шүү дээ үсрээд л 7 хоногийн идэх юм.
Яагаад улсын байгууллагын цалин бага бага гэхэд арай дэндүү ийм бага байдаг байнаа. Ийм бага цалинтай хүн тэгээд ажлыг үнэнчээр хийх үү? Яг цалингаараа амьдардаг хүн бол нэмэлт орлого бодоод юун ажил манатай л болно биз дээ. Улс гэтэл гайгүй цалин өгөх боломж байхгүй, тэгсэн мөртлөө ийм бага цалингаар авилга авахгүй үнэнч ажиллахыг шаардах. Хэцүү ч юмаа даа.

Thursday, April 24, 2014

Ойрын сонин сайхан

За ойрд шинэ ажлаа сурч, хамт олонтойгоо дасах үйл ажиллагаа явагдлаа. Миний албан тушаал цоо шинээр гарч ирж байгаа болохоор бүх юмыг нь шинээр бэлдэх хэрэгтэй болсон юм байна манай байгууллага. Өрөө тасалгаа, сандал ширээнээс авахуулаад компьютер /энэ үгийг монголоор бичихэд хэцүү болохоор нь үүнээс хойш pc гэж товчилж байя/, түүнд суулгах програмны лицензээс авахуулаад, сүлжээнд нэвтрэх эрх, утас дугаар гээд бүх юмыг цоо шинээр бэлдэж байгаа тул цаг их авч байна. Одоо болтол надад захиалсан рс нь ирээгүй байгаа, хаа байсан Малайзаас ирж яваа юм байхаа. Тусгай ERP system хэрэглэдэг болохоор түүнд нь таарч ажилладаг рс гэрээт нийлүүлэгчээсээ заавал авдаг дүрэмтэй гэсэн. Тэр болтол түр өөрийн лаптопоо чирээд л явж байна. Хувийн рс-тэй болохоор байгууллагын дотоод сүлжээ рүүгээ нэвтэрч чадахгүй, тэгэхээр онлайнаар induction course-ээ хийж чадахгүй гэх мэт. Бүр миний албаны имэйл хаяг ч нээгдээгүй, нэрийн хуудас маань ч хэвлэлээс ирээгүй байгаа гээд л бод ккк. Нэг нэрнээс цаашгүй шинэкоовын шинэков нөхөр энд гүйгээд л байна.

Tuesday, April 22, 2014

Хувцаслах сэтгэлзүй

гээд нэг ийм сонирхолтой юм байна.
Эх сурвалж

Масло ярьсан дээрээ

буюу нэг ам халсных бичье гэж бодож явсан зүйлээ санасан дээрээ бичээдхэе. Япон Монгол супермаркетын барааг харьцуулж бодож байсан юм. Өөрөөр хэлбэл бид болон тэд юу идэж хэрэглэж байна вэ гэдэг нь дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бүтцээс шууд харагдаад байна.
Яахав, тэд нар их ногоо иддэг уламжлалтай, бид нар мах гурил голдуу иддэг уламжлалтай боловч өнөө үед дэлхий даяарчлагдаад бид бүгд адилхан хот суурин газрын амьдралтай болсон учраас амьдралын хэвшил, хоол хүнс ч гэсэн адилавтар болж байгаа гэж бодож байна. Цаг уур нь өөр гэж болох л юм, гэхдээ бид өвөлдөө паартай байшинд тухтай байдгаа бодвол бараг л ижил. 
За яг адилхан хэмжээний япон монгол нэг нэг жижигхээн супермаркет байлаа гэж бодъё. Адилхан 10, 10 лангуутай, хөргөгч нь ороод. 
Тэгвэл монгол дэлгүүрийн лангууны бараг 50% нь чихэр, набор, элдэв шоколад, печень, компот /бүгд импортынх/, үлдсэн 5 лангууны 2 нь архи пивоных, 1 нь талх нарийн боов будаа гурил, 1 нь гэр ахуйн барааных, үлдсэн нэг лангуу нь хуваагдаад сүү, жаахан жимс, хэдэн төмс сонгино, шилтэй даршилсан ногоо, кетчуп мэтхэн. Ер нь аль ч дэлгүүр нэг иймэрхүү л бүтэцтэй. Ямар ч байсан нийт зарж байгаа барааны 50% нь импортын чихэр шоколад, набор, печень. Тэгээд бүгдээрээ янз бүрийн хэлээр биччихсэн, монгол орчуулга тайлбартай нь их ховор. Сүүлийн үед харин овоо шинээр орж ирж байгаа хүнсний бараанууд монгол тайлбартай хайрцаг савтай, эсвэл орчуулаад наачихсан байдаг болсон байна лээ.
Харин япон дэлгүүрийн нийт 10 лангууны 2 нь ногоо жимснийх, 2 нь мах загасных, 2 нь хоолны хольц болох будаа гоймон хачир гэх мэт зүйлс, ямар ч байсан чихэр печень маш бага орон зай эзэлдэг, архи пиво 1 лангуу орчим. Архи нь гэхдээ хатуу 38 градусын архи биш шүү дээ. Зөөлхөн зөөлхөн бага градустай будаа мудааны жимсний архи тэгээд пиво голдуу. Яахав виски байнаа байна. Гэхдээ жирийн жижигхээн 10хан лангуутай дэлгүүрт бол архи чихэрний лангуу маш бага зайнд байна. Бас японд зарагдаж байгаа импортын бараанууд бүгд япон тайлбар бичигтэй байдаг. Ядаж наачихсан байгаа юм. Ганц ч удаа өөр хэлээр бичсэн япон орчуулгагүй хүнс харж байгаагүй юм байна.
Үүнээс юу харагдаад байна гэвэл бид их хортой хооллолтын хэв маягтай улс гэдэг нь тодоос тод байна. Өдөр бүр шинэ жимс ногоо идэх боломжгүй ч, цөмөөрөө аль болох цагаан гурил чихэр тос өөх багатай хоол унд идэхийг эрмэлзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр хүн ам нь 60 нас хүрч амжихгүй үхээд байна. Сонин уншиж байхад эмгэнэлүүд их гарсан байдаг юм, насыг нь харахаар голдуу 1960-аад оны үед төрсөн хүмүүс өвчнөөр нас барлаа гэсэн байх юм.
Архи, гурилан боов печень, хаана хийсэн нь мэдэгдэхгүй импортын чихэр шоколадаар дэлгүүрийн лангуу дүүрэн байна гэдэг чинь нийт масс түүнийг л их хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. 
 

Monday, April 21, 2014

Хуурамч масло уу?

Бид багадаа орос цөцгийн тос буюу сливочный масло талхан дээр тавьж идэж өссөн дөө. Ямар гоё амттай байсан юм бэ дээ. Тийм масло би одоо УБ-аас эрээд олохгүй байна. Дэлгүүрээр дүүрэн масло байгаа ч тэд нар чинь бүгд их сонин. Ганцхан Сүү компаний цөцгийн тос яг үнэхээр үнээний сүүний цөцгийг цохиж гаргаж авсан масло мөн боловч амт нь цул цөцгий амтагдаад нөгөө дээр үеийн бага зэргийн давстай орос масло идмээр санагдсан үед огт амт тохирохгүй юмаа. Ялангуяа төмсний нухаш хийх гэхээр болохгүй юм. Талхан дээр түрхэж идэхэд яахав зүгээр л дээ.