Манай хүү Преднизолон уугаад 20 гаруй хонож байна уу даа. Идэх нь ёстой эрс нэмэгдэж байна аа. Жин нь ч мөн ялгаагүй 10 хоногийн дотор 1,8 кг нэмсэн байгаа юм. Хацар нь түнтийгээд толгой нь томроод мөнхийн идэх юм нэхээстэй. Хамгийн сүүлийн шинжилгээгээр шээсэн дэх эритроцидийн тоо 100-аас 70 болж буурсан байна.
4 настай эрэгтэй хүүхдийг өдөржин оронд нь хэвтүүлнэ гэдэг байж болшгүй шийтгэл ч юмуу биелүүлж боломгүй хүнд даалгавар шиг л байх юм. Үсрээд 5 минут л хэвтэнэ, тэгээд л гэдгэнэж годгоноод үсэрч босоод энд тэнд гүйж явна. Тэр хэрээрээ загнуулна их сэтгэл санаагаар унах юм хөөрхий. Ямар ч шинэ тоглоом ном хүүхэлдэйн кино авч өгөөд бас л үсрээд 1 цаг л саатуулж дийлэх юмаа.
Идэх хоолны төрөл нь хязгаартай болохоор өгөх юм олдохгүй заримдаа сандарнаа. Өглөө босоод бантан хийж өгөөд дөнгөж идэж дуусангуут аяга халбагыг нь хураах гээд эргэнгүүт л өлсөөд байна идэх юм өгөөч л гэнэ. Ер нь бол 2 цагийн зайтай бантан каш гурилтай шөл сүүтэй будаа энээ тэрээ гээд халуун хоол идээд завсар зайгаар нь талх боов зогсолтгүй идэж байна.
Нэг удаа нөхөр бид хоёр юманд явах хэрэг гараад эмээг нь дуудаж харуулахаар болоод. Ээжээ аймаар иддэг юм шүү, та хоолыг нь үдээс хойш 2-3 удаа өгөхөөр ахиухан хийгээд тавьчихаарай, нэхэхээр нь халаагаад өгчихөд амар байдаг юм, талхнуудыг нь бараг л түрхээд бэлдээд тавьчихдаг юм шүү гэсэн чинь ээж за за тийм юм гэж юу байдаг юм ганц хүүгээ хооллож дийлэхгүй байхдаа яахав гээд л үлдсэн юм. За үгээ хэлнэ дээ гэж бодоод явчихаад орой ирсэн чинь ээж ёстой үгээ хэлчихсэн сууж байдаг байна шүү. Дөнгөж хаалгаар ороод ирсэн чинь л энэ хүүхэд чинь яачихсан юм бэ, та 2 ямар эм өгөөд байгаа юм бэ, хүүхдийн ходоод гэдэс аллаа гэчихсэн ээж үглээстэй цаанаас хүү маань эмээ би өлсөөд байна шдээ идэх юм өгөөчээ гээд орилоостой, чи чинь дөнгөж сая хоолоо идээд эмээ нь аягыг чинь ч хурааж амжаагүй байна шдээ гээд эмээ нь орилоостой. Ёстой сандарлаа шүү чиний хэлсэн үнэн юм байна гэж билээ.
Преднизолоныг гаж нөлөө ихтэй л гэх юм. Ходоодны шарх үүсгэдэг, их таргалуулдаг, ууж байх үедээ дааруулахгүй гам барьдаг, биеийг их хордуулдаг, курсээр ууж дуусаад хорыг нь тайлах хэрэгтэй л гэнэ. Зарим эмч нар энэ өвчинд энэ эмийг хэрэглэхээ больсон л гэх юм. Ер нь хүн болгон л нэг өөр юм хэлэх юмаа. Аан тийм, Гепарин гээд гэдэс рүү тарьдаг тариаг нь би айгаад хийлгэхгүй байгаа шүү. Ёстой дур мэдсэн том толгойны асуудал болсоон. Яаж гэдэс рүү нь тариа хийлгэх билээ гэж бодохоор муу хүүгээ өрөвдөөд. Одоо ууж байгаа Курантил нь яг адилхан цус шингэлэх үйлчилгээтэй болохоор заавал энэ тариа шаардлагатай ч юмуу даа гэж бодоод. Би ч ёстой том толгой гаргаад хүүгээ баллаад байна уу яагаад байна.