Friday, June 21, 2019

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 2

Гарчигийг нь жаахан буруу өгчихсөн юм шиг санагдаад хүмүүсийн ярианы хэлээр өөрчилчихлөө.
За маргааш нь эмнэлэг дээрээ давхиад очлоо. Нөгөө уриалгахан охин чинь бөхөлзөж нахилзаад угтаж аваад цаашаа дахиад өөр охинд өгчихлөө намайг. Нөгөөх нь намайг дагуулаад бүүр цаашаа эмнэлгийн гүн рүү явлаа. Тэгсэн чинь тэр чинь ямар том байсан юм бэ? Би наагуур лобби, эмч нарын өрөө, нүд шалгадаг баахан тоног төхөөрөмжтэй том танхим эд нараар төсөөлөөд байсан чинь бүр цаашаа хагалгааны хэсэг гээд өөр бас том хэсэг байсан байна. За тэгээд хувцас солих өрөөнд орж бүх хувцсаа тайлаад эмнэлгийн хувцас өмсөөд дахиад нэг өрөөний үүдэнд суулгачихлаа. Өөр нэг сувилагч охин ирээд нүд рүү нэг тестерний цаас шиг зүйл хийж үзэж байна. Нулимсний хэмжээг үздэг тест гэнэ. Тэгсэн энгийн хүнийх 5 хүртэл микрограмм ч билүү нулимстай байх ёстой байтал минийх 1.7 гарч маш бага нулимстай өөрөөр хэлбэл "огт уйлдаггүй хүн" за за тоглосон юм маш хуурай нүдтэй байнга хиймэл нулимс дусааж байвал таарах хүн болов. Үүнийг дагуулж орж ирсэн англи хэлтэй сувилагч охин тайлбарлаж өгөв. Охин охин гээд л байдаг тэд нар чинь нэг жаахан охин шиг харагдахаар туранхай яс арьс, тэгээд гоё арьстай, нүд амаа будчихсан болохоос биш нас нь бол зарим нь надаас ч хөгшин байх л даа.

Tuesday, May 28, 2019

Дахиад л хүүхдийн шүд

Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн төлөө ганц сайхан зүйл хийж байгаа нь энэ жил хэрэгжиж буй "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хэтөлбөр юм. Үүнд 0-12 насны хүүхдүүдэд улсаас нэг удаа 60,000 төгрөгийн шүдний эмчилгээ үнэ төлбөргүй хийж өгч байгаа юм байна. 60к гэдэг шүдний эмчилгээнд бол хаана ч хүрэхгүй өчүүхэн бага мөнгө ч гэсэн эцэг эхчүүд ядаж хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх боломж гаргаж өгч байгаа юм уу даа. 
Хамгийн харамсалтай нь нийтдээ одоогийн байдлаар 31,000 хүүхэд энэ хөтөлбөрийн хүрээнд шүдний эмнэлэгт хандснаас ердөө 1,700 хүүхэд буюу 0.05% нь л эрүүл шүдтэй гэж гарчээ. Бусад бүх хүүхэд шүдэндээ ямар нэг байдлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан гэсэн үг. 
Миний ажигласнаар хүмүүсийн ахуйн соёл ариун цэвэр аймшигтай муудсан санагддаг. Хааяа нэг автобусанд суух хэрэг гардаг юм. Пээ та нар хүмүүс ямар аймаар үмхий амтай хэзээ ч шүдээ угаадаггүй байх гэмээр үнэр танартай байдаг гэж бодно автобусанд. Бас дээрээс нь ойрд усанд ороогүй эсвэл бүр ойрын ойрд хувцсаа угаагаагүй байх гэмээр үнэртдэг. Ганц автобус ч биш лифтэнд тэгэж үнэртдэг. Өөрсдөө ийм байгаа хүмүүс хүүхдийнхээ шүд аманд анхаарч шүдийг нь угаалгадаг гэж би лав огт бодохгүй байна. 
Та нар санаж байгаа даа. Японд байхад япон сургуулийн 1500 хүүхдээс 2хон хүүхэд шүд нь асуудалтай тэр нь манай 2 монгол хүүхэд байсаан гэж. Тэгээд хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явж байгаа ээжийг их муу хэлдэг, муу ээж арчаагүй ээж гэдэг гэж ангийнхан нь миний охиныг шоолсон гэж. Түүнээс хойш би үхтлээ ичээд 2 хүүхдийнхээ шүдтэй ёстой ноцолддог болсон доо. Сая манай хоёрын сургууль дээр шүдний эмчийн үзлэг болоод (эдний сургууль нэг сайхан юм нь жил бүр эмч нар ирээд шалгаад үзээд анхаарах зүйлс, өвчтэй шүд гэх мэтийг тэмдэглэсэн форм бөглөөд аав ээж рүү нь явуулдаг) манай 2 ямар ч шүдний өвчлөл байхгүй гарсан байна лээ. Харин охиныг шүдээ хэтэрхий удаан үрж угаадаг юм байна, гадарга нь жаахан элэгдсэн байна гэсэн. Бас Д витамины дутагдлаас үүдэлтэй Кальцийн дутагдал үүсч байгаа шинж тэмдэг байна, Д витамины шинжилгээ өгч нэмэлтээр Д + Calcium уугаарай гэсэн байсан. 
Ер нь би нэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Манай улсад хүүхдийн шүдний өвчлөл ийм аймшигтай асар их байгаа нь эцэг эхийн арчаагүй, хайхрамжгүй, мэдлэг боловсролгүй хатуухан хэлбэл тэнэг бүдүүлэг байгаагийн шинж юм байна аа гэж. Тиймээс хүүхдийнхээ шүдийг байнга угааж өг, угаалгаж сурга, шүд угаахыг бүр зуршил болгож сурга. Хүүхдийг 7 нас хүртэл нь шүдийг нь угааж өгөх ёстой гэдэг юм байна лээ. Тэгэхгүй бол тэр нөхдүүд чинь өөрөө зөв бүрэн угааж чаддаггүй гэсэн шүү. 

Monday, April 29, 2019

Нийгмийн сайн сайхны төлөө

Ногоохон нь энэ хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө бас жаахан ч гэсэн юм хийе гээд ганц нэг ажил хийлээ. 
Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм байна. Гэхдээ ямар ч хараа хяналтгүй, хууль үйлчилдэггүй, эрүүл мэнд боловсролын нийгмийн үйлчилгээ авдаггүй зүгээр л ертөнцөөс тусгаарлагдсан тийм хүмүүс байдаг юм байна. Тэд нар тэгээд амьд амьтан л болсон хойно үржинэ үр хүүхэд гаргана. Гарсан хүүхдүүд нь үнэхээр өрөвдөлтэй юмаа, ертөнцийн хамаг муу муухай бүхнийг үзэж харж мэдэрч өртөж өсдөг юм байна. 
Тэр газар хүүхдүүдэд зориулаад Вэлүү гээд гадны эхнэр нөхөр хоёр өөрсдийн санаачилгаар байгуулсан цэцэрлэг байдаг юм байна. Харин хажууд нь бас нэг монгол залуугийн байгуулсан ТББ цэцэрлэгээс дээш сургуулийн насны хүүхдүүдийг албан бус сургалтанд (нас хамаарахгүй бага боловсрол олгох) хамруулдаг газар байна. Гадаад эхнэр нөхрийн байгуулсан нь бол харьцангуй хангамж тусламж сайн санагдсан. Харин монгол залуугийн байгуулсан албан бус сургалтын төвд тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй юм билээ. 
Тэгээд их юмаар туслаж чадахгүй ч ажлынхнаа уриалж хэдэн төгрөг цуглуулаад тэр хүүхдүүдэд хичээлийн цүнх дэвтэр үзэг авч өглөө. Бас ажлынхандаа ийм газар байдаг юм шүү, юугаар ч хамаагүй туслаарай гэж уриаллаа. Дараа нь манай ажлын хэд хэдэн хүн чадах чадах зүйлсээрээ (хүүхдийн шинэ хоргодох байранд нь хөнжил гудас, нэг өдрийн хоол, сүү тараг, халаагуур гээд л) тусалсан. 
Түүний дараа хүүхдүүдийн тархи толгой руу жаахан оюунлаг хөрөнгө оруулалт хийе гэж бодоод 10 жилээ төгсөж байгаа ахлах ангийн сурагчдад зориулаад мэргэжлээ яаж сонгох уу, тэтгэлэг яаж олох уу, англи хэл яаж сурах уу гэх мэт сэдвээр хотын захын 3 сургууль сонгож пресентаци хийж өглөө. Үнэнийг хэлэхэд хотын захын сургуулийн хүүхдүүд мэдээллээр маш их бүр маш их цангаж дутагддагийг тэгэхэд л мэдэж авлаа. Биокомбинат, Партизаны САА байдаг сум (Сонгинохайрхан дүүрэгтээ ордог юм байна), Зүүнсалаа гэх мэт. Тэр хүүхдүүдэд яг энэ хэрэгтэй сэдвээр нь яриад өгдөг хэлээд өгдөг зөвлөөд өгдөг хүн эсвэл ямар нэг эвэнт эд нар байдаггүй юм байна гэж ойлгосон. 

Одоо бас нэг ажил төлөвлөөд байгаа. Энэ зунаас өмнө хийх санаатай. 
Блогтоо оруулах нэг орчуулгын юман дээр сууж л байна. Блогтоо л бага багаар оруулаад явъя гэж бодоод байна. 

Friday, April 26, 2019

Өсвөр насныхан

Манай гэрт 4 том хүн байна. Манайд ямар ч хүүхэдтэй холбоотой, хүүхэд энэ гэрт байдаг гэж санагдуулахаар зүйл юу ч байхгүй болсон. Хувцас, тоглоом, тв, аяга таваг, ханан дээр наасан цаас, зурсан зураг бүр юу ч байхгүй.

Friday, April 5, 2019

Сайн уу 2019 он!

Энэ жил маш гайхамшигтай эхэлсэн шүү. Бөөн бөөн сюрприз дүүрэн.
Би гэдэг хүн блогийнхоо пасс байтугай аккаунтыг мартаад хэдэн жил орж чадахгүй таг суулаа шд. Шинээр нээх гэхээр хайран энэ блог минь санагдаад. Тэгээд Google-тэй хэдэн сар хэлэлцээр хэрэлдээн хийсний эцэст нэг юм өнөөдөр л орж ирлээ. Та нар хүртэл намайг энэ нөгөө Ногоохон чинь мөн үү гэж бодож байна уу? Би мөн байна аа мөн байна. Жаахан хөгширснийг эс тооцвол ккк. Одоо идэвхитэйхэн бичиж байна аа.
Энэ хугацаанд надад юу тохиолдов? Юу ч тохиолдоогүй. Хүний урманд та нарт сонирхуулаад хэлчихмээр сонин сайхан байсангүй, амьдрал яг хэвийн нэгэн хэмээр үргэлжлээд л хоёр хүүхдийн ангийн тоо нь л дээшээ нэмэгдэхээс өөр өөрчлөлт байхгүй. Ийм байхаар блог дээр юм бичихээс ч урамгүй байсан байхаа.
Харин одоо ямар ч байсан бичих юм бодож гаргаж ирээд бичнэ дээ.

Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 1

Бичиж үлдээхгүй бол мартчих гээд байна. Өнгөрсөн намар Солонгос явж нүдэндээ лазер хийлгэж нүдний шил зүүхээ болилоо. Сэтгэл ханамж хэдэн зуун хувь, эртхэн хийлгэхгүй яав даа гэж бодов. 
За энэ шийдвэрийг тийм удаан бодож гаргаагүй юмаа, бараг гэнэт шийдсэн гэхэд болно. Ээлжийн амралтаа аваад нэг гадагшаа явъя гэж бодоод хаашаа явах вэ гэж байснаа ойрд солонгос яваагүй, тэнд бас нэг хэдэн ах дүү нар байгаа очъё, бас нөхрийн солонгос найзын ятгалгаар нүдээ нэг үзүүлээдхэе гэж бодлоо. Зүгээр үзүүлье гэж бодсоноос яг лазер хийлгэнэ гэж ч үнэндээ бодоогүй юм. 
Онгоцны билетээ тулгаж захиалснаас болоод хөнгөлөлттэй билет олдохгүй 4 хүний ирж буцах билет бас аюулын үнэтэй болоод болдоггүй. Бас хажуугаар нь визний материалаа бүрдүүлж өгсөн чинь ачаалал ихтэй байгаа тул ердийн гардаг хугацаанаасаа дахиад 2 долоо хоногийн дараа гарна гээд хямраав. Би чинь яг цаг нартай ажилтай, амралтаа урагшлуулж хойшлуулах илүүдүүлж дутуудуулах ямар ч боломжгүй болохоор бүх явах суух эргэж ирээд ажилдаа орох, ороод хийх юмнуудаа яг таг төлөвлөчихсөн байдаг юун тэгэж дахиж 2 долоо хоног сунгаж хойшлуулах боломж байх вэ дээ. 
За тэгээд байж байсан чинь гэнэт утас дуугараад билетийн касснаас хөнгөлөлттэй гэр бүлийн билет оллоо гэхдээ маш хатуу нөхцөлтэй буцааж болохгүй, өөрчилж болохгүй  тэгвэл асар өндөр торгуультай гэнээ. Өө авъя авъя, яг тэр өдөр судраараа бичээд гаргачих гэнгүүтээ Солонгосын ЭСЯ руу гүйлээ. Дүрэм журмаараа явж байгаа албан газрын ажлыг урагшлуулж баахан орилж хашгирч уйлж дуулсанд одоо тэндээс миний бичсэнийг уншиж байгаа хүн байвал уучлаарай. Гэхдээ маш их баярласан шүү. Бидний паспортыг орой нь гаргаад өгчихсөн (7 хоногийн дотор гэсэн үг). Тэгээд л юмаа баглаж аваад маргааш үүрээр нь нисчихсэн. Очсон чинь аймаар халуун, бүх юм тод өнгөтэй, нүдний шилээ арччихсан юм шиг санагдаад. Хоол унд хүртэл амттай шимттэй гэж жигтэйхэн, дэлгүүр хоршооны бараа таваар нь наашаа ороод ир наашаа ороод ир гэж дуудаад. За тэр яах вэ, гол яриандаа оръё. 

Wednesday, July 6, 2016

Хүүхдийн шүдний тухай

Хүүхдийн шүдний тухай хэдэн юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Японд байхдаа би нэг удаа "арчаагүй ээж, муу ээж" болсон тухайгаа бичиж байсан даа. Ингэсэн юмаа. Япон явахаасаа өмнө би бусад монгол ээжүүдийн л адил хүүхдийнхээ шүдийг алдаг оног л угаалгадаг өвдөнгүүт нь эмнэлэгт аваачиж эмчлүүлдэг байлаа. Шүдний эмнэлэгт хүүхдээ аваачиж байгаа бол манайд чинь бараг л сайн байна хүүхдэдээ анхаарал халамж тавьж байна гэсэн үг биз дээ.

Thursday, June 30, 2016

Васкулит өвчний тухай

Энэ өвчнөөр миний хүү өвдөж байсан тухай би өмнө нь бичиж байсан. Яг энэ өвчнөөр хүүхэд нь өвдсөн олон ээжүүд интернэтээр мэдээлэл хайж байгаад миний блог руу орж ирдэг юм байна. Ээж нарын бичсэн сэтгэгдлийг сая л олж харлаа. Тэгээд энэ өвчний тухай, яаж эдгэсэн тухай дахин бичье гэж бодлоо. Мөн надаас асуух зүйл байвал naranboo@gmail.com хаяг руу имэйл бичээрэй. Мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж өгье.
Миний хүү энэ өвчнөөр 4 настай байхдаа өвдөж байсан. Анх хөл нь өвдөөд шилбэнийх нь араар хөх хөх толбо туураад түргэнээр эх нялхас явж байлаа. Васкулит буюу судасны ханын үрэвсэл гэдэг өвчин. Яагаад тусдгийг мэдэхгүй. Гэхдээ ээжүүдэд хэлэхэд цусны өвчин огт биш, мөн гамаа сайн бариад эмчилгээгээ тууштай хийхэд бүрэн эдгэрдэг.
Эхэндээ мэдээж маш хүнд хэцүү байсан. Гэхдээ эдгэрэх арга замаа мэдээд авахад түүнийгээ ягштал баримталвал нүдэн дээр л хүүхэд тань эдгэрээд ирдэг юм билээ.
Хамгийн гол 2 юм нь хоолны дэглэм, хэвтрийн дэглэм.

Wednesday, June 22, 2016

Хавар сайн уу, зун сайн уу?

Сонгуульд нэр дэвшиж байгаа нөхөд ба тэдний дуулианыг харж элгээ хөшөөх юм. Зарим нэг нэр дэвшигчдийг харахаар УИХ-ын сонгууль билүү урлаг спортын аварга шалгаруулах тэмцээн ч билүү. Энэ жилийн сонгууль өмнөх өмнөхөөсөө ч илүү ичих булчирхайгүй нөхдөөр дүүрэн болох нь дээ. Ирэх 4 жилд ямар гээчийн 76 нөхөр гарч ирж бидний амьдралыг самрахыг таашгүй ээ. Ер нь дэлхий даяараа иймэрхүү нөхөд улстөрд амжилттай явах нигууртай үе нь таарч байгаа бололтой, америкт Трамп, филиппинд Дутерте гэхчлэн харж байхад. 
Зуны амралтаа төлөвлөж хөдөө явах хуваариа гаргаж байгаа. Дандаа нуур устай газруудаар явахаар төлөвлөж байна. Ирээд гоё зурагтай пост оруулна аа. 
Охин 4-р улиралдаа онц гарч миний магнайг тэнийлгэв. Шагналд нь хүсээд байсан бүжгийн дугуйланд нь оруулж өгсөн. Хүүгээ рубик шооны дугуйланд явуулж 6 талыг нь эвлүүлж сургачихаад ирэнгүүт нь ээждээ зааж өг гэж нэхээд. Тэгэхгүй бол манайхан гэрээрээ зөвхөн 1 талыг нь л эвлүүлж чаддаг байсан юм. 6 талыг нь бүгдийг нь эвлүүлж сурах чинь миний бүр аазгайг хөдөлгөөд байдаг байлаа. Зун зүгээр суухаар зүлгүүлж сууя гээд 2 хүүхдээ биеийн хүчний дугуйланд явуулах бодолтой байна. 
Нээрэн би өөрөө фитнесст явж байгаа юм байна. Тэгэхгүй бол "хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг" гэдэг үг үнэн гэдгийг өөрийн биеэр батлах гээд байна. Марафонд гүйсэн, замаа багадуулчихсан л болохоос сайхан байсан шүү. Дараагийн удаад 10 км-т гүйж өөрийгөө сорихоор шийдсэн, 5км арай л бага байна лээ. 
Хүүхдүүддээ зуны амралтаар нь уншуулах болон өөрөө унших хэдэн ном авсан, зэрэг зэрэг эхлүүлсэн байгаа. Уран зохиолын ном уншсан чинь тархи нэг л хүлээж авахгүй юм. Ийм хийсвэр сэтгэлгээ хүлээж авах нас нь биш болчихсон ч юмуу, эсвэл сүүлд сургуульд сураад дандаа баримт материал сурах бичиг уншсаар байгаад хэт реалист болчихсон ч юмуу, эсвэл одооны уран зохиол хэрэгцээ хангахгүй ч байгаа юмуу мэдэхгүй байна, тэгээд уншиж байгаа номнууд нь дандаа түүхийн ном болж хувирсан. Сингапурын ерөнхийлөгч агсан Ли Куан Югийн номыг уг нь бүр 6 жилийн өмнө эхлүүлж байсан боловч саяхнаас уншиж дуусгах асар их хүсэлд автаж хуудас бүрийг нь шимтэн уншиж байна. Мөн Цыши хатны түүхийг эхлүүлсэн байгаа. Энэ номноос 1800-1900 оны хятадын түүхийг мэдэж болно. Бидний мэдэхгүй төсөөлөө ч үгүй их юм байжээ. Бусдыг нь уншихаараа хэлье, жишээ нь Путин гэх мэт. /Уг хүн нь амьд байхаар унших хүсэл төрөхгүй байнаа бас. Үхэхээсээ өмнө түүхийг яаж ч өөрчилчих юм билээ тийм ээ ккк/. 
За тэгээд стресстэхгүй сайхан амьдарцгаая дөө.   

Tuesday, February 16, 2016

Сайн уу.

Сайн сууцгааж байна уу.
Ойрд блогоор орж ирсэнгүй. Ингээд таг болчихоороо хүмүүс хүүхэд гаргаад байх юм. Харин би гаргаагүй шүү зүгээр л блогоор орж ирэх завдал болохгүй байна. Ажил дээр иймэрхүү .com өргөтгөлтэй сайт руу орж болдоггүй, гэрт очоод юун компютэр асаах манатай гэрийн даалгавар хоол унд гэсээр байтал унтах болчих юм.
Манай ажил ачаалал нэг их биш ч гэсэн толгой өвтгөсөн асуудлууд ар араасаа гарч ирээд байх юм. За ингэж байж л амьдрал сонирхолтой өрнөлтэй байх байлгүй дээ тийм ээ.
Охин бид 2 хуучин сургуульдаа үлдэхээр шийдсэн. Үлдсэндээ ч харамсахгүй харин ч баяртай байгаа. Учир нь хаана ч ямар ч сургуульд байсан хувь хүн өөрөө л хичээж зүтгэвэл сурч чадахгүй зүйл гэж байхгүй гэж охин бид 2 ярилцаж тохирсон. Энэ сургууль нь шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ хүүхдийг чинь хүмүүжүүлээд өгнө харж байгаарай л гэсэн.
Утаа аймшигтай байнаа, заримдаа машинаас буугаад орц руу орох хооронд хоолой хорсох юм. Сая харин цагаан сарын хэдэн өдрөөр утаагүй байгаад цонхоороо хойд талын байшингаа хараад цочлоо шдээ, "Пөөх ийм байшин байдаг байсан юмуу" гэж.
Битүүнээр лагерьт эмээ өвөөгийнд очиж битүүлж хоол унд идэж тоглож наадаад шөнийн 3 цагт хот руу ирж явав. Замдаа машин дотор мөртлөө аймаар утаа үнэртээд хоолой хорсоод байсан болохоор гэр бүлээрээ маск зүүв. Тэгтэл нөхөр машиндаа бензин авна, маргааш амар гэв. Ингээд клонк орлоо. Хүн нь гарч ирэхээр нь тэдэд хий гэж хэлэх гээд цонхоо онгойлгосон чинь урд талын суудалд суугаа бид 2-ыг хараад цочив. Тэгснээ арын сандал руу манай 2 хүүхэд рүү харснаа жаахан тайвшрав. Гэхдээ л гайхсан харцаар бид 4-ийг нэг бүрчлэн тонгойгоод хараад байсан. Яасан гэхээр шөнийн 3 цагт бензин авах гээд гэр бүлээрээ явж байгаан, учир зүггүй масктай 4 нөхөр.

Wednesday, August 19, 2015

Хүүхдийн сургууль

Дахиад л хүүхдийн сургууль ярих нь. Шинэ Монгол гэдэг сургууль охин бид хоёрын мөрөөдлийн сургууль болчихоод байна. Энэ сургууль л яг хүүхдийг зөв хүмүүжүүлээд байх шиг байна бусад монголд байгаа сургуулиадыг бодвол.
Хавар охин бид хоёр энэ сургууль дээр очиж шалгалт өгсөөн. Даан ч тэнцээгүй. Тэр чинь тооны шалгалт нь олимпиадын бодлого шиг л юм ирж байна гэсэн. Одоо бодоод байхад охиноо бүүр өнгөрсөн ёолкны үеэс нэмэлтээр сонгоны багшаар давтлага өгүүлж бэлддэг байж дээ. Өнгөрсөн хойно нь л амаа барих юм.
Энэ сургууль юугаараа тэгэж их таалагдаад байна гэвэл хүүхдийг хүмүүжүүлж байгаа сургалтын арга барил нь яг япон сургуультай адилхан юм. Жишээ нь, хавар очиж шалгалт өгч байхдаа харахад, хүүхдүүд нь сургуулийн бүх багш ажилчидтай тааралдахаараа бөхийж мэндэлдэг юм байна лээ. Ах зах хүнийг хүндэлж сургаж байна. Бас сургууль дээр смартфон төрлийн гар утас хэрэглэхийг хориглодог гэсэн. Сургуулийн дараах дугуйлангууд нь ямар ч олон төрөлтэй юм, яасан ч сонирхолтой юм. Бас 6-р ангиасаа явдаг хөдөлмөр зусланг нь хараад үнэхээр биширсэн. Хүүхдүүд тэнд очоод өөрсдөө бүх юмаа хийдэг гэнэ. Монгол ахуй, гэр орны ажил, хөдөө аж ахуйн ажил амьдралтай өөрсдөө биеэрээ хийж үзэж танилцаж хэд хоног агаарт сайхан амьдарна гэдэг өнөөгийн нийгэмд олдохгүй боломж шүү. Гар утасны сүлжээ интернэт энээ тэрээ юу ч байхгүй.

Эрүүл мэндийн үзлэг

Байгууллагынхаа ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жинхэнэ утгаар нь оруулна гэсэн ээлжит нэгэн санаачлагынхаа хүрээнд ёстой жинхэнэ утгаар нь эрүүл мэндийн үзлэгт орсон тухайгаа сийрүүлье юү.  

Thursday, May 7, 2015

Төсөл бичиж зээл хөөцөлдөж үзсэн минь

Саяхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох жижиг дунд үйлдвэрүүдийн төслийн шалгаруулалт зарлалаа. Хамаатны нэг эгч маань жижигхээн оёдлын цехтэй юм. Түүнийгээ өргөжүүлэх санаатай намайг нэг төсөл бичээд хөөцөлдөөд өгөөч гэлээ. Өөрөө бол тэр бичиг цаасны ажлаас ёстой хол, юмаа эсгээд л оёод л сууж байдаг ажлын төлөө төрчихсөн гэмээр бодь хүн байдаг юм. Уг нь их гарын уртай, оёсон зүйлс нь хүний биед эвтэйхэн хөөрхөн гэж. Яг л үйлдвэрийн хувцаснаас огт ялгагдах юмгүй. За тэгээд би тусалдаг баатар болоод 4 оёдлын машинтай 6 ажилтантай жижигхэн оёдлын үйлдвэрийн төсөл бичээд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлээд төсөл хүлээн авч байгаа төрийн байгууллага дээр нь гүйгээд очлоо.

Tuesday, March 24, 2015

Сайн уу хавар минь

Хавар болоод гадаа дулаараад алхахад сайхан болжээ. Ирж яваа цаг болохоор сэтгэл цаанаа л нэг өег. Утаа хүртэл эрс багасаад, поорчкоо онгойлгоход хоолой хорсохооргүй болчиж. Эмэгтэйчүүдийн баяр, төрсөн өдөр гээд олон баяр давхцаастай 3-р сард би их дуртай. Баяр гэснээс амардаг баярын өдрүүд олон болчихлоо гэж зарим хүмүүс яриад байдаг, харин би бол зүгээр гэж боддог юмаа. Хятад бас их олон амралтын өдөртэй юм байна лээ. Календарын улаантай баярын өдрийг нь тоолсон чинь бүтэн нэг сар болж байна лээ. Японд байхад ч гэсэн үе үе улаантай өдөр тохиогоод гэв гэнэт л амраад байдаг байж билээ. Харин манай амардаг баярын өдрүүдийг тоолсон чинь үсрээд 11 хоног л болж байлуу даа, их л бага байсан.
Хүүхдүүдийн улирлын амралт болох гээд бужигналдаад л байна. Харин миний ажил гэж ёстой аймшигтай ачаалалтай байгаа. Одоо бүр 3 хүний ажил ганцаараа хийгээд байх шиг байна. За яахав дээ үүнийг надаас өөр хийх хүн алга гээд байсан чинь сүүлдээ бүр болж бүтэхгүй л юм гарвал "Наран л үүнийг зохицуулж чадна" гээд надад өгдөг болоод, сүүлдээ цалин авч байгаа юм байж хийнэ биз гэж хүн амьтан хэлсэн сурагтай. Хүний юмыг за яахав дээ гээд нэг удаа хийгээд өгчихөөр сүүлдээ бүүр би л хийх ёстой юм шиг над руу хамаг юмаа шидээд байхаар бүүр нэг зэвүү хүрчих юмаа. Өөр ажилтай завгүй байхаар нь өрөвдөөд нэг зөвшөөрлийг нь хөөцөлдөөд өгчихсөн чинь, түүнээс хойш тиймэрхүү бичиг цаас хөөцөлдөх ажлаа над руу шидснээ намайг хийхгүй болохоор энэ яагаад ажлаа хийхгүй байгаан ухааны юм ярих чинь одоо ариун явдал уу ккк. Гэтэл би түүний бичиг цаасыг нь хөөцөлдөж өгдөг ажилд ороо ч гүй, надад бүр огт падлий ч байхгүй юм байгаан уг нь. За за тэр нервтэх яах вэ. 
Ойрд гарын хурууны үзүүрүүд ирвэгнээд гар бадайраад байсан чинь ядаргаа гэх шиг боллоо. Нэг витамин олж ууя даа. Амралтын өдрөөр Цэцээ гүн рүү алхсан шүү нээрэн. Ёстой сайхан байна лээ. Нэг үеэ бодвол манайхан чинь ууланд их алхдаг болжээ. Битүү хүн байна лээ шдээ энэ Богд ууланд чинь. Өө бас Хүннү моол гээд гадаадын том моол шиг сайхан газар нээгдэж байна цаана чинь. Манайд нэг хүүхэд гэр бүлтэйгээ очоод юмаа идэж уугаад үзэж хараад зугаалаад худалдаагаа ч хийгээд нэг сайхан өдөржин кайф авчих газар үнэхээр дутагдаж байсныг сая энэ дэлгүүрийн нээлт дээр л харлаа шд. 
Яармагт байрлах Хүннү моол. Энэ динозаврууд нь жинхэнэ байна лээ.

Ийм хөөрхөн жижигхээн мөсөн талбайтай. Пиг хүүхдүүд. Их сэтгэл гаргаж хийсэн нь харагдаж байна лээ шүү энэ дэлгүүр.
Би өөрөө ч тийм юмны дутагдалд орчихсон амьдарч байсан юм байна. Хүмүүсийн энэ их ажлын стресс нервийг тайлчихмаар нэг тийм энтертэйнмэнт газар үнэхээр үгүйлэгдэж байна шүү. Lotteworld шиг байшин дотор том парк нээх юмсан. Энэ Хүннү моолыг нээлт хийсний дараа бараг бүх хүний фэйсбүүкт энд авахуулсан зургууд байсаан. 
За ямар ч байсан ойрын үед стресс тайлагдаад сайхан байна. Амралтын өдрөөр айл их хэсч байгаа. Хэдэн дүү нарынхаар болон хадам өөрийн 2 ээжийнхээр ээлжилж очиж хоол буудна гэх мэт. Өчигдөр би орой ажлаа тарж ирээд уур гардаггүй ээ, стрессдсэн хэвээрээ л байгаад байсан чинь манай хүн нээх хөөрхөн "Хайраа хоёулаа гадуур алхая" гээд хажуугийн байшингийн кофе шоп орж нэг аяга кофе нэг зүсэм тоорт авч өгөөд. Тэгээд дулааханд гадуур хөтлөлцөж алхаж байгаад орж ирсэн. Намайг бас маргаашнаас фитнест яваарай төлбөрийг нь төлөөд өгье гэсэн. Рамаанчик байна уу? хэхэ. Манай хүн намайг ажилдаа нервтээд байгааг ажиглаад байх шиг байгаан.

Friday, February 27, 2015

Бухимдал

Нэг их улстөржөөд байдаггүй л дээ. Гэхдээ энэ удаад бүр дуугүй байж тэсэхгүй нь.
Манай энэ хэдэн улстөрчид Монгол улсыг зараад идээд дууслаа. Энэ маягаараа байвал тун удахгүй манай улс дампуурлаа зарлаад учраа олохгүй бужигнасан хэдэн ядарсан улс үлдээд хамаг улсын мөнгө баялгийг нь зарж үрж ууж идсэн хүмүүс оффшорын дансан дахь мөнгөө аваад дүрвээд зугтаагаад алга болох шинжтэй. Би бүр айх юм, нэг өглөө босоод ирсэн чинь манай улс төлбөрийн чадваргүй болчихсон цалин тэтгэврээ тавьж чадахаа байгаад дампуурлаа зарлаж байх вий дээ гэж.
Албан тушаалд очингуутаа төрийн мөнгө, улсын мөнгөнөөс гайгүй сайн идэж ууж өөртөө завшиж авах гэсэн хомхой сэтгэлтэй хорлогчин бодолтой ардчилал гонжоом хоёроор халхавч хийсэн гэмгүй царайт гөлөөнүүдээс болж байгаа юм. Яаж ийм их баялагтай, ийм том газартай 3хан сая хүнийг ядуу амьдруулж чадаж байнаа гэж. Бас овоо их ухаан шүү.
Очиж очиж Сентерра гоулдаар Ноён уулаа ухуулна гээд зүтгээд байдаг нь ч юув. Бороогийн 43 тонн алтаа тавьж туучихаад хаширдаггүй юу? Хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь улайм цаймдаа гарсан энэ канад компани монголчуудын эсрэг монголчуудыг нь турхирчихаад хоорондоо хэмхэлдэхийг нь хажуунаас нь хээв нэг хараад сууж байх юм. Ухуулчихая л даа гээд уйлагнаад байгаа хүмүүсийн уяа нь уужим угаадас нь ахиухан байгаа юм байлгүй дээ.  
 

Thursday, January 29, 2015

Ажлын сонин сайхан

Манайд 2 зөвлөх өвөө байсан юм. Нэг нь яагаав би эртээд нэг учиргүй гомдоллодог, нөгөө нь их сайхан буурь суурьтай олон долоон үггүй, хүмүүс их хүндэлдэг, гадуур дагаад явахад хүн болгон мэндлээд л.

Friday, January 23, 2015

Ном унших, facebook-г хаях

Энэ уриаг би дахин дахин бүр дахин дахин хэлмээр байх юм. Сүүлийн үед ажил их байна гээд оройд ирээд ядраад бушуухан унтахын түүс болоод орондоо ороод яаж зүгээр байхав утсаа жаахан оролддог байсан юм. Гэтэл энэ зуршил маань улам бүр даамжирсаар утсандаа зарцуулдаг цаг улам ихсээд ирж байгаа нь мэдэгдээд эхэллээ. Нөхөр уг нь энэ facebook-г ёстой нэг нүдээрээ үздэггүй байсан чинь одоо бүр 00 орсон ч утастайгаа ТВ үзсэн ч утастайгаа сууж байдаг боллоо. Бид 2-г дагаад хүүхдүүд бас маш муу үлгэр дуурайлал аваад байна. "Манай ангийн хүүхдүүд бүгд утастай, намайг утасгүй гээд шоолоод байна, надтай найзлахгүй байна" гээд  гомдоллоод байхаар нь өрөвдөөд хуучин утсаа бариулчихсан чинь одоо би өөрөө үгээ хэлж байнаа. Энэ smartphone, tablet-ууд чинь хүүхдийн ганц дайсан юм байна. Ээдээ та нарт хэлэхэд битгий авч өгөөрэй хүүхдэдээ.
Яаж байна гэхээр, юм уншихаа байж байна, анхаарал нь суларч байна, ой тогтоолт нь муудаж байна, хүний үг сонсохоо байж байна гэх мэт. Урьд нь орой болгон надаас ном уншиж өгөхийг гуйдаг байсан ядаж өөрсдөө комик ном ч болсон уншдаг байсан хүүхдүүд байхгүй болсон, оронд нь нэг нэг smart device барьж энд тэнд чив чимээгүй суусан хүүхдүүд л байна.
Эсвэл би хүүхэдтэй холбоотой зүйлийг их эмзэгээр хүлээж авдаг ч юмуу. Үгүй юм шиг байгаамаа, дэлхий даяар энэ kids obsession of phone smart device гэдэг толгойны өвчтэй болчихсон байх шиг байна. Сайн тал байхыг үгүйсгэхгүй, гэхдээ муу тал нь илүү олон гэж бодож байна. Ядаж л хараа муудна, хөдөлгөөний дутагдалд орно, орчин тойрон амьд ертөнцтэйгээ харьцах харьцаа муудна гэх мэт.
Ингээд би ойрын үед ийм арга хэмжээ авахаар бодож байна. Хүүхдүүдийнхээ утас таблетуудыг хурааж авах, эсвэл тодорхой цагаар л өгч яваандаа тэр цагийг нь багасгах, нэмж дугуйланд оруулах, илүү их даалгавар хийлгэдэг болгох, зөндөө ном нэмж авч өгч уншуулах, байнга уншсан үгүйг нь шалгаж байх, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, гадуур дагуулж явж байх, спортын дугуйланд оруулах, оройд ном уншиж өгч байх (хэдий том болсон ч гэсэн), гэртээ чөлөөт цагаараа хийдэг ямар нэг зүйлтэй болгох (юм оёх, нэхэх, зураг зурах, лего угсрах, баримлын шавраар юм хийх ч юмуу) ер нь нэг үгээр хэлбэл гар утас таблетад зориулдаг цагийг нь багасгаад өөр үр бүтээлтэй зүйлд анхаарлыг нь хандуулах.
Гар утсан дээр яг юу хийгээд байгааг нь харвал охин facebook-т ангийнхаа найзуудтай их чаталж байна, дууны клип их үзэж байна, хүү болохоор янз бүрийн тоглоом тоглож байна. Охиноо орой 9 цагаас хойш fb-т онлайн байх юм бол бөөн хэрүүл болноо. Тийм болохоор одооноос утсыг нь цагийн хуваариар өгдөг юмуу гэж бодоод байгаа. Ер нь хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч гэсэн facebook болон нэтийн тоглоомонд их донтсон нь харагдах юмаа гадуур. Би fb рүү ихэнхдээ охиноо юу хийж байгааг шалгах гэж ордог юм, тэгээд цаашаа өөрөө юм уншаад хадуураад явчихнаа. Ер нь харж байхад хүмүүсээс тоглоомны хүсэлт урилга аймшигтай их ирэх юмаа. Тоглох мөрөөрөө өөрсдөө тоглохгүй яагаад бусад хүн рүү хүсэлт явуулаад байдаг юм бол доо. Би ч гэсэн өөрөө энэ гар утас нүүрном энэ тэрд донтохгүй байхын тулд чөлөөт цагаараа нэг тийм үр бүтээлтэй өгөөжтэй зүйл хиймээр байна. Тэгэж л хүүхдүүддээ үлгэр дуурайлал болохгүй бол. Аав ээж нь өөрсдөө нэг нэг юм барьж суучихаад яаж хүүхдээ боль гэж хэлэхэв дээ.

Thursday, January 22, 2015

Гадаад суралцах, гадаадад сургуульд сурах

Яг энэ тухай өмнө нь бичсэн байгаа боловч хүмүүс сайн олж уншиг гээд дахиад оруулахаар шийдлээ.
Шинэ гарчигийг нь гүүглээр хамгийн их хайгддаг үгээр биччихлээ.

 

Хичээлээ хийгээчээ

/Wednesday, June 13, 2012/

Өөртөө хэлж байгаан. Маргааш би аймаар чухал пресентаци тавих ёстой юм, дор хаяж нэг цаг ярих ёстой, тэгэхээр чинь овоо хэдэн слайд бэлдэх хэрэгтэй еэ дээ. Тэгтэл эгч одоо юу хийж байна? Блог хэсээл сээгий үлдээсэн шиг өөрийн блогтоо хэрэгтэй хэрэггүй юм эрээчсэн шиг сууж байх юмаа. Болиосой хичээлээ хийгээсэй би. Маргааш яах гэж байгаа юм болоо. За яадгийн яадгийн, хэдэн үг холбочихоол гаръя.
Алимаа эгчийн блогийг хальт шагайсан чинь нэг юм бичмээр санагдаад гар загатнаад болдоггүй ээ. Гадаадад сурсан сурч байгаа хүмүүс бусдадаа туршлагаасаа хуваалцвал зүгээр юмуу гэж бодогдоод. Яахав дээ яаж гадаадад сурахаар ирчихээд байгаагаа өнгөтөөр ярьж өгвөл гоё юмуу гэж бодсон өөрийгөө зөвтгөх гээд л шалтаг хайгаад байгаан ккк. Би чинь өнгөтөөр ярих их дуртай шд мэднэ биз дээ.

Анх гадагшаа явах санаа 2009 онд төрсөн юмаа. Тэр үед би албан тушаал ахимаар санагдаад бяр чадал амтагдаад дур хүсэл оргилоод мэдрэл муудчихсан үе байсан юм шиг байгаан. Гэтэл гадаадад сургууль төгсөөгүй болохоор надад ямар ч шаанс байхгүй байв. 1-рт тэр ажилд өргөдөл өгсөн ч гадаадад сургууль төгссөн /graduate school/ хүмүүстэй өрсөлдөөд тэнцэх шаанс байхгүй, 2-рт тэр ажлыг авсан ч хийж чадна гэж өөртөө итгэхгүй байлаа. Учир нь би өөрийгөө мэдлэг боловсролын хувьд гадаадад сургууль төгссөн хүмүүсийн хажууд тун их голж байв. Ингээд гадагшаа сургуульд явах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргаад нөхөртөө хэлж ойрын хугацаанд явбал гэр бүлээрээ явах бэлтгэлтэй байхыг сануулав. Нөхөр яахав дээ намайг тоглож байна гэж бодоо биз.

Заа сайн байцгаана уу?

Сайн биз дээ та нар минь.
Блогийнхоо нууц үгийг таг мартаад дахиж авах гэсэн чинь огт мэдэхгүй имэйл хаяг руу (бодвол би өөрөө нээсэн байх л даа)  шинэ пассворд явуулчлаа гээд өнөө имэйл рүүгээ орж чадахгүй бас тэрэн дээрээ шинэ нууц үг хүссэн чинь бас нэг өөр огт мэдэхгүй имэйл хаяг өгөөд, ёстой нээрээ хэдэн имэйл хаяганд шинэ нууц үг авч байж эцэст нь блогтоо орж ирвээ.
Хүүхэд ар гэр
Хүүхдийн хүмүүжил эрс өөрчлөгдсөн. Урьд нь хичээлээ л хийе гэдэг, ном уншдаг, хөгжмөө давтдаг байсан хүүхэд өмсөж зүүх идэж уух юм ярьсан, facebook эргүүлдсэн, үнэтэй гар утас эд хэрэгсэл нэхсэн хүүхэд болж 180 градус өөрчлөгдсөн. Зүгээр л энэ нийгмийн нөлөө. Xавь ойрынх нь бүх хүүхдүүд тийм байхаар яах ч аргагүй их нөлөөлөх юм. Би гэхдээ янз бүрийн дугуйлан энэ тэрд явуулж, утсыг нь хурааж авч аль болох завгүй байлгахаар оролдож байгаа. Ядаж байхад шилжилтийн нас нь болоод тэр юмуу зан ааш нь аймшигтай өөрчлөгдөж байна. Ар гэр бол ерөнхийдөө сайхан байнаа, амралтын өдөр болгон ах дүүсийнхээрээ очиж бужигналдаад л хоол унд идэж хов жив сүнгэнүүлсэн шигээ. Нутагтаа байхын нэг сайхан юм нь тэр юм даа. Гэхдээ бас ах дүү нар хэт ойр байхын зовлон байнаа байна. Манай юм бол танай юм, танай юм бол манай юм гэдэг зарчим зөвхөн монголынх биш ер нь азийнхны зан ч юмуу. Нэг их ах дүүсэрхэг, нэгнийх нь зовлон бүгдэнгийнх нь зовлон болчихно. Тал талаас зовлон тоочиж мөнгө нэхсэн хүмүүс. Аль нэг ах дүүгийн шинэ машин авах гэж байгаа, эсвэл бөө болсон нь энд мөрөөрөө ажлаа хийгээд амьдралаа яая гэж яваа надад яагаад хамаатай болчихоод байгааг нэг л ойлгохгүй юм. 
Ажил төрөл
Ажилгүй нилээн суусан, дараа нь ажилд яаж орсон яаж бэлдсэн тухайгаа блогтоо бичсэн байгаа. Энэ ажлыг хийгээд их л юм сурч байна. Би чинь ийм глобал хувийн хэвшилд бол ажиллаж үзээгүй байсан юм билээ. Тийм болохоор сурах юм их байлаа. Дотоодын жижиг компанид, том группд, олон улсын байгууллагад, төсөл хөтөлбөрт гээд янз бүрийн байгууллагад ажиллаж үзэж байснаас ийм төрлийн бизнесийн байгууллагад ажиллаж байсангүй. Юм юм л үзэж байна, бизнесийн хайр найргүй ширүүн өрсөлдөөн, төрийн байгууллагынхны хүнд суртал, олон улсын стандарт л бол стандарт байх ёстой, хүн гэдэг амьтны улайм цайм хуурамч зан гэх мэт. Урьд өмнөх ажлууд дандаа хүний нөмөрт, өөрөө толгой даан хариуцлага үүрэхгүй байсан болохоор их л амар байж дээ. Гэтэл одоо удирдах албан тушаал гэдэг чинь асар их үүрэг хариуцлага бас их зүрх зориг, үмхий санаа, алсын хараа, хүнтэй харьцах урлаг шаарддаг эд байна. Тэгээд бас манай улсад ажил төрөл хийхэд хувцас хунар гадаад үзэмж их чухал нөлөөтэй юмаа.  
Гэхдээ монголын бизнесийн ертөнцөд орж ирээд нэг л юмыг маш сайн ойлгож мэдэрч байна. Цэвэр бизнесээ хийгээд явдаг хүн нэг ч байхгүй, цэвэр ажлаа хийгээд явдаг төрийн албан хаагч нэг ч байхгүй. Тэд нар мөн хоорондоо улстөр гэдэг нарийн шижмээр маш бат бөх холбогдсон байдаг юм байна. Үнэндээ хөөрхий муу бизнес хийгчдэд түм буман зовлон байна. Байсгээд л элдэв шалгалт ирнэ, эсвэл ямар нэг бичиг баримтыг нь ямар ч шалтгаангүйгээр төрийн байгууллагаас гаргаж өгөхгүй өчнөөн удаж зовооно. Mуу муухай юм бичиж хүн амьтны сэтгэл санааг үймүүлэхгүй гэж их хичээж байгаа боловч ёооё үнэндээ л энэ нийгэмд болж байгаа зүйлсийг харахаар манай улс дампуурчих вий гээд айгаад байх юм.
За больё, өөр гоё юм ярья.
Турах тухай биш жингээ барих, хөдөлгөөний дутагдлаас гарах тухай боддог болсон. Нүүрээ будаж сурч байгаа гэж хэлсэн. Өдөр тутмын амьдрал бол тэр чигээрээ адал явдал, үнэндээ уйдах байтугай өвдөх ч зав гарахгүй байна. Бүх юм challenge, adventure болохоор толгойгоо таван тийш нь талын нэг ажиллуулах хэрэгтэй болж байгаа юм чинь. Өглөө ажилдаа гарч яваал (зүгээр явахгүй, яаж шүргэлцчихэлгүй явах вэ, зогсоол яаж олох вэ) өдөржин нервтэж үсчиж харайж ийш тийш гүйж гүйж орой хариад хоол унд "Ямар хоол хийж идэх вэ?" гэдэг тоглоом тоглоод л, угааж арчих, хүүхдүүдтэйгээ орилолдох (чи наад гар утсаа тавь, хөөе чи наад ipad тавь, хэн чамайг ав гэсийн гэдэг өгүүлбэрийг би өдөрт доод тал нь 30 удаа хэлж байх шиг байнаа), хагас бүтэн сайнд гэр бүлээрээ цэвэр агаар худалдаж авах (утаанаас зугтсан УБ-чууд амралтын өдрүүдээр хотын ойр хавийн амралтын газрыг дүүргэчихдэг юм байна, энэ чинь цэвэр агаар худалдаж авч байна л гэсэн үг биз дээ) гэх мэтээр амьдрал үргэлжлээд л. 
Сайхан байнаа сайхан байна.

Wednesday, November 19, 2014

Манай улсад хүүхэд өсгөх нь

Төрөх: 
Мөнгөгүй л бол үхэхээр болсон байна Монголд. Улсын эмнэлэгт насаараа төлсөн эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй төрж байгаа нэртэй боловч, эмч ажилчдын гар хөлийг зохих шан харамжаар цайлгахгүй бол (эх барьсан эмчдээ 200,000 гээд доошоо явна) төрөхийн орон дээр эмчдээ тоогдохгүй үхэж ч мэдэхээр болжээ. Дээрээс нь элдэв эм тариа хангамжийн зүйлсийг 100% өөрсдөө гаднаас хангаж байж эмчлүүлнэ. Тэр дорхноо мөнгөө хурааж байгаад төлбөртэй хувийн эмнэлэгт нь төлдөг юмыг нь албан ёсоор төлөөд санаа амар төрсөн нь дээр болж. Бас төрөх эмнэлгийн хүрэлцээ муу болохоор ачаалал арай дэндүү их. Улсаас шинээр ганц ч төрөх эмнэлэг барихгүй юм.
Хүүхдийн эмчилгээ асаргаа: 
Монголд хүүхдийн эмнэлэг маш хэцүү байна. Ядаж байхад Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихсэн болохоор нялх нярай хүүхдүүд өвөлдөө амьсгалын замын өвчин тусалгүй, бүр тэр нь хүндрэлгүй өвлийг давдаг тохиолдол огт байхгүй болсон. Ганц ханиад хүрлээ гэхэд эм тан нь маш үнэтэй. 3 жилийн өмнө хоолой нь өвдөхөд авч өгдөг байсан антибиотикийн үнэ 2 дахин нугарсан байх жишээтэй. Тэгээд авч өгөхөөс өөр аргагүй. Өвөл болохоор аптек эмийн санд уртаас урт оочер. Хэдэн ядарсан ард түмэн нь үнэтэй эм танд хамаг байдгаа өгч дуусна. Тэгээд өвдөхгүй байхын арга байхгүй. Аймшигтай агаартай болохоор хүүхэд өвдөхөөс өөр аргагүй. Өвдөөд бүр хүндрээд эмнэлэгт очихоор эмнэлэгт нь багтахгүй, ачааллаа дийлэхгүй, нэг орон дээр 2 ээж хүүхэдтэйгээ зөрөлцөж унтдаг, газраар гудсаа дэвсчихсэн хэвтэж байгаа гэх мэт дүр зураг угтана. Ганц нэг хүүхдийн эмч нар хувийн эмнэлэг байгуулчихсан, төлбөр нь гэж хаданд гарчихсан, нэг үзүүлэхэд 30,000, дахиад ирээд үзүүлсэн ч тэрийгээ л төлнө. Ямар ч хямдрал, харж үзэх гэдэг ойлголт байхгүй. Тэгээд эм бичнэ, нөгөө эмнүүдийг нь авахаар 50-80,000 төгрөг элбэг болно. Ямар ч даатгал үйлчлэхгүй.
Хүүхдийн сургууль цэцэрлэг:
Ёооё энэ ёстой бас л бөөн стресс. Улсын цэцэрлэг үнэгүй боловч олдоц муу, анх бүртгүүлэхэд 8 сард эцэг эхчүүд гадаа 4 хоног хонон өнжин оочёрлож байж хүүхдээ бүртгүүлсэн гэсэн. Тэгээд нэг ангид 50 хүүхэд 2 багштай. Хувийн цэцэрлэг сарын 250 мянгаас төлбөр нь эхэлнэ, дээшээ тэгээд явж өгнө дөө 500$ төлбөртэй ч бий. Улсын цэцэрлэгийн багш нарын нэг юмыг ойлгохгүй юм. Хөөрхий муу асрагч багш л өдөржингөө баасан шээсэн асгасан цутгасан хамаг юмтай нь хутгалдаад ангийн багш нь гээд өндөр өсгийт бариу палаажтай хүүхэн ер нь ганц удаа хүүхэд тэвэрдэг юмуу гэмээр ярвайсан царайтай нөхөр сууж байх юм. Гэтэл япон солонгос хятадад цэцэрлэгийн багш гэдэг хормогч зүүж биеийн тамирын хувцас пүүз өмсөөд өдөржин тэврэхийг нь тэвэрч үүрэхийг нь үүрээд арчилж халамжлахаа ч хийгээд зургаа ч зураад юмаа ч бичүүлээд хичээлээ ч заагаад л явж байдаг юм.
Японд байхад манай 2 өөрсдөө сургууль руугаа гүйгээд явчихна, сургууль нь үнэ төлбөргүй, би зөвхөн өдрийн хоолны мөнгийг нь л төлдөг байлаа, бүр тэр нь хүртэл хөнгөлөгддөг байсан гээч. Сургууль нь тэгээд ямар сайн чанартай сургалттай, ямар олон талын мэдлэг мэдээлэл өгдөг байлаа даа. Нэмэлтээр сургуулиас гадуур өөр дугуйланд явуулж болно, тэд нар нь мэдээж үнэтэй, гэхдээ бас ч гэж боломжийн, байрлал нь ихэнх нь гэрийн ойр орчимд хүүхэд өөрсдөө гүйгээд оччихоор байдаг байлаа. Сургууль, дугуйлангаас гадна мэдлэгт чиглэсэн мэдээллийн эх сурвалж хаа сайгүй, тв-гээр дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гарна, номын сан нь үнэгүй бас хаа сайгүй, музей нь гайхалтай гоё, элдэв мэдээллийн арга хэмжээнүүд их болно (гамшгаас хамгаалах үзүүлэх сургалт гэх мэт). Харин би энд одоо 2 хүүхдийн боловсролын асуудлаар толгойгоо өвтгөж сууна. Улсын сургууль маш их хүүхэдтэй ачааллаа дийлэхгүй тул нэг хүүхдэд ногдох багшийн хүртээмж 1/50 харьцаатай дунджаар. Ангид 50 хүүхэд бужигнаад байхаар хүүхэд юу сурах уу, багш хүүхэд бүрт хүрч ажиллаж чадах уу. Гадны нэг боловсролын мэргэжилтэн манай улсын сургуулийн бага ангид 50 хүүхэд сурдагийг харчихаад "Энэ бол эмгэнэл. Хүүхэд ийм нөхцөлд юу ч сурахгүй. Том биеийн тамирын зааланд баахан хүүхэд оруулчихаад дунд нь үсэг бичсэн цаас шидчихээд за өөрсдөө сур наадхаа гэж байгаатай яг адил нөхцөл" гэсэн юм гэсэн. Тэгээд нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг гэдгээр нь хувийн сургууль яалтч үгүй сонгох болж байгаа юм. Хүмүүс баян тарган, мөнгөө багтааж ядсандаа хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм биш шүү дээ. За тэгээд хүмүүсийн зовлон дээр бизнес хийж байгаа аятай хувийн сургуулиудын төлбөр гайхамшигтай өндөр шүү дээ. Жилийн 15,000 долларын төлбөртэй сургууль байна (Тэгээд бүр энийгээ гайгүй байна гэж ярьцгааж байгаан шүү, хэсэг бүлэг хүмүүс). Мань мэт нь мэдээж ийм сургууль мөрөөдөөд ч дийлэхгүй нь ойлгомжтой. За нэг гайгүй төлбөртэй сургууль олоод өгчихлөө гэж бодъё. Тэгээд өглөө орой бүр хүүхдээ зөөнө шүү дээ. Элдэв дугуйлан секцэнд хүүхдээ оруулъя гэвэл сарийн 150-350,000 төгрөг төлнө, бас хэн нэг хүнээр зөөлгөнө. 
Би ер нь их стресстэй байгаа бололтой. Жаахан тайвшраадхая.