Wednesday, March 26, 2014

Хүүхдийн орчин

Хүүхэд өсч хүмүүжихэд орчин нь их нөлөөлж байнаа. Охин японд байхдаа "Одоо би том ангид орлоо, ахлах анги боллоо, илүү эрт босох хэрэгтэй, хичээлээ илүү сайн хийхгүй бол болохгүй, хөгжмөө улам сайн давтаж улам мундаг тоглодог болох хэрэгтэй байна" гэж ярьдаг байсан чинь энд ирээд монгол сургуульд ороод хэдхэн сар болсон чинь ингэж ярьдаг болчихжээ "Манай ангийнхан намайг ямар муухай цамц өмсчихсөн юм бэ гэсэн би энийг дахиж өмсөхгүй, манай ангийнхан бүгд iphone 5, samsung S4-тэй, намайг утасгүй юмуу гээд шоолоод байна, манай ангийн охин миний цамцыг жинхэнэ Zara мөн юмуу хулхи нь юм биш үү гээд байна, би 2 facebook account нээх хэрэгтэй байна, би чихээ цоолуулмаар байна манай ангийн охид бүгд цоолчихсон гоё гоё ээмэг зүүдэг" гэх мэтээр ярьдаг болчлоо. 
Японд хэзээ ч өмсөх хувцас, гадаад үзэмж, facebook internet, гар утас авах талаар ярьж байгаагүй зөвхөн хичээл хөгжим найзуудынхаа тухай ярьдаг байсан хүүхэд чинь одоо материаллаг эд зүйлсийн тухай ярьдаг болчихож. Японы бага сургуульд угаасаа гар утас авчрах, чихээ цоолох гэх мэтийг хориглодог болохоор амар ч юмуу. Монгол ангийнх нь хүүхдүүд гэж үнэтэй гар утас барьсан, өмсөх зүүхээр нэг нэгнээ ялгаварлаад байдаг бололтой юм. 
Сая март цэргийн баяр гэж юу болов оо. 4р ангийн хүүхдүүд зүгээр л бараа солилцооны өдөр болгочихсон байна шдээ. Цэргийн баяраар чи надад Лего тоглоом /тэр нь 80,000 төг/ авч өгвөл би яахав чамд мартаар үнэтэй бэлэг авч өгнө шүү гэж ангийнх нь банди хэлж байна гэнэ шүү. За энэ тухай дараа нь "Март Цэргийн баярын солиорол" гэдэг постоор дэлгэрэнгүй бичье.

Tuesday, March 25, 2014

Эргээд ирлээ

За сайн сууцгааж байна уу. Ногоохон Нараа нь эргээд ирлээ. Алга болсонд уучлаарай, блогоо хаасанд бүүр их уучлаарай. 
Яагаад блогоо хаасан бэ гэвэл бусдын лаг лаг юм бичсэн мундаг мундаг блогуудыг олж харангуутаа өөрөөсөө аймаар ичээд. 
Тэгвэл яагаад блогоо нээсэн бэ гэвэл би юу ч бичиж байлаа хамгийн гол нь миний бичсэн юмс жаахан ч гэсэн хүмүүст хүрч нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр болж байгаа болов уу гэсэн урам авлаа. Миний блогийг уншдаг хүн маш их байдаг юм байна гэдгийг олж мэдлээ хэхэ. 
Бас ээж минь надад их сайхан урмын үг хэллээ. "Миний охин бол нар юм шүү дээ. Хавь ойрынхондоо үргэлж л өөрийн мэддэг чаддаг зүйлээ ярьж өгч тайлбарлаж таниулж гэгээрүүлж байдаг, мэдлэгийн гэрэл гэгээ цацраасан миний охин бол яг л нар шиг. Ээж нь хүртэл охинтойгоо ярихад ганц юм ч гэсэн мэдээд авдаг" гэж хэллээ надад. Сайхан үг сонсох сайхан шүү.
Одоо тэгээд мэдсэн дуулсан бүхнээ та бүхэнтэй хуваалцахаар бичээд байж дээ. 

Saturday, January 25, 2014

Хөгжилтэй

Манай 2 чинь кесерова хагалгаагаар төрсөн юм. Өөрсдөө тэрийгээ маш сайн мэднэ. Тэгтэл нөхрийн дүүгийн эхнэрийн тухай бид ярьцгааж байлаа.
Охин:
-Ээжээ, Өөнөө аниа дүлж төрөх юмуу хагалуулж төрөх юмуу?
Би:
-Дүлж төрөх байхаа. Гэхдээ бие нь муудвал хагалаад л хүүхдийг нь авчихна.
Хүү:
-Дүлж төрнө гэж бөгсөөрөө дүлж гаргах юмуу?
Би бантсандаа,
-Тийм ээ. Гэтэл хүү,
-Та бас дүлээд гаргачихгүй юугаа хийж байсан юм гэнээ.
+++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++
Манай ээж хулганаас их айдаг юм. Хүү эмээгээ жижигхэн хиймэл үсээр айлгачихжээ. Эмээ нь огло үсрээд орилсон юм байна л даа. Тэгсэн хүү эмээгээ ингэж айсан гэж үзүүлж байгаан. Эхлээд ердийн аа гэж орилж босч үзүүлснээ одоо удаашруулаад гэснээ "аа-аа-аа-аа" аймаар удаан хөдөлж үзүүлээд хүмүүсийн инээдийг бараад. Эмээ нь хүртэл дахиад үзүүл дээ дахиад үзүүл дээ гээд дахин дахин үзээд байх юм.
+++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++
Хүү ер нь их марзан л даа. Охин ванны өрөөнд нүүр гараа угааж байхад нь хүү араас нь сэмээрхэн гэтэж очоод ард нь солир хараад нүүр амаа мурийлгаад инээдтэй царай гаргачихсан зогсож байсан гэсэн. Охин тонгойж нүүр гараа угааж байгаад босч ирээд толинд гэнэт дүүгээ хараад цочиж орилсноо түс хийтэл инээгээд.
+++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++
 Нөхөр бас 2 хүүхэдтэйгээ хуйвалдаад намайг ванны өрөөнөөс гарч ирэхэд цочоох гээд хаалганы ард нуугдаж байж л дээ. Би яахав чөтгөр юм болохоороо гараа арчингаа 2 хүүхдийн харц марцнаас байдал биш байгааг мэдэнгүүтээ ванны өрөөнөөс мөлхөөд гараад ирсэн чинь намайг цочоох гэж байсан нөхөр өөрөө надаас цочиж муухай орилоод ккк.

Ойрд цагаан сар болох гээд сайхан байна шүү. Бууз иднэ, айл хэснэ, эмээ ээж хоёрынхоо цагаан сарын юмыг бэлдэж өгнө гэж бодохоор сайхан санагдаад байх юм.


Thursday, January 23, 2014

Энэ хятадууд/монголчууд яах гээд байнаа

Өө энэ хужаа нар чинь манайхыг зүгээр л түүхий эдийн хангамжийн бааз болгож ашигладаг юм биш үү. Ядаж байхад хэдэн юм үзээгүй хөлдүү нөхдүүд нь хятадуудыг хэдэн цаас өгье гэнгүүт л юугаа ч хамаагүй бариад гүйчих юм.
Манай 1т, 5т-ын мөнгөн дэвсгэртийг эхлээд шууд урагш нь гаргаад баригдаад ирэнгүүтээ одоо бүр ebay мэтийн олон улсын худалдааны сайт майт дамжуулаад дэлхий даяар худалдаж авч эхэллээ гэнэ. Энэ бүр яг баримттай мэдээлэл гэсэн байна. Манайд талын саарал чоно ойрд их ховордоод эхэллээ гэсэн чинь өнөө л хужаа нар чинь бас аваад ир худалдаж авъя хил милээр гааль маальд санаа зоволтгүй бид өөрсдөө гаргачихна гэдэг гэнэ. Тэр сургаар хүмүүс хамаг чоноо хядаад дуусч байгаа юм байхаа. Чоноор ч зогсохгүй хамаг л зэрлэг амьтдын тийм ийм ч эрхтэн авна гэж мөнгө үзүүлэнгүүт манайхан хамаг юмаа хамж шимээд бариад зөөгөөд дуусч байнаа. Эмийн ургамлыг хамаад дуусч байгаа гэсэн. Самар урагш нь гаргаж болдог байхад манайхан арай л хуш модоо хядаад дуусгаагүй шдээ. Мал амьтны түүхий эд, эртний эдлэл, шашин түүхийн эд юмс, динозаврын яс үгүй нээрээ энэ хужаа нар манайхаас авахгүй юм алгаа. Нэг хэсэг хөдөөгүүр айлын хуучин авдар сав эд хогшлыг хятадууд болон тэдний гар хөл болсон наймаачид хуу хамаад вагон вагоноор нь урагш нь гаргасан гэж байна шүү цаана чинь. Тэгтэл Хөх хот гэнэ үү хаана гэнэ үү, зөвхөн монгол авдарны том музей нээгдсэн байна гэж байна шд. Яахав тэнд хятадын өөрсдийнх нь бас үндэстэн ястны авдар сав байгаа л байх л даа бас. Удалгүй бид нар өмссөн хувцастайгаа "Монгол гэж ийм улсууд байсан юм" гээд урд хөршийн нэг музейд залрах вий дээ.
Оронд нь манайх бас авахгүй юм алгаа. Оймс бандаашнаас авахуулаад шуба монгол дээлээ хүртэл, зүү хадааснаас авахуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмж, гурил будаа, сүүлдээ өрөм цагаан идээ одоо удахгүй махаа урдаас импортолдог болох нь ээ.
Яагаад ингээд хужаа нар луу хамаг юмаа барьж гүйгээд байнаа гэвэл бид нар үнэндээ л арчаагүй, залхуу, амиа бодсон, хууль дүрмээ биелүүлдэггүй, мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй хүмүүс байна шдээ.
Бид уг нь арай ухаантайхан хөдөлж энэ том захзээлд өөрсөддөө ашигтай наймаа хийх ёстой байхгүй юу. Тэрнээс ингэж авъя гэсэн болгоныг нь хуу хамж барьж гүйгээд байвал манай улс хэр удаан тэсэх юм байгаан.

Monday, January 20, 2014

Төслийн талаар хэдэн үг

Энэ Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл шалгаруулах тухай тендерийн талаар бас яаж дуугүй байхав хэдэн үг хэлээд л авъя.

Saturday, January 18, 2014

Аль замаар нь явах вэ гэж

Нэг сонголт хийх хэрэгтэй болоод байна. Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллах уу, хувийн хэвшилд ажиллах уу? Үүнээс миний цаашдын ирээдүй шалтгаалах гээд байна л даа. 
Бас хувийн хэвшилд ажиллахдаа 100% монгол компанид ажиллах уу, эсвэл гадаад компанийн монгол дахь салбарт ажиллах уу гэх мэт бодох асуудал их гарч ирдэг юм байна. Яаманд ажиллах гэсэн чинь цалин нь ойролцоогоор 500$ юм байна. Ажилдаа бүхнээ зориулаад цалингаараа амьдардаг над шиг хүн ийм цалингаар яаж бүхэл бүтэн сар амьдрахав дээ. Тэгээд ажиллаж чадахгүйнээ гээд хэлчихлээ. /Ер нь яаманд ажилладаг хүмүүс яаж ийм бага цалингаар амьдардаг юм болоо. Ёстой ойлгохгүй юм. Гэр бүлийн хүн нь хангалттай орлого олдог болохоор цалинд санаа зовдоггүй хүмүүс байдаг юм болов уу/ Төсөл дээр ажиллахаар төсөл чинь үсрээд 2-3 жил л үргэлжилнэ, төсөл дуусаад дахиад ажилгүй болно гэх мэт бас л бодох асуудал юм байна. Тэр дорхноо гайгүй компанид ороод хэдэн жил ажиллаад дэвших мэвшихээ бодож байдаг ч юм билүү.
Төсөл дээр ажилладаг хүмүүс тэгээд л төслөөрөө дагнаад л явчихдаг, хувийн компанид ажилладаг хүн тэгээд бас тэрүүгээрээ л дагнаад явчихдаг юм байна. Над шиг ингэж алин руу нь ч орж магадгүй зааг дээр ирсэн хүн байдаг ч юмуу үгүй ч юмуу. Яах вэ байз ойрын хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Ойрхон ойрхон ажил сольж CV-гээ doubtful болгомооргүй л байх юм.