Wednesday, July 6, 2016

Хүүхдийн шүдний тухай

Хүүхдийн шүдний тухай хэдэн юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Японд байхдаа би нэг удаа "арчаагүй ээж, муу ээж" болсон тухайгаа бичиж байсан даа. Ингэсэн юмаа. Япон явахаасаа өмнө би бусад монгол ээжүүдийн л адил хүүхдийнхээ шүдийг алдаг оног л угаалгадаг өвдөнгүүт нь эмнэлэгт аваачиж эмчлүүлдэг байлаа. Шүдний эмнэлэгт хүүхдээ аваачиж байгаа бол манайд чинь бараг л сайн байна хүүхдэдээ анхаарал халамж тавьж байна гэсэн үг биз дээ.
Гэтэл Японд очоод яав. Охины нэг шүдийг эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн юм. Маргааш нь охин Япон ангийнхандаа санаандгүй өчигдөр шүдний эмнэлэг орсноо ярьчихаж л дээ. Тэгтэл өнөөдүүл нь "Манай Японд хүүхдээ шүдний эмнэлэгт аваачиж байгаа ээжийг муу ээж арчаагүй ээж гэдэг. Танай ээж чинь арчаагүй муу ээж юм байна" гэж шоолсон гэнэ. Охин гэртээ ирээд надад уурлаж уйлсан шүү дээ. Тэгээд ч тэр 1500 хүүхэдтэй япон сургуульд 2хон монгол хүүхэд л шүдний цооролтой өвчтэй тэр нь манай 2 хүүхэд гэж шүдний эмчийн үзлэгээр гарсан. Ёоё би тэрнээс хойш хоёр хүүхдээ "Шүдээ угаа" гэж байнга орилж хашгирч угаалгадаг болсон доо. Сүүн шүднүүд нь унаснаас хойш дахиж шүдний асуудал огт байхгүй болсон. Одоо явж байгаа монгол сургууль нь бас жил бүр шүдний эмчийн үзлэг авчирч сургуулийнхаа бүх хүүхдийг үзүүлдэг юм. Манай хоёр хүүхэд нэг ч өвчлөл цооролгүй эв эрүүл шүдтэй хүүхдүүд гэж гарсан байна лээ. Бас шүдээ хэр сайн угаадгийг нь шалгадаг /өнгийн лак түрхэхээр шүдээ дутуу угаасан бол өнгөр дээр нь өнгө тогтож харагддаг/ тестээр шалгаж үзэхэд манай 2 лав анги ангидаа ганц өнгө тогтож харагдаагүй хамгийн сайн угаадаг хүүхдүүдээр шалгарсан байсан.
Тиймээс ээж нар минь, хүүхдийнхээ шүдийг өдөрт доод тал нь 2 удаа заавал бүр заавал угаалгаж байгаарай.
За одоо хүүхдийн шүдний тухай дараагийн маш чухал сэдэв ярья. Манай хоёрын сургуулиас жил бүр эцэг эхчүүдэд зориулсан ямар нэг сургалт лекц зохиодог юм. Энэ жилийнх нь АУИС-ын Эрүү нүүр амны сургуулийн хүүхдийн шүдний кабинетийн эмч нарыг авчирч лекц уншуулсан юм. Тэгсэн чинь ингэж байна аа. Хүүхдийн шүд өвдөхөөс гадна гажиг гэдэг зүйл ихэссэн гэнэ манай Монголд. Гажиг гэдэг нь шүд наана цаана ургах, шаймий болох, эсвэл эсрэгээрээ эрүү жижигтэй болох, шүд давхар ургах гэх мэт эрүү нүүрний бүхий л гажгийг хэлж байгаа юм байна. Хүүхдийн шүд наана цаана орсгой дорсгой ургах, давхар шүд ургах /үүнээс болоод шүдний аппарат зүүдэг дээ/ зэрэг нь бага байхад нь буюу 6 сартай анхны шүд цухуйсан үеэс 7 нас хүтэл эрүүний яс хөгжих ид үе хүртэл нь шүдээр нь сайн зажлуулж юм зулгаалгуулж шүд эрүүг сайн ажиллуулаагүйтэй холбоотой гэж байна шүү. Хүүхдийн бантан хоолыг юу ч үгүй миксердээд зутан болгоод өгөөд байдаг чинь гол учир шалтгаан нь гэж байна. Ургаж байгаа тэр шүд чинь заавал ямар нэг юмыг зажилж буталж эрүүний булчин ажиллаж сайн зажлах ёстой юм байна. Тэгэж байж тэр шүд чинь зохих ёсоороо ургаад гүйцээд элэгдээд унаад дараагийн шүд нь зохих хугацаандаа гарч ирдэг юм байна. Хүүхдийн сүүн шүд арзгар хөрөөний ир шиг ургадаг бөгөөд түүгээрэ юм зулгааж хазаж идсээр байгаад хэвийн тэгшхэн болтол нь элээх ёстой гэж байна. Гэтэл сүүлийн үед эмч нарт юу ажиглагдаж байна гэхээр ээж нар нь бүх хоолыг нь зутан болгож зажлах юм юу ч байхгүй өгсөөр байгаад 2 нас хүрсэн мөртлөө хөрөөний ир шиг нялх шүд нь огт элэгдээгүй хүүхэд хүртэл орж ирж байна гэнэ шүү. Ингэж элэгдээгүй шүд яах вэ гэхээр унахгүй удна, гэтэл цаанаас нь ясан шүд нь түрж ургаснаар давхар шүд ургах эмгэг үүснэ гэнэ. Мөн зажлах үйлдэл сайн хийхгүйгээс болоод эрүүний яс гүйцэд томорч ургаж амжилгүй шүднүүд нь ургаад жижигхэн эрүүний ясан дээр олон шүд чихцэлдснээс болоод наагуур цаагуураа ороод орсгой дорсгой наашаа цаашаа шүдтэй болдог юм байна.
Японд ийм наашаа цаашаа орчихсон шүдтэй хүн мааш их. Хаа очиж шүд нь цооролгүй эрүүл мөртлөө эрүү нүүрний гажиг ихтэй байдаг нь хүүхдийн хоолонд зажилдаг мах хоол унд нь хэт зөөлөн  зутан хэлбэртэй байдгаас болдог гэнэ. Тиймээс одоо японд бүр зориулалтын хазаж зулгаадаг соосок гарч байгаа ч гэнэ үү. Манайхан бол тийм юм хэрэггүй шдээ. Манай мах бол хангалттай сайхан хатуу, түүнийгээ зутан болгочихолгүй жижигхэн жиргээд бантангаа хийгээд байхад болно. Эрүү нүүрний сургуулийнхан Японы нэг эмнэлэгтэй хамтран ажиллаж япон монгол хүүхдүүдийн эрүү нүүрний гажгийн талаар харьцуулсан хамтарсан судалгаа хийж байгаа юм байна. Тэр шугамаар ирсэн япон эмч нар манай хонины мах 3 хоног идээд эрүү нь чилсэн гэнэ. Тэгээд ийм хатуу мах идэж байгаа монгол хүүхдүүд эрүү шүдний гажиг огт байх ёсгүй гэж бодсон гэнэ. Гэтэл бага насны хүүхдүүдэд шүдний гажиг их байна гэж гарсан гэнэ судалгаа нь. Яагаад ийм хатуу мах иддэг хүүхдүүд шүдний гажигтай болчихов гэтэл одооны орчин үеийн ээж нар хүүхдэдээ дандаа миксердээд зажлах юм юу ч үгүй болчихсон хоол өгдөг болсонтой шууд холбоотой гэж гарчээ. Бидний үед миксер блендер арай ч гараагүй түүгээр хүүхдийнхээ хоолыг зутан болгож өгдөг байгаагүй болохоор одоо 10-аад настай манай хүүхдийн үеийнхэн гайгүй бололтой. Түүнээс доош үеийнхэн, мөн одоо нялх нярай байгаа хүүхдүүдэд энэ эрүү шүдний гажиг маш их ажиглагдах болсон гэнэ. Нээрэн ч үнэн байх. Энэ тухай мэддэг болоод би хамаатны болон найз нөхдийн хүрээнд саяхан төрсөн бага балчир хүүхэдтэй ээж нараас хүүхдийнхээ бантан хоолыг яаж бэлдэж өгдөгийг асуухад голдуу хоолоо хийчихээд дараа нь идэхэд амар болгох гээд блендерт хийгээд зутан болгоод өгчихдөг гэж байна лээ. За ээж нар минь, тэгэж зутан болгож өгч болохгүй нь байна шүү. Бүр алимыг хүртэл миксердээд шууд зутан болгоод өгчихдөг болчихож, энэ хамгийн буруу гэнэ. Алимыг сайхан хальслаад бүтнээр өгөх ёстой. Хүүхдийн шүдэнд хамгийн сайн дасгал гэж байна. Хүүхдийн шүдээр нь зажлах ёстой юмыг нь зажлуулаад хазуулаад зулгаалгаад эрүүнийх нь булчинг сайн гээч нь ажиллуулж байвал том болоод ярайсан сайхан тэгшхэн шүдтэй хүүхэдтэй болох нь.

6 comments:

  1. Ёстой хэрэгтэй, гоё мэдээлэл бна. ФБ дээрээ хуваалцаж болох уу? Баярлалаа

    ReplyDelete
  2. dandaa heregtei medeelel ugch bdg shuu. ta ireed huuhduudee surguulid oruulah gej ih sudlaad bsn, odoo tanai 2 yamar surguulid yavj bgaa ve

    ReplyDelete
  3. Uur deeree hiisen biologiin turshiltiig huvaaltsahad suuliin jil hagas chiherleg zuilees 90-95% garsan. Tegsen am shud mash eruul ogt uvduh hunduurluh zuilgui bolson. Engiin amtat undaag jishee n 2-3 dahin shingelj sulhan chihertei bolgoj uuh bolson eruul mendiin shaardlagaar geh meteer shudniihee eruul mendiig davhar mash saijruulsan.

    ReplyDelete
  4. Баярлалаа. маш хэрэгтэй мэдээлэл байна. Хүүхэдтэй болохоороо миxсэр авахгүй ээ тэгвэл :)

    ReplyDelete
  5. баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна нүүрном дээрээ шэйрлэчихлээ

    ReplyDelete