Tuesday, September 16, 2014

Хөл нүцгэн хүүхэд

Японд очоод харсан нэг зүйл намайг их гайхшруулдаг байв. Ээж нар нь 0-1 насны нялх хүүхдүүдээ дандаа хөл нүцгэн авч явдаг байв. Зун бол яахав ойлгохсон, харин өвөл дээгүүрээ зузаан куртка өмсгөсөн мөртлөө доогуур нь нимгэн дан оймстой тэргэн дээр нь суулгачихсан эсвэл тэврээд явж байдаг байлаа. Хүүхэд нь хөлнөөсөө даараад ханиад томуу хүрээд хоолой ам нь өвдчихдөггүй юм байх даа гэж боддог байв. Манай хүү хүртэл япон цэцэрлэгт явдаг байхад авах гээд очиход дандаа хөл нүцгэн хүйтэн шалан дээр сууж байдаг байсан юм. Цэцэрлэгийнх нь бүх хүүхэд хөл нүцгэн, оймс ч байхгүй. Тэгээд би бушуухан хүүхдийнхээ зузаан оймсыг өмсгөөд доороосоо даарчихлаа, өдөржингөө ингэж хүйтэн шалан дээр хөл нүцгэн байсан юмуу гэж үглэж байгаад авч харьдаг байв. Манай хүн нэг удаа "Эд нар хүүхдээ дандаа хөл нүцгэн байлгах юм, нэг учиртай л байх даа" гэж байлаа.
Гэтэл хадам ээжтэй ярьж байтал яриан дундуур солонгос ээж нар бас хүүхдэдээ багад нь огт оймс гутал өмсгөдөггүй, хөл нүцгэн л тэвэрчихсэн явж байдаг гэж сонслоо. Бас манай хамаатны охин хүүхдэдээ ерөөсөө оймс өмсгөхгүй, зузаан хувцаслахгүй лагерь дээр тэврээд яваад байдаг байсан юм. Хүүхэд чинь даарчихлаа гэсэн чинь "Манай япон бэр эгч хөл нүцгэн өсгөөрэй гэсэн" гэж байна.
Ингээд энэ нэг л учир жанцантай болоод явчихаар нь сонирхоод судлаад байсан чинь Японд дээр үед ханиад хатгаа хоолойн өвчин буюу ангина маш их байж л дээ. Тэгээд хүүхдийн эмч нар цуглаад судалгаа хийж байгаад улс даяараа нэг зөвлөмж гаргасан байна. Тэр нь юу вэ гэхээр "Хүүхдийг төрснөөс нь хойш хөлийг нь зузаалж болохгүй. Хөл нүцгэн байлга. Тэгвэл хүүхэд чинь ханиад хүрэхгүй, хатгаа болохгүй, хоолой нь хэзээ ч өвдөхгүй" гэдэг болсон гэнэ. Учир нь нялх хүүхэд өөрийгөө дулаацуулах байгалийн чадвартай байдаг бөгөөд ялангуяа хөл нь их халуун илч ялгаруулж байдаг юм гэнэ. Түүнийг нь боож баглаад байхаар өөрийгөө хамгаалах дулаацуулах байгалийн чадвар нь буураад /өөрөөр хэлбэл дархлаа нь буураад/ элдэв өвчинд өртөмтгий, хоолой нь өвдөмтгий болчихдог юм байна. Ер нь нялх хүүхдийг нэг их зузаалах хэрэггүй байдаг юм гэнэ. Мэдээж өвлийн хүйтэнд нимгэн хувцастай авч яв гэсэн үг биш л дээ. Гэхдээ зуны орой, хавар намар гэх мэт үед бид чинь болж өгвөл хүүхдээ даарчихлаа гээд л хувцсыг нь барьж гүйгээд зузаалаад байдаг, тэр чинь буруу гэж байна шүү. Хүүхдийг өөрөөсөө нэг хувцсаар нимгэн хувцаслаж бай гэсэн.
Манай монголчууд ч гэсэн дээр үед зун хүүхдэдээ огт гутал өмсгөдөггүй, намар бүүр орой болтол гутал гаргаж өгөхгүй, даарсан хүүхдүүд үхрийн шээсэн газар дээр гишгэж хөлөө дулаацуулдаг байсан тухай ном зохиолоос зөндөө л уншиж эмээ өвөөгөөсөө сонсож байсан. Бас зун өглөөний шүүдэр дээр хүүхдээ алхуул тэгвэл хоолой нь  өвдөхөө болино гэж хүмүүс ярьцгаадаг /Ганц өглөө алхуулаад нэмэргүй байх л даа. Зунжингаа өглөө хүйтэн шүүдэр дээр хөл нүцгэн гүйгээд байх хэрэгтэй юм шиг байгаан/. Тэр чинь их учир жанцантай байжээ одоо бодоход.
Хүүхэд эрүүл өсгөх энэ энгийн хэрнээ маш хэрэгтэй аргыг одоо ямар ч япон эмэгтэй, япон ээж мэддэг юм байна. Тийм болохоор 0-1 насны бүх хүүхэд нь хөл нүцгэн байсан байна японд. Гэтэл би яав. Доороосоо даарчихна гэж 2 хүүхдээ зузаан оймс гутал байнга өмсгөдөг байсан, гэртээ хүртэл хүйтэн шалан дээр гишгэлээ гээд л байнга тавчик юмуу зузаан оймс өмсгөнө. Үр дүнд нь манай хоёрын хоолой аймаар өвддөг. Өвлийг бол ер нь 2-3 удаа хоолой нь өвдөж байж давна шүү дээ. Одоо тэгээд дээрх аргыг мэдсэнээс хойш гэртээ "Наад оймсоо тайлж хая. Хөл нүцгэн бай" гэж орилдог болсон. Аав нь паар ирээгүй гэрт хүйтэн байхад хүүхдүүд доороосоо даарчихна гэхээр нь битгий дэмий юм ярь, ингэж байж дархлаатай болно гэж загначихаад сууж байгаа. Дахиж хэрвээ хүүхэдтэй болвол ёстой хөл нүцгэн л өсгөе гэж бүр бат бодлоо.

8 comments:

  1. USA ch adilhan, nimgen huvtsaslaj, hol ni ulaichihsan l yavj bdgiin.

    ReplyDelete
  2. Harin tiim bn shuu. Bi ehnii huuhdee emee nariin zaavarchlagaagaar booj baglaj ugsutul hooloi ni uvddug bolson. 2 dahi huuhdee tursnuus ni ehleed hul nutsgen usguj bna. hooloi ni uvdduggui yum bna lee. Gadaa hul nutsgen huuhdee avch yavahaar humuus gaiah haraad zarim ni hul ni daarahgui yu geed bdag yum. Odoo iluu itgelteigeer hul nutsgen blgahaar medlegtei bolloo. Bayarlalaa.

    ReplyDelete
  3. Deer uyed neg nutagt Mongold neg emee ogt gutalgui yavdag uvliin huitend ch gutalgui yavdag ogt uvchin tusdaggui tiim emee baisan gedeg huutschuuliin yaria sanaand orov.

    ReplyDelete
  4. Huuhed hulnuusuu daarval uvdunu dulaal geel emee nar ni zagnaad bdiish dee. Tgd heterhii dulaalsan huuhed maani uvchlumtgii. Uvduhuur ni uruvduud bdagiin. Turshiltiin tuulai bolchihson yum shig.

    ReplyDelete
  5. Дараа хүүхэд гаргахаараа л хэрэгжүүлье дээ...

    ReplyDelete
  6. Bi bas haraad gaihaad baidag baisiin odoo l uchrii ni olloo.Bayarlalaa Naraa,goyo blogtoi hudulmurch busguid amjilt husie .
    Dahin dahin goyo bichleg oruulaarai
    Mandkhai

    ReplyDelete