Wednesday, June 18, 2014

Ойрын сонин сайхан

Ажил гээд гүйсээр байтал 2 хүүхдээ агаарт гаргах гэдэг том ажил хоцрох гээд байх юм. Зуны 3 сардаа л агаарт гарч уушгиа цэвэрлэж, өвлийнхөө хүчилтөрөгчийг нөөцөлж авахгүй бол тэр их утааны саруудыг давна гэдэг хэцүү шүү дээ.
Найрамдлын захиалгаас хоцорчихсон. Онлайнаар зардаг болчихсон юм байна. Нээгдээд 30 минут дотор л бүх ээлжийнх нь бүх эрхийн бичгүүд нь дуусчихсан гэж байна. Тэгээд бусад зуслангууд бол 70,000-100,000 төгрөгийн хооронд байдаг юм байна. Харин хувийн зуслангууд бол 250,000-380,000 хооронд байна. Англи хэлний, спортын, оюун ухааны яадаг яадаг гээд зуслангууд байна. Гэхдээ арай л үнэтэй юмаа. 2 хүүхэд тэгээд 500,000-760,000 төгрөгөөр явах юмуу даа. Ганц хүүхэд бол яая гэхсэн, 2-р үржүүлэхээр чанга болчихоод байна. Та нар мэддэг аятайхан зуслан байвал хэлээрэй.
Ойрд хамаатны найз нөхдийн гээд олон гэр бүлд шинэ хүн нэмэгдэж байнаа. Энд тэндгүй л бөөн нярай, нялх, дөнгөж сууж байгаа, мөлхөж байгаа, хөлд орж байгаа бэйбинүүд байна.

Monday, June 2, 2014

Эх үрсийн баярын мэнд!

Энэ жилийн эх үрсийн баяраар хотоос зугтаж лагерь бараадлаа. 2 хоног лагерь дээрээ сайхан байлаа. Нөхрийн хамаатнуудын 5 айлын 20 хүн байв уу яав. Олуулаа байх нэг сайхан юм нь олуулаа бужигнаад инээд хөөр, тоглоом наадам, баяр баясал ихтэй, харин нэг муу тал нь идэж уусан аяга таваг нь дийлдэхгүй юмаа. Сүүлдээ дэлгүүр давхиж очоод баахан нэг удаагийн аяга таваг авчирсан нь нүдээ олсон сонголт боллоо.
Нөхрийн үеэл дүү япон хүүхэнтэй суусан юм. Тэд нар жилд 2-3 удаа монголд ирдэг юм. Хамгийн сүүлд цагаан сараар уулзснаас хойш монгол хэл нь жигтэйхэн сайжирчихаж. "Чи одоо юу ч ярьсан ойлгох уу?" гэсэн чинь "Аанхан" гээд толгой дохисон чинь эмээ "Өө за, хажууд нь хамаагүй юм ярьж болохоо байчиж" гээд хүмүүсийг инээлгэв. Япон хүүхнүүд нээрэн атаархмаар сайхан туранхай шүү. Балетчин болохоор тэгээд тарган байх ямар ч нөхцөл байхгүй юм дөө. Би тэгсэн чинь өнгөрсөн намар японоос ирснээс хойш бараг 5 кг таргалж байна. Одоо нэг жингээ үздэг электрон жин авсан, чихэрлэг идэх юмаа багасгаж, өөх тостой хоол болгоомжтой идэж жингээ барихгүй бол энэ арай л дэндэж байнаа. Ямар сайндаа "Японд байхад юу ч идээд таргалдаггүй байлаа, Монголд юу ч идсэн таргалаад байна" гэж нөхөртөө гомдоллож байхав.
Өвс ногоо дэлгэрээд мод бут ногоороод нэг мэдсэн гэв гэнэт зун болчихжээ. 2-хон долоо хоногийн өмнө цас орж байсан гээд бод л доо.
Зуслан яг ийм байна лээ одоо. Хаашаа л харна нов ногоон, хичнээн сайхан.
Агаар магаар гэж ёстой сайхан байнаа зуслан дээр. Ямар сайндаа япон бэртэй айлын 1 ойтой хүүхэд нь ирэнгүүтээ бүтэн 12 цаг тасралтгүй унтахав. Шөнө бие засах гэж гарсан манай 2 дээшээ харснаа "Пөөх ийм их од байдаг билүү тэнгэрт чинь" гэж мэл гайхаад хэхэ. Аав нь од дуранддаг дуран авч өгье гэсэн.
Жил ирэх тусам хүүхдийн бэлгийн сонголт чихэр жимснээс зайлсхийдэг, ядаж 50%-д нь ямар нэг ном, тоглоом, харандаа будаг гэх мэт хэрэгтэй зүйл хийдэг болчихож. Ажлын газраас өгсөн бэлэг манай 2-т жигтэйхэн их таалагдсан. Хүүд болохоор харвадаг нум сум, охинд шавраар аяга сав суулга хийдэг тоглоом.
5 сарын сүүлийн 2 хоног халуун сайхан байснаа яг 6 сарын 1нд нилээн хүчтэй салхитай сэрүүхэн, оройдоо бүр жигтэйхэн хүйтэн бараг амнаас уур гарах шахуу эрс хүйтэрсэн. Хойноос нэг хүйтэн урсгал манай улсаар дайраад өнгөрсөн бололтой.
Та нар ч гэсэн сайхан баярласан биз дээ. Бүх хөөрхөн бүлтийсэн алаг үрсдээ мөн ээжүүдэд нь "Эх үрсийн баярын мэнд хүргэе!". Тэднийгээ баярлуулах гэж чадлаараа гүйж яваа аавуудад нь ч бас баярлалаа гэж хэлье. Манай хүн найзтайгаа утсаар ингэж ярьж байна шүү 6 сарын 1нд,
- За сайхан баярлуулж байна уу?
-Мэнд ээ, сайхан баярлуулж байна оо. Чи бас сайхан баярлуулж явна уу?