Tuesday, November 30, 2010

Траншейны таг

Өнөөдрийн сонин дээрээс нэг таагүй мэдээ уншаад. Хэлэх гэсэн хэл ээдрээд бичих гэсэн гар салгалаад. Үр хүүхэдтэй хүмүүст сануулахад хүүхдээ таггүй траншейны нүхэнд уначихваа гэж ёстой байдаг чадлаараа анхааруулаарай.  Энэ траншей яагаад таггүй байна вэ?
1-рт траншейнд амьдрагсад орж гарч байх гээд аваад хаячихдаг байх. Энэ ч ойлгомжтой.
2-рт тэр таг нь цул төмөр байдаг биз дээ. Түүнийг нь тушаах гээд аваад явчихдаг юм гэсэн. Тэгээд л таггүй болчихдог гэнээ. Тэгсэн чинь нэг ийм компани хаягдал хуванцар сав гялгар уутыг дахин боловсруулаад хашаа, хайс, траншейны таг, машин замны хурд сааруулагч, гудамжны сандал гээд хөөрхөн хөөрхөн юм хийчихсэн байх юм.
 Тэдний хийсэн траншейны таг

Monday, November 29, 2010

Монголын саятан

... нэвтрүүлэг үзээд өчигдөр орой. Нулимсаа гартал нь ч юу юм гэхдээ ойрд инээгээгүйгээрээ л инээлээ. Хөөрхий хөтлөгч Нямбаяр нь сүүлдээ аргаа ядаад "Одооны залуусын үздэг хардаг уншдаг сонсдог юм нь бидний үеэс өөрөө өөр, мэддэгүүд нь мундаг, мэддэггүйнүүд нь бүр ч мундаг" гэж билээ. 
Энэ нэвтрүүлгээр орж байгаа нь эрхбиш Монголын залуу үеийн төлөөлөл биш гэж найдая. Мэдлэгтэй боловсролтой мундаг сайхан залуус нь иймэрхүү нэвтрүүлэгт орж 50,000 төгрөг олох гэж нүдний булай болж суудаггүй гэж найдая. 
Нямбаярт хэлэхэд байгууллагаар нь оруулж байвал яасан юм бэ хө, тэгвэл чи ингэж хоосон толгойтнуудтай нервээ барж ганц асуултанд хариулуулах гэж аргаа барж суухгүй байлгүй дээ ядаж.  

Bowling тоглов

Амралтын өдрөөр ажлын хоёр хүнтэйгээ боулинг тоглоод оо. Ёстой нусаараа хожигдоод сэтгэл санаа гэж зүгээр л газраар гулслаа. Уг нь би өөрийгөө гайгүй тоглочихдог гэж боддог байсан юмаа хэхэ. Яагаад тэгэж бодов гэхээр урьд нь найзуудтайгаа ороход дандаа л би хождог байлаа. Ер нь гайгүй үедээ 100 давуулчихдаг л байлаа, гайтай үедээ 80-аас буудаггүй л байсан юм. Гэтэл сая яав. Ойрд тоглоогүй төсөөрчихсөн юмуу, урьд нь хамт тоглож байгаагүй хүмүүстэй тоглоод тэгэв үү бүү мэд ээ. Манай хоёр намайг их л мундаг тоглодог гэж бодсон юм шиг байгаан, тэгсэн нөгөөдөх нь ёстой хэмх хожигдохоор бүр инээд нь хүрээд байх шиг байна лээ хэхэ. Хөөрхийс "Зүгээр ээ, ийм өдөр байдаг шдээ" гээд л инээлдээд л хэхэхэ. 

Одоо бүр тэр өдрийг бодохоор л гол харлаад байх юм. Гэртээ ирээд бүр Белергамин гэнэ үү тайвшруулдаг эм ууж жаахан юм хум уншиж тв идэвхитэй үзэж энэ тэр өөрийгөө сатааруулах гэж оролдлоо. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр би тэр үед их л догдолсон ч юмуу сэтгэл санаагаа тайван байлгаж чадаагүй юм шиг байгаан. Гэхдээ хожигдлоо гээд шантрахгүй байна. Харин ч бүр боулингоор идэвхитэй хичээллэмээр санагдчихлаа. За яахав дээ, хүнд чинь хааяа одгүй өдөр гэж байдаг ш дээ тэр нь л болсон юм байлгүй дээ. Рүүни хүртэл ДАШТ-д тоглож чадахгүй л байсан биз дээ. Гээд л өөрийгөө тайвшруулаад сууж байна.

Thursday, November 25, 2010

Байгаль орчны төрийн бус байгууллагуудын зөвлөгөөн-2

Өчигдөр энэ зөвлөгөөнд ажил үүргийн шаардлагын дагуу очиж суулаа. Энэ жил 2 дахь нь болж байгаа юм. 2008 онд эхнийх нь болж байсан санагдана. Зөвлөгөөний нээлтэн дээр ерөнхийлөгч ирж бас Гансүх сайд, гишүүн асан Бакей нар илтгэл тавьж, индэр дээр тэд нараас гадна дархан аварга Бат-Эрдэнэ, халзан Да.Ганболд нар сууж байгаа харагдсан.

Profile-аа өөрчлөөд

Уг нь би өөрийн сонирхдог сэдэв болох environment-аараа юм бичиж байя гэж блог нээсэн юм л даа. Тэгсэн хүмүүсийн блогийг уншаад байхад их гоё юмаа. Өөрсдийн бодсон санаснаа, үзсэн харсан юмтайгаа бичихээр би бас тэгэж бичмээр санагдаад тэгээд хэсэг тиймэрхүү юм бичиж байгаад санамсаргүй профайлаа харсан чинь тэс өөр юм байдаг байна шд. Тэгэхээр нь ингээд өөрчилчихлөө. Одоо их өргөн сэдвээр юу хүссэнээ бичиж байхад санаа зоволтгүй боллоо гэж бодож байна.

Friday, November 19, 2010

Газар хөдлөлтөнд тэсвэргүй барилга

Энэ өнгөрсөн жилийн мэдээлэл шүү. Манай ажил дээр Онцгой Байдлын Газрынхан ирж газар хөдлөлт ба түүний үед авах арга хэмжээний сургалт зохион байгуулсан юм. Тэр үед л энэ мэдээлэл бид нарт тарсан.

Sunday, November 14, 2010

Сонин уншив

Ойрд амралтаа авчихсан гэртээ бүгчихсэн байгаа учир блогтоо шинэ бичлэг нэмэхгүй удлаа. Сая ажил дээгүүрээ хальт дайрч хэд хоног хуримтлагдсан сонингоо авчирлаа. Би зөвхөн Өдрийн сонин л уншдаг юмаа. Өөр ямар ч сонин уншдаггүй юм. Хүмүүс ямар мангар юм бэ гэж магадгүй, гэхдээ л би Өдрийн сонины улаан фен, тэгээд ч цор ганц үнэн юм бичдэг сонин гэж боддог юмаа. Аль ахлах ангид байхаасаа л тэртээ арван хэдэн жилийн өмнөөс л уншиж байна даа. Өдрийн сонинг уншихгүй болохоор нэг юм үгүйлэгдээд байдаг гэвэл хөгшин хүн шиг сонсогдох байхаа.
За тэр ч яахав, юу хэлэх гэсэн бэ гэвэл саяхны нэг дугаар дээр УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяраас Ерөнхийлөгчид нэг захиа илгээжээ. Юун тухай сүрхий захиа явуулсан юм бол доо гээд гүйлгээд харсан чинь ойлгосонгүй, тэгэхээр нь үг үсэггүй нэг бүрчлэн уншаад арай ч дээ энэ одоо тоглоод байгаа юм болов уу ч гэж бодов. Энэ эрхэм гишүүн маань төрийн их гал голомт тулга гээч юмыг төрийн ордон дотор асааж гал түлүүлмээр байна гэсэн байна. Эрт дээр үеэс их тулгар улсын гал голомт бадарч байсан, одоо тэрийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байнаа. Ёооё эрүүл ухаанаар бодоод үз дээ. Манай төрийн ордон дотор нэг томоо тулган дотор гал түлээд /за цахилгаан хиймэл гал байсан ч гэсэн/ гадна дотны хүмүүст манай их улсын гал голомт гээд үзүүлэх юмуу хаашаа юм бэ. Юун тэр 21-р зуун, юун тэр глобалчлал. 
Ер нь би энэ аль дээр үеийн мухар сүсэг бишрэлийн үйлдлүүдийг ойлгодоггүй юмаа. Жишээ нь тэр төрийн их тахилга ч гэлүү нэг уулын оройг Ерөнхийлөгчтэйгөө очоод л орилдоод баахан идээ будаа цацаад гал түлээд мах идэж архи уудаг үзэгдлийг ойлгодоггүй. Тэгэж их тахихгүй бол болохгүй юм бол тэр лам хувраг орон нутгийн иргэд нь л тахих зан үйлээ хийнэ биз дээ. Тэрэнд Ерөнхийлөгч нь хүртэл очоод оролцоод уриалаад явж байдаг. Яг л нөгөө Мандухай цэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин доор кинон дээр гардаг шиг л уулаа тахиад явж байсан одоо 21-р зуунд яаг адил. Одоо бас ордон дотор тулганд гал түлнэ ч гэх шиг. Нэртэйгээр нь манайхан 13-р зуунд хаан нь 40 шар үхэр хөллөсөн том тэрэгтэй гэрт амьдарч залардаг байсан юм, одоо тэгэх ёстой тэгнэ ч гэх юм байна л даа. Төрийн их хуур гээд нэг мангар том морин хуур хийгээд тавьчихсан. Тэр нь одоо миний бодлоор угсаатны зүйн музейд л байх ёстой юм шигээ.
Одоо чинь техник технологи дээд цэгтээ хүртэл хөгжиж байгаа 21-р зуун. Хуучны уламжлалт зан заншилаа хадгалалгүй л яахав. Гэхдээ бас бодмоор юмаа. Дэлхий асар хурдацтай глобалчлагдаж байна. Манай улс алийн болгон 13-р зууны юм ярьж явах юм бэ. Энэ Батбаяр гишүүн ийм юм сэтгэж байхын оронд газаар гэр хорооллын халаалтыг шийдээд утааг багасгахад нэмэр болох юм сэтгэж болдоггүй юм байх даа. Аль хуучны ямар ч ашиггүй, хэрэггүй юм ухаж төнхөөд сэргээж мандуулаад байхын оронд эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг сонирхож амьдралд тустай ашигтай бүтээлийг нэвтрүүлж эсвэл улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах шинжлэх ухааны бүтээл сонирхож болдоггүй юм байх даа.
За жаахан нервтэв...
  

Sunday, November 7, 2010

Хэдэн кино үзэв

Ойрд амралтаа авсан дээрээ хэдэн кино үзлээ. Тэгээд сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. Эхлээд Resident Evil - 2 үзлээ. Би чинь тэр 3D гэдэг юмыг чинь анх Тэнгист Шрек үзэж л мэдэрсэн хүн шүү дээ. Хүүхэлдэйн кино болохоор тийм ч онц сэтгэгдэл төрүүлээгүй, бас Тэнгисийн тэр нүдний шил нь аймаар хүнд, муу хамрыг минь дарж өвтгөөд байсан. Харин ийм киног 3D-гээр үзсэн чинь ёстой ид шидийг нь мэдэрдэг байна ш дээ. Бас Өргөөгийн шил нь хөнгөхөн юм билээ.
За дараа нь Тэнгист Татар ажиллагаа үзлээ. Их хөөрхөн юмаа. Зохиол нь зураг авалт нь жүжигчдийн жүжиглэлт эд нар нь бүгд их дажгүй байсан шүү.
Дараа нь Помогите нам-2 үзсэн. Энэ харин жаахан бизнес талын кино болчихсон юм шиг санагдсан шүү. Уг нь 1-р анги нь их хөөрхөн байсан юм. Тэрийг нь хүмүүс их үзсэн болохоор 2-ыг нь хийе гэж шийдсэн юмуу даа.